Ургац хураалтын ажил есдүгээр сарын 15-наас буюу сар хүрэхгүй хугацааны дараа эхлэх гэж байна. Ургац хураалтад ажиллах хүч, энэ жилийн ургац хураалтын урьдчилсан тооцоолол болон бусад асуудлын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодрууллаа.
-Ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
-Энэ жил Монгол Улс нийт 616,000 га-д тариалалт хийсэн байгаа. Үүнээс 385,000 га нь улаан буудай. Ургац хураалтын бэлтгэл ажил хангагдаад явж байна. Одоогийн байдлаар ОХУ болон бусад улсаас 50 гаруй компани ургац хураах техник орж ирж байна. Эдгээр техникүүд нь гааль, НӨАТ-аас чөлөөлөгдсөн. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ургац хураалтын түлшний дэмжлэг олгогдож байна. Тарианы болц 70 гаруй хувь нь аарцан болцондоо орж байна. 30 орчим хувь нь аарцан болц руугаа шилжиж байна. Есдүгээр сарын 15-наас ургац хураалтын ажил эхлээд жигдрээд явна. Ургац хураалтын бэлтгэл ажил, техникийн бэлэн байдал, ажиллах хүчний бэлэн байдал аж ахуй нэгжүүдээсээ захиалга аваад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн бирж, холбогдох сургуулиуд руу ААН-үүдийн холбогдох мэдээлэл, утасны дугаарыг хүргүүлэхээр ажиллаж байна.
-Энэ жил эрт цас орох мэдээлэл гарч байна. Энэ нь ургац хураалтад нөлөөлөх үү?
-Энэ жил өмнөх жилүүдийнхээс тодорхой хэмжээгээр хүйтэн байгаа. Ийм учраас болц 10 орчим хоногоор хойшилж байна. Энэ хагас, бүтэнсайд орох хур тунадас Алтай, хангайн уулархаг нутгуудаар орно гэсэн мэдээллийг авсан. Тариаланчид хяруу, хур тундсаас хамгаалж утаа, май тавих бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байна.
-Хэдий хэмжээний улаан буудай хураах төлөвтэй байна вэ. Дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой юу?
-385,000 га-аас 470,000 тонн орчим улаан буудай хураана. Манай улсын дотоодын хэрэгцээ нь 300,000 гаруй тонн орчим байдаг. Тиймээс дотоодын гурилны хэрэгцээг 100 хувь хангах боломжтой.
-Ургац хураалтад ажиллах хүчийг бүртгэх ажил ямар шатандаа яваа вэ?
-Орон нутгаар дамжуулан ААН-үүдээрээ ажиллах хүчний захиалга, холбогдох дугаарыг нь аваад нэгтгэсэн байгаа. Засгийн газрын тогтоолын дагуу БШУЯ, ХЗДХЯ-ны харьяа сургуулиуд болон цэргийн ангийн цэргүүдийг ургац хураалтад ажиллуулна.
-Хил дээр бордоо болон техник хэрэгслийн гацалт үүссэн. Эдгээр техник хэрэгслүүдийг түргэн хугацаанд оруулж ирэх боломж бий юу?
-Урд хил дээр гацалт үүссэн асуудал байгаа. Трактор, холбогдох иж бүрдлүүд, хадлангийн техник хэрэгсэл зэрэг дараалалдаа хүлээгдэж байна. Бид энэ талаар холбогдох байгууллагуудад хүсэлт тавиад яаралтай ургац хураалт, хадлангаас өмнө оруулж ирэхээр ажиллаж байна.
-Хэчнээн хүн ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
-Аймаг, орон нутгаас урьдчилсан байдлаар 8000 гаруй захиалга ирсэн. Энэ нь тодорхой хэмжээнд нэмэгдэх тооцоолол бий. Бид захиалгыг Хөдөө аж ахуйн их сургууль, Хууль зүйн их сургуульд хүргүүлнэ.
-Салбарын сайд тээвэрлэлтийн буюу замын асуудлын талаар сануулж байсан. Энэ талаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Ургац хураалтын тээврийн зам засварын урьдчилсан захиалгыг Зам, тээврийн яамд хүргүүлсэн. ЗТЯ-нд ургац хураалттай холбоотой зам засварын төсөв бий. Энэхүү төсвөөрөө зам засварын ажил хийнэ. Тээвэрлэлтийн хувьд хөдөө аж ахуйг дэмжих сан дээр сонгон шалгаруулалт хийгээд харьяа байгууллагуудад үүрэг өгсөн байгаа.
Б.Амарбаясгалан