Монгол улсад хоёрдугаар сарын 23-наас албан ёсоор иргэдийн вакцинжуулалт эхэлсэн билээ. Коронавирусийн эсрэг вакцины нөөц хангалттай байгаа ч дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо буурах болсон. Үүнд вакцины тухай хангалттай мэдээлэлгүй, вакцинд эргэлзэх зэрэг шалтгаанууд нөлөөлж байна. Иймд манай сайтын зүгээс иргэдийн хамгийн их мэдэхийг хүсдэг асуултуудад хариулт болохуйц вакцинжуулалттай холбоотой цогц мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
-ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ӨДРӨӨС ХОЙШ ХЭД ХОНОГТ ДАРХЛАА ТОГТДОГ ВЭ-
Цар тахлын эсрэг вакцин ашиглах нь хүндрэл, нас баралтаас сэргийлэх, тархалт бууруулах онцлог нөлөөтэй. Нэгдүгээр тун вакциныг хийлгэхэд хүний биед халдвараас хамгаалах бага хэмжээний уураг үүсдэг. Хоёрдахь тунгаа хийлгэсэн хүний хамгаалах уургийн цусан дахь агууламж нэмэгддэг байна. Вакцин хийлгэсэн өдрөөс шууд таны биед дархлаа тогтоно гэж ойлгож болохгүй. ЭМЯ-наас бүрэн тунд хамрагдсан ч 14 хоног гам барих ёстой гэж үзэж байгаа. Харин судалгаагаар 21-28 хоногт илүү сайн дархлаа тогтож, цааш өснө гэж үзжээ. Энэ хугацаанд халдвар хамгааллын дүрмүүдийг зайлшгүй биелүүлэх ёстой.
БШУ-ы доктор, профессор, МАУ-ны академийн гишүүн Ж.Оюунбилэг:
“Астразенека” вакцины эхний тунг хийлгэсэн иргэн 56 хувийн дархлаа тогтох бол бүрэн тунг хийлгээд 14 хоносон тохиолдолд 100 хувийн дархлаа үүсэж байна. Харин “Веросел” вакцины давтан тун хийлгэсэн иргэнд 14 хоногийн дараагаас 99.3 хувийн дархлаа тогтжээ.
-ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ХЭРХЭН ГАМ БАРИХ ВЭ-
Вакцин хийлгээд 21 хонох хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайжруулж, гам барих шаардлагатай юм. Вакцин хийлгэсэн өдрөөс хойш 3-4 хоногт унтаж амрах, шингэн зүйл сайн уух, сошиал медиагаас холдох зэргээр өөрийгөө тордох ёстой. Түүнчлэн олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа зүүх, гар ариутгагч хэрэглэх, шаардлагагүй бол гэртээ байх, хүн хоорондын зай барих зэргээр вакцины үр дүн алдагдахаас сэргийлэх хэрэгтэй юм.
-ВАКЦИНЫ ҮЗҮҮЛЭХ НИЙТЛЭГ ХАРИУ УРВАЛ БА ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА-
Дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хариу урвалыг судалж, дүн шинжилгээ хийсний үр дүнд судалгаа хийдэг. Тавдугаар сарын 20-ны байдлаар нийт 75,923 иргэн вакцины дараах өөрт илэрсэн шинж тэмдгээ цахимаар мэдээлсэн байна. Үүнээс үзэхэд тариулсан газарт хөндүүлэх, толгой өвдөх, ядрах, булчин өвдөх, үеэр өвдөх, дотор муухайрах, тариулсан газар хавдах, халуурах, чичрэх, хоолонд дургүй болох зэрэг нийтлэг шинж мэтдэг ажиглагджээ. Ихэнх вакцины хариу урвал долоо хоног үргэлжилдэг. Харин өөрт үнэхээр зовиуртай байвал харьяа эрүүл мэндийн газарт хандах хэрэгтэй. Вакцин хийлгэсэн үеэс хойш 30 минутад илэрч буй хариу урвал буюу хүндрэл манай улсад цөөн тохиолдол бүртгэгдсэн. Хүндрэлээс сэргийлэн эхний тунг хийсний дараа 20-30 минут ажигладаг.
-ВАКЦИН ХИЙЛГЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС-
Дархлаажуулалтад хамрагдахад эмчийн үзлэгт ордог. Энэ үеэр өөрийн мэдээллийг үнэн зөв хэлж өгөх ёстой. Ямар ч вакциныг өвчний хурц үе болон архаг хууч өвчин сэдэрсэн үед хийлгэж болохгүй. Иймд биеийн байдлаа сайн шалгуулж, хууч өвчин намдсан цагт эмчтэй зөвлөлдөж тариулах нь зүйтэй. Вакцины хориглох заалтууд ялгаатай байдаг тул жирэмсэн эсэхээ шалгаж, хийлгэх гэж буй вакиныхаа тухай мэдээлэлтэй болоорой.
