Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга Сонгинохайрханы нөхөн сонгуульд БИЕ ДААЖ нэр дэвшихээр төлөвлөж буй сурагтай

Ангилал
Улс төр Visual toim
Огноо
Унших
6 минут 52 секунд

Энэ намрын улс төр нөхөн сонгуулийн үеэр тултал "донсолно". Сонгуульд аль Ардчилсан нам хэнийг нэр дэвшүүлэхээс эхлээд сонгуулийн марафон эхэлж, өвөл дуустал үргэлжлэх нь ойлгомжтой. Үүнийг улам бүр дэврээж, "амттай" болгохоор Ерөнхийлөгч асан Х.Баттулга бэлдэж буй. Бид өмнө нь түүнийг нөхөн сонгуульд дэвших талаар бичиж байсан. Тэгвэл мань эр энэ удаад төлөвлөгөөгөө бага зэрэг өөрчилж байгаад хүч үзэхээр шийдсэн сурагтай.

Бүрэн эрхээ сэргээлгэх хүслээс нь илүүтэй ойртож буй шаардлага нь түүнийг хамгийн их хурцалж буй нь тодорхой. Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн хугацаанд Ардчилсан намыг “авах” гэж нэлээд үзсэн ч нөгөө талд нь Ц.Элбэгдорж тэргүүтэй эсэргүүцэгчид чангаасаар АН-ын асуудал өнөөдөр өөх ч биш, булчирхай ч биш болсон. Үүнийх нь гороор Ардчилсан нам хоёр хуваагдаж, гишүүд дэмжигчид нь аль намаа дэмжихээ ч ойлгохоо болив.

Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга энэ удаагийн нөхөн сонгуулийн Сонгинохайрханы тойрогт АН-аас дэвших тактикаа өөрчилж, бэлтгэл ажлаа хангахыг хүмүүстээ ЧИГЛЭЛ болгожээ. Өөрөөр хэлбэл, ноён Женко энэ удаад Ардчилсан намын нэр дээрээс босч “барилдахгүй” бөгөөд бие дааж нэр дэвшихээр судалгаа, тохироогоо хийж яваа аж. Экс Ерөнхийлөгч Сонгинохайрханыг бие дааж зорих болсонд нь дараах хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн гэхэд болно.

Нэг, Дөнгөж саяхан Ерөнхийлөгч байсан хүн хоорондоо "зодолдож" буй хоёр Ардчилсан намын аль нэг талд шууд орох нь харагдах өнцгөөсөө тохиромжгүй. Улс төрийн өнцгөөсөө ч дэмжлэггүй. Ер нь шулуухан хэлэхэд нийслэлийн хэмжээнд Ардчилсан намын нэр хүнд үнэндээ хэцүү байгаа. Хатуу ч гэсэн энэ үнэнтэй С.Эрдэнээ л ганцаараа маргах байх. Дээр нь Женкогийн багийнхан судалгаа хийж үзэхэд мань хүний рейтинг маш өндөр гарсан тул намтай, намгүй сонгуульд ялах бүрэн боломжтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, хувь улстөрчийнх нь байгалийн өгөгдөл, Ерөнхийлөгчөөс буусан цагаас нь хойшх эрх баригчдын анхиагүй байдал зэрэг нь түүний рейтингийг өндрөөр гаргахад нөлөөлөв бололтой. Өнгөрсөн сард MEC судалгааны байгууллагаас гаргадаг судалгаагаар Х.Баттулгын рейтинг Ерөнхийлөгчөөс буусан сард нь 7 функт хүрч өссөн. Мөн таалагддаг улстөрчийн ангилалд Х.Баттулга гуравдугаар байрт орсон байсан. Энэ нь түүнийг 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүчтэй үеийнх нь рейтингтэй бараг мөргөлдөж буй юм. Тиймээс Х.Баттулга нөхөн сонгуульд Сонгинохайрханд хэнтэй ч өрсөлдөхөд бэлэн гэсэн үг юм. Товчоор бол түүнийг дийлэх хүн халхын хавтгайд гарахгүй бололтой.

