Нарийн царигаар танк оруулж Монголыг эзэлнэ, Монголын нүүрсгүй л бол Хятадууд хатаж үхнэ гэж ярих хүн цөөнгүй. Жирийн иргэд битгий хэл төр жолоодож яваа зарим улс төрчид хүртэл ийм гэнэн хөнгөн ойлголттой байх нь бий. Гэтэл угтаа Хятадууд биднийг огт тоодоггүй. Зарим нь бараг Монгол гэж улс байгаа үгүйг ч мэдэхгүй. Тэд БНХАУ-аа байгуулсныхаа 100 жилийн ойгоор хүн төрөлхтний хөгжлийн оргилоос мэндчилэхээр юун бидэнтэй манатай байна. Хятад улс дангаараа европ тивийн 50 улсыг нийлүүлснээс хоёр дахин их хүн амтай. Хотжилт оргил үедээ явж байгаа Хятадын зах зээлд бид уул уурхайн бүтээгдэхүүнээр амжилт олох боломж асар их. Гэвч энэ тухай бичвэл бууны нохой болоод хувирна. Оростой уул уурхайн хувьд өрсөлдөгч гэдгийг сануулбал бүр хятадын эрлийз болж дуусна. Ингэхэд үнэхээр Хятадууд биднийг эзлэх гээд байна уу? Хятадын хувьд бид ач холбогдолтой орон одоохондоо мөн үү? Гэдэг сэдвээр түүх, баримт түшиглэн зарим бодлоо бичье гэж бодлоо.
Хар хайрцагны бодлого
АНУ-ын тагнуулын мэргэжилтэн, Харвардын ИС-ын судлаач М.Пилсбюри “Зуун жилийн марафон” бүтээлдээ Хятадын стратегийн гол цөм нь “shi” юм гээд үүнийг маш энгийнээр тайлбарлавал “Том Сойэр найзуудаа илбэдэн хашаагаа будуулдаг дүр зураг”... гол онцлог нь “wu wei” буюу бусад улс орнуудаар өөрт ашигтай зүйл хийлгэх гэжээ.
Өөр нэг эрдэмтэн болох Жозеф М.Най “Зөөлөн хүчний бодлого” гэх алдарт бүтээлээ туурвиж дэлхий даяар Хятадын тэлэх бодлогыг үүнтэй холбон тайлбарлах болсон. Аливаа зүйлийг хөдлөшгүй тодорхойлох гэж оролддог барууны арга барилаар Даосизмийг тайлбарлана гэдэг төвөгтэй. Өдгөө өрнийн Хятад судлаачид “shi”-гийн талаар судалж янз бүрээр тайлбарлах ч тогтсон ойлголтонд хүрэх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Учир нь “shi” нь байнга хувьсан өөрчлөгдөж, дайсандаа танигдахгүй байхын тулд гаргаж ирсэн нэр томьёо. Харин эртнээс хятадтай зэрэгцэн оршиж ирсэн нүүдэлчдийн хувьд Даосизм эртний танил бөгөөд “Shi”-гийн эсрэг сөргүүлж тавьсан өөрсдийн “shi” тэй байлаа. Үүнийгээ хар хайрцагны бодлого гэж нэрлэнэ.
Нүүдэлчдийн “shi” нь оршин тогтнохуйн мөнхийн хэрэгцээнээс үүсэлтэй. Хятадууд өөрсдийгөө төв үндэстэн харин Монгол, Зүрчдийг хамруулаад умарын ху нар гэсэн дагалдах жижиг үндэстэнд тооцдог. Жижиг үндэстэн соёл, ахуйн холбоогоор төв үндэстнээ дагах ба дэлхий дахиныг төв үндэстэн захирдаг гэсэн тэдний ойлголт бол нэн эртнийх. Харин Монголчууд тэднээс тэс өөр бодолтой бөгөөд Хятадын соёл, ахуйг дагах огтхон ч хүсэлгүй. Чийгтэй байшинд шигдэж, тутарга тарьж амьдрахыг тэвчихгүй. Тал нутагтаа малаа адгуулж тааваараа амьдрахыг хорвоогийн хамгийн жаргалтай амьдрал гэж үзнэ.
