Өнөөдөр /2020.03.08/ Улсын онцгой комисс хуралдаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга Ө.Энхтүвшин "Коронавируст халдварын нөхцөл байдал амаргүй хэвээр байна. Өнөөдрийн байдлаар халдвар 99 улсад тархсан байна. Өвчилсөн хүний тоо улам бүр нэмэгдсээр байна. Иймд бидэнд өчүүхэн ч тайвшрах шалтгаан байхгүй. Улам чамбай, сонор сэрэмжтэй ажиллах шаардлага тулгарч байна. Иргэдийг гадны орон руу зорчих ажлаа түр хойшлуулаач гэж хүсмээр байна. Халдвар гараагүй байлаа ч гадны орон руу зорчих нь өндөр эрсдлийг дагуулж байна. Гадаад руу яваад ирсэн бол өөрсдийгөө гэртээ 14 хоног тусгаарлах зайлшгүй шаардлагатайг үүгээр анхааруулж байна” гэв.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл авч буй арга хэмжээ болоод гаргасан шийдвэрийн талаар "ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гэбрэсиум, нэг ч улс орон вирусийн халдвар гарахгүй гэж бодож болохгүй. Ингэж бодвол ноцтой алдаа болно. Үүний оронд хавьтал нэг бүрийг мөрдөж, нарийн тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах хэрэгтэй гэдэг зөвлөмжийг хүргүүлж буй. Манай улс энэ зөвлөмжийг сайтар мөрдөн ажиллахыг хичээж байна. Энэ удаагийн УОК-ын хуралдаанаар сэжигтэй шинж тэмдэг бүхий иргэдийг тусгаарлах тухай журмыг нарийвчлан боловсруулах үүргийн ЭМЯ-нд өглөө. Тусгаарлах үйл ажиллагаанд холбогдох хөрөнгө, мөнгөний зардлыг нарийн тооцож, УОК-оор хэлэлцүүлэх болно. Оношлууртай холбоотой асуудлаар БНСУ, Японтой ажиллаж байна. Манай улсын иргэд онцын шаардлагагүй бол аль ч улс оронд зорчихгүй байхыг иргэддээ уриалахыг хүсэж байна" хэмээв.
Зам, тээврийн сайд Б.Энх-Амгалан "Монгол-БНСУ, Монгол-Япон, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг гуравдугаар сарын 28-ны хүртэл сунгахаар боллоо. Европ чиглэлийн нислэг буюу Турк, Москва чиглэлийн нислэгт онцгой анхаарч, тархалт өндөртэй улсаас ирж буй иргэдэд онцгой анхаарахаар боллоо. Нүүрс, газрын тосны экспортын асуудлаар дахин мэдээлэл өгнө" гэв.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан "Вирусийн тархалт хэзээ дуусахыг таамаглаж мэдэхгүй тул маш хянамгай ажиллаж хэрэгтэй байна. Манай улс дор хаяж 3-4 сарын хугацаанд дотоодын хүнсний хэрэгцээгээ залгуулах нөхцөл байдал үүсээд байна. Иймд хүнсний бэлэн байдлын нөөцтэй байх хэрэгтэй гэдэг сургамжийг авлаа. Хүнсний нөөц бүрдүүлэх чиглэлд ажиллаж эхэлнэ.
Одоогоор махны 12 мянган тонн нөөц байна. Мах бэлтгэн нийлүүлэх 60 гаруй аж ахуйн нэгж 12 мянган тонн махыг экспортлохоор бэлдсэн байсан нь чанарын шаардлага хангаагүй тул дотоодын зах зээлд борлуулахаар болсон. Гурилны хувьд, бүтэн нэг жил гурил үйлдвэрлэх улаан буудай хурааж авсан. Иймд гурилны хомсдол үүснэ гэж айх шаардлагагүй. 100 мянган тонн улаан буудайг импортлож, нөөц бүрдүүлнэ. Энэ нь 60 мянган тонн гурил болох бөгөөд, нэг улирлын нөөцийг хангана.
Харин цагаан будаа, ургамлын тос гэх мэт улсын нөөцгүй, дотоодоос хангах боломжгүй бүтээгдэхүүнүүдийн импортыг нэмэх, дэмжих чиглэлд ажиллана. Зургаадугаар сарын 30-ныг хүртэл ийм хүнсний бүтээгдэхүүнүүдийг импортын татвараас чөлөөлөх хууль өргөн барьсан. Энэ асуудал шийдэгдтэл холбогдох татварыг хоёр сараар хойшлуулна. Тиймээс ард иргэд зохиомлоор хэрэглээ үүсгэж хүнс нөөцлөх, үнийн хөөрөгдөл үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй байна” гэв.
Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллагын ирүүлсэн хандив 1 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ цугларсан хандивийн мөнгийг ажилчид, алба хаагчдын тусгай хамгаалалтын хувцас хэрэглэл, шаардлагатай бүтээгдэхүүн авах төдийгүй илүү цагийн хөлс болгон зарцуулахаар болоод байна" гэлээ.