Хоёр, түүнд масс дэмжлэгээс гадна Сонгинохайрханд хүний, өөрийнгүй маш сайн суурь бий. МоАХ, Х.Баттулга талдаа бат зогсож ирсэн Л.Эрдэнэчимэгээс эхлээд Сонгинохайрханы АН дээр суурь хүч хадгалагдаж буй. Гэхдээ Сонгинохайрхан дүүрэг сүүлийн хоёр сонгуулийн турш “улаанаараа” эргэсэн гэдгийг мартаж болохгүй. Хотын дарга Д.Сумъяабазарын Сонгинохайрханд хэрэгжүүлсэн бодлого, “базалт” амжилттай болсон бөгөөд энэ хэрээрээ дүүрэг нь АН-ын үеэс хавь илүү болсон. Энэ цаг үед АН гэхээс илүү Ардын намын суурь, хүч нөлөө Сонгинохайрханд илүү хүчтэй байгаа. Тиймээс Х.Баттулга бие дааж нэр дэвшсэн тохиолдолд түүний хуурай дүү Асашёрюү Д.Дагвадорж болон Д.Сумъяабазар талынхан битүүхэн дэмжих байх. Ил цагаан дэмждэггүй юм аа, гэхэд доромжлохгүй бас дайрахгүй нь ойлгомжтой. Сонгинохайрханыхан ил гарч, илт намынхаа эсрэг ажиллахгүй ч гэсэн бие даагч Х.Баттулгатай биш АН-аас нэр дэвшигч нэгэнтэй “зодолдоод” байхад л “ахдаа” тусалж байгаа хэрэг болно. Хэрвээ Х.Баттулга АН-аас нэр дэвшээд Ардын намтай шууд тулбал Асагаас өөр түүнийг дэмжих хүн ховордоно. Тиймээс бие даах нь аль ч талаасаа Х.Баттулгад ашигтай хувилбар. Ер нь нэр хүнд нь шалаар нэг "хэвтэж" буй АН-аас нэр дэвшиж өөрийгөө өөд нь татахаас гадна АН-ыг өөд нь татах гэж зовж сууснаас хувь рейтингдээ найдах нь зөв.

Гурав, эдгээрээс гадна Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд бол гэр хороолол түлхүү суурьшсан, биднйи нэрлэж заншснаар "масс" ихтэй дүүргүүд. Хувь рейтинг, популист үзэл суртлаараа массын дэмжлэгийг татдаг Ж.Батзандан, С.Жавхлан зэрэг улстөрчид зүгээр ч нэг эдгээр дүүргүүдийг онцолж онилоод байдаггүй. Мань хүнийг дэмждэг массын яг гол цөмийг бүрдүүлдэг чухал сегментийнхэн Сонгинод байгаа гэхэд хилсдэхгүй.

Ийнхүү Ерөнхийлөгч асан Х.Баттулга лидер улстөрчөөр цангаад буй хоёр хуваагдсан АН-ынханы санал, нам хэрэггүй гэж үздэг залуучуудын дэмжлэг болон Аса болон Д.Сумъяабазар тэргүүтнүүдийн “сумгүй бууны” өөдөөс бие даагчийн дүрээр өрсөлдөж, гишүүн болохоор төлөвлөж суугаа бололтой.

Хэрвээ Х.Баттулга Сонгинохайрханд бие дааж нэр дэвшээд, улмаар ялалт байгуулаад УИХ-д ороод ирвэл тэр цагт улс төр жинхэнээсээ эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулиас “сугарч” үлдсэн ганц зорилго нь АН-ыг “авах”. Цаашлаад 2024 оны сонгууль хүртэл тултал улс төр хийж, Ардын намыг шороотой хутгах. Эцэст нь баатарын дүрээр 2024 оны сонгуульд намаа хөтөлсөөр ялалт байгуулж, өөрөө Ерөнхий сайд болох бадрангуй "Барбарос төлөвлөгөөгөө" зурж суугаа нь дамжиггүй. Хариуд нь харин Ардын намынхан Х.Баттулгын замд саад учруулах зорилгоор Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдорж, генерал С.Ганбат тэргүүтэй түүний "хүмүүс"-ийг "оролдож" эхлээд байна.

Г.Лхагвадорж

Улаанбаатарт 21 хэм дулаан байна
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.