Ийм хэрэгцээнээс бий болсон Монголын төрийн хар хайрцагны бодлого нь Хятадаас ондооших соёл, ахуйн хувьд тусгаар байхад чиглэгдсэн хувьсан өөрчлөгдөж ирсэн мэдрэмтгий бодлого юм. Гэхдээ Монголчууд байгаа соёлоо хав дараад өөрчлөлтийг түлхдэг үндэтсэн бас биш. Хаяанд байгаа Хятадын соёлоос татгалзах хэрнээ алгасаад Санскрид \Энэтхэг\ Төвдөөс шашин шүтлэг, ном зохиол, Арабаас уйгуржин бичгийг нутагшуулсан байх жишээтэй. Хамгийн сүүлийн жишээ нь Оросоос Крилл үсгийг нэвтрүүлсэн явдал. Хаа байсан эртний Грекээс гаралтай слав үсэг дорнын оронд нутагшсан тохиолдол ганцхан л байгаа болов уу. Бидний дунд тариачин иргэншилд дайсагнасан үг хэллэг, ойлголт эртнээс түгээмэл. Туниа муутай нэгнээ “Будааны хүүхэд” “ногооны гол” гэнэ. Муу санаатай нэгнээ “Хужаа шиг” гэж цоллоно. Энэ мэт хар хайрцагны бодлоготой явж ирсний үйл баримт маш олон. Гэхдээ хар хайрцагны бодлогыг яг ийм зүйл гээд тодорхойлоод хэлэх хэцүү.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн тамгагүй төр жүжгийн зохиолдоо “Төрийн түмэн үнэнийг хаантай нь хамт булшлавч тэр үнэнийг дараагийн хаан амандаа балгаж төрдөг юм” гэж төрийн бодлогын залгамж чанарын тухай уран тод дүрсэлсэн нь бий. Ер нь нүүдэлчдийн оюун санааны өв нь аман зохиол хэлбэрээр үе дамждаг хаана ч байхгүй өвөрмөц онцлогтой. Гэтэл хар хайрцагны бодлогоо бичиж батлаад өвлүүлээд явах ухааны юм сүүлийн үед их ярих боллоо. Үнэхээр бичээд гаргасан нь үнэн бололтой байдаг.
Тодруулбал ерөнхийлөгч П.Очирбат 4 хуудастай төрийн хар хайрцагны бодлого гээч юмыг Н.Багабандид өгчээ. Н.Багабандиас Н.Энхбаяр, Н.Энхбаяраас Ц.Элбэгдоржид гэсээр нэг мэдэхэд өнөөх хар хайрцагны бодлого нь 20-иод хуудастай болсон ч гэх шиг. Тийм хар хайрцагтай бичиг баримт Ерөнхийлөгчийн өрөөнд байгаад түүнийгээ бид мөрддөг бол тагнуул тусгай албадыг анх үүсгэсэн манай хоёр хөрш олж мэдэх нь шиг амархан ажил үгүй л болов уу.
Хятадтай адгаж, тэмцэх биш шинж үйлдлийг нь сайтар ажиглаж амаа хамхин, бодлоо цэгцэлж адилхан “shi”-гээр үзэлцэх ёстой гэдгийг бидний өвөг дээдэс маш сайн мэддэг байжээ.
Болж өгвөл Хятадын талаар олиггүй юм ярьдаг, бараг л байлдах хэрэгтэй гэдэг, элдэв эх оронч, хэт үзэлтнүүд бол манай хар хайрцагны бодлого алдагдсаны л шинж. Тэнгэр нь таарч хүчээ авч яваа эл үндэстний анхаарлыг татан байж муудалцах нь бидний эрх ашиг өнөөдөртөө яавч биш. Магадгүй энэ бол гадны “shi” “wu wei” л байх.
Бид проблем мөн үү
Хятад, Энэтхэг хоёр дипломат харилцаа тогтоосныхоо 70 жилийн ой дээр Төвдийн Ладакад чулуугаар байлдаж олон цэрэг амь эрсэдсэн явдал саяхан гарсан. Энэ нь 1962 оны Энэтхэг, Хятадын 1 сарын дайнаас хойш үүсч байгаа том жижиг 5 дахь удаагийн тулгаралт юм. Үүнийг зарим шинжээчид “Номхон далайн баруун хэсэгт Хятад, АНУ-ын сөргөлдөөн нэмэгдэж, Умард Солонгос, Тайвань, Өмнөд Хятадын тэнгисийн нөхцөл байдал хурцадаж буй энэ үед Энэтхэг улс зориуд ХАЧА-г (Хятадын Ардын чөлөөлөх арми) хоёр чиглэлд хүч хаях бололцоотой эсэхийг нь түншиж үзсэн хэрэг. Нөгөө талаар АНУ-ын Энэтхэг Номхон далайн стратеги Энэтхэгт өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлсэн байх талтай” гэж дүгнэсэн тухай ВВС агентлаг мэдээлжээ.
