Парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа АН-ынхан хоёр хуваагдаж, өдгөө ч тамга, тэмдэгний маргаандаа цэг тавьж чадаагүй байгаа билээ.Тэдний тамга, тэмдгээ булаалдсан хэрүүл нь Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээх хамгийн том шалтгаан болсон.
Учир нь, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нийт сонгогчдын битгий хэл намын гишүүдийнхээ ч бүрэн дэмжлэгийг авч чадаагүй байдаг. Харин эрх баригч намаас нэр дэвшиж, хоёр өрсөлдөгчөө ялж, Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнээр тодорсон У.Хүрэлсүх бүрэн эрхээ хэрэгжүүлээд долоо ч хоноогүй байна.
Тэгвэл шинэхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр бараалхаж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Ингэхдээ хадаг, сүү барьж очсон нь "бидон" Д.Ганбатын сөрөг дүр болж, цахим орчинд хөг нэмж эхэллээ.
Анх УИХ-ын 2012 оны сонгуульд тойрогтоо ялалт байгуулж парламентын гишүүн болж байсан Д.Ганбат 2016 оны сонгуулийг өнжсөн билээ. Харин өнгөрсөн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж, парламентын гишүүнээр хоёр дахиа сонгогдон ажиллаж байна. Хоёр дахь удаагаа сонгогдсон нь түүнд давуу тал болж намын бүлгээ зангидах хүндтэй үүргийг давхар хүлээсэн юм.
Тэрбээр Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нам дотроо өрсөлдсөн ч дэмжлэг аваагүй. Хамгийн гол нь, мань эр нам нь хоёр хуваагдаж, хоёр талд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сунгаа зохион байгуулж байхад Д.Ганбат хоёуланд нь бүртгүүлсэн. Үүнийгээ ч баталж тэр Ц.Тувааны талын АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх авсан Н.Алтанхуягийг төв талбайд өлсгөлөн зарлаж байхад түүнийг дэмжиж, хамт өлсгөлөн зарлаж байв. Дараа нь С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авч, сонгуульт ажлынхаа нээлтийг хийж байхад нь хамт байж, бүлгийн даргын хувьд үг хэлж, гишүүд дэмжигчдээ ч уриалж явсан байдаг.
Харин энэ удаад тэрбээр өрсөлдөгч намаас нь тодорсон шинэхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хадаг, сүүтэй очиж, дэмжиж бас хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Өнгөрсөн 30 жилийн турш АН ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, шударга ёс, тэгш эрхийг бэхжүүлэх, хамгаалахын төлөө ажиллаж ирсэн. Цаашид ч үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх тул Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэхүү үнэт зүйлийн төлөө дэмжин хамтран ажиллахыг хүслээ. Түүнчлэн цар тахлын энэ цаг үеийг эв нэгдэлтэй байж давж гарна гэдгийг онцолжээ.