Манай улс хүн амаа бүрэн вакцинжуулах ажлыг эрчимжүүлж буй. Дэлхий нийтэд вакцины гурав дах тунгийн судалгаа хийгдэж байгааг албаныхан мэдээлсэн. Тэгвэл манай улсын вакцины нөөц болон гурав дах тун зэргийн талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Монгол улсад 60 мянган тун "Спутник" вакцин орж ирсэн. Үүнээс эхний арван мянган хүний давтан тунг хийсэн. Одоо 50 мянган иргэний хоёр дах тун хүлээгдэж байна. Үйлдвэрлэгчийн зүгээс урьдчилсан байдлаар зургадугаар сардаа багтан нийлүүлэх тухай мэдээг авсан. Тиймээс вакцин ирмэгц иргэдээ давтан тунд хамруулна.
Зорилтот бүлгийн 18 ба түүнээс дээш насны хоёр сая 67 мянган хүний 92 хувь нь вакцины эхний тунд, 82 хувь нь вазцины хоёр дах тунд хамрагдсан байна. Зургадугаар сарын 21-ны байдлаар Монгол улс нийт 4,833,400 тун вакциныг хүлээн авсан. Одоогоор ХӨСҮТ 800-аад мянган тун вакцин байна. Дархлаажуулах үйл ажиллагаа эхэлснээс хойш вакцины тасалдал үүсээгүй. Богино хугацаанд тасалдал нь вакцины өөрийнх нь өгч байсан зөвлөмжийн интервал дотор байсан. Вакцин тасалдсанаас болж халдвар нэмэгдсэн зүйл байхгүй. Дэлхий дахинд гурав дах тунгийн талаар судалж байна. Гурав дах тун буюу дархлаа сэргээх тунг дэлхийн улс орнууд зөвлөөд эхэлсэн. Гэхдээ 6-12 сарын дараа хийх судалгаанууд гараад эхэлсэн. Уг зөвлөмжүүд тодорхой болох үед манай улс ч ялгаагүй вакцин хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа гурав дах тунг хийхээр төлөвлөж байгаа.
Ихэнх судалгааны үр дүнг харахад зургаан сарын дараа дархлаа сэргээх тунг хийх зөвлөмжтэй байна. Учир нь вакцин хийлгэснээс зургаан сарын дараа таны дархлаа буурах магадлалтай. Тэр үед дархлаа сэргээх тунг хийснээр дархлаа нэмэгдэж, таныг хамгаална гэсэн үг.
Олон улсад гурав дах тунг хийхэд вакциныг хольж болох туршилтыг хийж эхнээсээ үр дүн гарч эхэлсэн байна. ДЭМБ-ын мэдээнд дурьдсанаар "Файзер" вакцины хоёр тунд хийлгэсэн хүнд "Астра зенека", "Астра зенека" вакцины хоёр тунг хийлгэсэн хүн "Файзер" болон бусад вакциныг хийх судалгаа үргэлжилж байгаа" гэсэн юм.