Хэрвээ энэ Энэтхэг, Хятадын дунд дайн дэгдвэл төлөх төлөөс гарз нь хэтэрхий өндөр учраас хоёулаа болзошгүй дайнаас сэргийлж байгаа. Гэхдээ дайн гарсан тохиолдолд ялагдагч байж болохгүй учраас цэргийн хүчээ ч зузаатгасан хэвээр.
Хятадтай газар нутгийн маргаантай ганцхан орон Энэтхэг биш. Вьетнам, Малайз, Бруней, Филиппин, Япон гээд энэ цуваанд олон орон багтана. Жишээлбэл Японтой Сэнкаку арлын маргаан маш эмзэг. Саяхан Япон улс үндсэн хуулиа өөрчилж цэрэг армийн зардлаа ДНБ-ний 1 хувиар хязгаарласнаа цуцалсан. Ингэснээр эдийн засаг, техник технологийн тэргүүлэгч Япон Улс БНХАУ-д шинэ сорилт, болгоомжлол авчрах нь тодорхой болов.
Хятад Улс гадаад бодлогоо 1. Их гүрнүүдтэй харилцаагаа сайжруулах зонхилох гүрнүүд дунд үүсч болох эрх ашгийн зөрчил, мөргөлдөөнөөс зайлсхийх 2. Хөрш орнуудтай тогтоосон харилцааг сайжруулж итгэлцлийг нэмэх 3. Хөгжиж буй орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх, 4. Хятадын аюулыг няцаах, Хятадын эсрэг улс орнууд эвсэх, шинэ хүйтэн дайнаас сэргийлэх 5. Энх тайван гадаад орчныг сахин хамгаалах, хөрөнгө оруулалт, тэргүүний технологийг татан оруулах замаар улсынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх гэж тодорхойлсон байдаг.
Гэтэл дээрх мэтийн стратегийн өрсөлдөөн, газар нутгийн маргаанаас шалтгаалж гадаад бодлого нь бүрэн биелэлээ олж чадахгүй байна. Үүний зэрэгцээ дотоодын асуудлууд нь ч Хятадын аюулгүй байдалд заналхийлдэг. Товчхондоо нэг хятадын бодлогыг бүрэн баталгаажаагүй хэвээр. Хятад Улс 23 мужтай. Жуан, Хотон, Өвөр Монгол, Уйгур, Төвд гэсэн таван өөртөө засах оронтой. Засаг захиргааны 2 тусгай бүстэй. Хоёр тусгай бүсээс Макао нь харьцангуй Хятадын хяналтанд орсон бол Хонг-Конгийн асуудал хүнд. Их Британы мэдэлд байсан энэ арал өдгөө бие даасан улсын хэмжээний хүчирхэг эдийн засагтай. Хонг-Конгийн талаар гаргасан коммунист намын шийдвэрт арлын оршин суугчид маш мэдрэг ханддаг бөгөөд хэдэн сая хүн оролцсон жагсаал хормын дотор үүсэх нь бий. Тэд биеэ даасан тусгаар амьдралын хэв маягаа хадгалж үлдэхийг хүссээр байгаа нь коммунист сурталд том сорилтыг дагуулсаар байна.
Тайвань нь тусгаар тогтнох битгий хэл Хятадын өөртөө засах орон ч биш нэг мужийн бүрэлдэхүүн гэж албан ёсоор үздэг. Хятад Улс Тайвань тусгаарлахыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд цэргийн хүч дайчилна гэж ил тод зарласан байдаг.
Гэтэл Тайвань нь Израйлын дараа орох чип үйлдвэрлэгч. Улс төр, эдийн засгийн хувьд бараг бүрэн тусгаар. Азийн эхний 10-т багтах том эдийн засаг. Өөрийн гэсэн армитай тэр нь хамгийн сүүлийн үеийн зэсвэглэлтэй. АНУ, Японы зүгээс БНХАУ-ыг хязгаарлах, стратегийн түрэлт хийх гол түшиц газар гэж тооцогддог байдалтай байна.
Харин Хятадууд Америкын түрэлтийг хязгаарлах гупер улс нь хойд Солонгос гэж үздэг. Гэвч хойд Солонгос нь байх ёстой хэмжээнээсээ хэтэрч хяналтаа алдах магадлал улам өссөөр. Шүдээ хүртэл зэвсэглэсэн цөмийн зэвсэгтэй энэ улсын цаашдын хувь заяа ч Хятадын толгойны өвчин болжээ.
