Цаашид хилийн торыг чөлөөлж гарц гаргах ажлыг Увс аймгийн хилийн дагуу зарим газарт хийхээр төлөвлөж байна. Эх сурвалж: WWF
Алтай Соёны бүс нутаг дахь Увс аймгийн Сагил сумын Цагаан гол орчмын хилийн бүсийн гурван хэсэгт аргаль хонины сүрэг цөөнгүй удаа хилийн торыг унагаж шилжилт хөдөлгөөн хийж байгааг Хилийн цэргийнхэн тогтоожээ. Үүнтэй холбогдуулан Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр тус аймгийн БОАЖГ, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн ангитай хамтран хилийн өргөст торыг зарим хэсэгт чөлөөлж, гарц гаргах ажлыг 2020 оны хоёрдугаар сард хийжээ.
Ингэснээр ОХУ-ын Тува улс, Увс аймгийн нутагт амьдардаг зэрлэг амьтад болон аргаль хонины сүрэг хил дамжин чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийх төдийгүй өргөст торонд орооцолдож шархдах, үрэгдэхгүй байх боломж бүрдэж байна. Мөн эдгээр цэгүүдэд автомат камер байршуулсан нь аргаль хонь, бусад зэрлэг амьтад хил дамнан шилжилт хөдөлгөөн хийж байгаа эсэхийг тогтоох, тогтмол хяналт тавих боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн гарцуудын ойролцоо зэрлэг амьтдад зориулж давс хужир, өвс тавьж биотехникийн арга хэмжээ авлаа. Цаашид хилийн торыг чөлөөлж гарц гаргах ажлыг Увс аймгийн хилийн дагуу зарим газарт хийхээр төлөвлөж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар аргаль хонины шилжилт хөдөлгөөнийг 2007 оноос эхлэн судалж байгаа бөгөөд 2012 онд Хил хамгаалах ерөнхий газартай хамтран хилийн дагуу долоон хэсэгт нийтдээ 11 км газарт өргөст торыг чөлөөлж байсан юм.
Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Хил хамгаалах ерөнхий газартай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа ажээ. Энэ хүрээнд улсын хил, түүний орчмын нутаг дэвсгэрт зэрлэг амьтдын судалгаа, мониторингийг хамтран хийх, амьтдын амьдрах орчныг хамгаалах, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: WWF