Шинжаан, Уйгур, Төвд, Өвөр Монголын зөрчил, бослого ч сүүлийн жилүүдэд нэмэгдэв. Ялангуяа ислам шашинт уйгур үндэстнүүдийн “жихадист” үзэл санаа аюул заналхийллийн том шалтгаан болсоор байгаа юм.
Энэ мэт түмэн асуудалтай Хятадын хувьд Монгол Улсыг асуудал болгож өөртөө наах сонирхол одоохондоо байхгүй.
Анхандаа Мао Зэдун Чан каши аль аль нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх дургүй байсан нь үнэн. Бирм, Лаос, Энэтхэгийн хойд хэсэг, Непал, Бутан, Таиланд, Малайз, Сингапур, Киргиз, Монгол, Тайвань, өмнөд Казахстан, Афганистаны Бахдашан суурин, алс дорнодын зүүн өмнөдөөс Охотск хүртэлх нутгийг Мао Зэ Дун алдагдсан газар нутаг гэж үздэг байлаа. 1960 оноос БНХАУ хойд цэргийн бүлэглэл хэмээх 33 дивизийг БНМАУ, ЗХУ-ын хилийн дагуу байрлуулж хариуд нь ЗХУ-ын 39-р арми Монголд байрлаж байдал маш түгшүүртэй болоод байсан цаг бий. Гэвч эцэстээ энэ дайсагнал хэнд ч ашиггүй болохыг хоёр тал 29 жилийн дараа ойлгосон. Тэд хоорондоо дайтвал Хятадын хувьд номхон далай дахь АНУ-ын, Оросын хувьд баруун талаас НАТО-гийн түрэлтийг торгоох хүчгүй болно. Хоёр талын нэгдмэл сонирхол эцэстээ нэг цэгт уулзаж М.Горбачёвийн санаачлагаар Монголоос Оросын цэргийн ангиудыг маш хурдан гаргаж, хариуд нь ХАЧА \Хятадын ардын чөлөөлөх арми\ умардын дивизүүдээ нутгийн гүнд татаж, ерөнхийдөө япон тэнгис, номхон далайд төвлөрсөн. Орос, Хятадын стратегийн нэгдмэл сонирхол Монголын тусгаар тогтнолыг биежихэд түлхэц болсон.
Хятад Улс эх газраар 17 улстай хиллэдэг. Үүнээс хамгийн урт нь Монгол-Хятадын 4700 км хилийн зурвас. Энэ урт хилээ өндөр зардал, хүн хүч, зэвсэг техникээр батлан хамгаалах маш муу хувилбар. Дотоод, гадаадын түмэн асуудал шийдэгдтэл энэ хил хязгаар ердийн тайван байх нь чухал. Энэ хил хязгаараа батлан хамгаалах найдвартай зардал багатай арга нь одоохондоо энх тайван. БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн асан Дай Бингуо 2012 онд Монгол Улсад айлчлахдаа “Хятад Монгол хоёр орны харилцаа бүх л түүхийнхээ хувьд хамгийн сайн үедээ явж байна” гэж хэлсэн нь өдгөө хоёр улсын харилцан айлчлалд өргөн ашиглагдах болжээ. Үнэхээр ч бүх л түүхийнхээ хувьд бид Хятадтай ийм сайн харилцааны түвшинтэй байж үзээгүй. Тэнгэрийн тааллаар оноосон энэ тайван цаг, хөгжлийн асар том далайгаас шанагаар биш юмаа гэхэд халбагаар ч болтугай хүртэх боломжоо бид ашиглах нь битгий хэл түлхсээр байна.
Цаашид байдал үргэлж иймээрээ байна гэх баталгаа байхгүй. Хятад гадаад дотоодын проблем их ч тэд “shi”-гээ алддаггүй хүмүүс. Мао Зэ Дуны алдагдсан газрын тухай яриа одоо ч хүчтэй хэвээрээ. Түүнд нэрлэгдсэн зарим орныг Хятадын бүрэлдхүүнд оруулсан газрын зураг хэвлэгдэх тохиолдол ч бий. Дунд сургуульд нь алдагдсан газар нутаг, салсан үндэстнүүддийн талаар хүүхдүүдэд ярина. Гэхдээ тэдний хувьд Монгол хамгийн сонирхолгүй, хамгийн арын эгнээний асуудал. Харин гудамж талбайгаас авхуулаад Парламентын ордондоо хүртэл Хятадын талаар амандаа орсноо ярьдаг “хар хайрцаггүй” тэнэгүүдийнхээ ачаар урагшилж болох л юм.
Г.Мөнхсүх