-БҮРЭН ТУНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН ХАЛДВАР АВЧ БУЙ ШАЛТГААН-
Вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоног болсны дараа халдвар авч байгаа тохиолдолд “Vaccine breakthrough” гэдэг нэршил дэлхий дахинд байдаг. Вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн хүмүүсийн 0.5 хувь буюу 9000 орчим хүн, хоёрдугаар тунд хамрагдаад халдвар авсан 3000 гаруй иргэн байна. Харин дээш хугацааны дараа халдвар авсан 900 гаруй хүн байна. Үүний шалтгаан бол дээр дурдсан 14-28 хоногийн гам бариагүйтэй холбоотой. Хувь хүний онцлогоос хамааран дархлаа тогтох хугацаа харилцан адилгүй байна.
-ТУСААД ЭДГЭСЭН ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА БОЛОН ВАКЦИНЫ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ГАЗРУУД-
Вакцинжуулалтад хамрагдсан гэрчилгээг e-mongolia системээр дамжуулан гар утсан дээрээ зургийг нь татах болон хэвлэж авах боломжтой. Тус гэрчилгээг интернетэд холбогдох боломжгүй болон бусад шалтгаанаар E-mongolia.mn сайтаас авч амжаагүй иргэд төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаас авах боломжтой юм. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан иргэдэд QR кодтой эмчийн магадлагаа олгож байна. Хэвтэн эмчлүүлсэн иргэдийн магадлагааг тухайн эмнэлэг нь бичээд өгөх бол гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадлагаа авах юм.
-ВАКЦИНЫ МЭДЭЭЛЭЛ-
ВЕРОЦЕЛЛ. "Синофарм компанийн “Вероцелл” вакциныг дэлхийн 42 улсад хэрэглэж байна. Вакцин тариулсан хэсэг газар улайх, хавдах, бага зэрэг халуурах толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа юм. Вакцины дараа бага зэрэг толгой өвдөх шинж тэмдэг 14 хоног илэрч болно. Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцины эхний тунг хийлгэсэн өдрөөс хойш 21 хоносон бол харьяа дүүргийн дархлаажуулалтын цэг дээр вакцинаа хийлгэх боломжтой. “Синофарм” компанид үйлдвэрлэсэн уг вакциныг ердийн хөргөгчинд /+4+8 хэм C/ хадгалж болох ба судалгаагаар 79 хувийн үр дүн үзүүлсэн бол Арабын Нэгдсэн Эмират улсад хийсэн туршилт судалгаагаар эл үзүүлэлт 86 хувьд хүрсэн байна.
СПУТНИК-V. Тус вакцин нь 90-ээс дээш хувийн үр дүн /91,6%/ үзүүлсэн байна. Оросын вакцин нь SARS-CoV-2 вирусний өргөсний уургийн геномийг агуулсан аденовирусний вектор дээр суурилагдсан бөгөөд энэ нь олон арван жилийн туршид сайтар судлагдсан платформ юм. Энэхүү платформыг Эбола, MERS өвчний эсрэг вакцин гарган авахад ашиглаж байжээ. Вакцин тариулсан хүний ялгаруулж буй эсрэг биетийн түвшин нь Ковид-19-ээр дахин өвчилсөн хүнийхтэй харьцуулахад 1,3-1,5 дахин өндөр байгаа юм. Аюулгүй байдлын үзүүлэлтийн хувьд ч сайн бөгөөд вакцин тариулсны дараа толгой өвдөх, бие сулрах гэх мэт шинж тэмдгүүд хөнгөн хэлбэрээр илэрч, удалгүй арилж байна. Харшлын хариу урвал, анафилактик буюу цочмог хэт мэдрэгшлийн хариу урвал гэх мэт хүндрэл гараагүй. Вакцин тариулахаас өмнө болон дараа нь 42 хоногийн хугацаанд согтууруулах ундаа болон дархлааг дарангуйлдаг эм хэрэглэж болохгүй.
АСТРАЗЕНЕКА. Уг вакцины ажиллах механизм нь матрицын РНХ /рибонуклейн хүчил/ дээр бус харин шимпанзе сармагчны аденовируст суурилагдсан /уламжлалт арга/ учраас хурдан зөвшөөрөл авсан байна. АстраЗенека нь ямар ч шинж тэмдэггүй өвчтөнөөс Ковид-19-ийн халдвар тархах явдлыг зогсоож чадаж байна. 2-8 хэмд хадгалдаг байна. Эхний тунгийн хэмжээнээс хамааран 90 эсвэл 62 хувийн үр дүнтэй бөгөөд дунджаар 70 хувийн дархлаа тогтоож байна. Вакцины тун хоорондын зайг 8-12 долоо хоног болгож уртасгасан тохиолдолд үр дүн илүү өндөр болж байгаа юм.
ФАЙЗЕР. Засгийн газраас жирэмсэн болон хөхүүл ээжүүдийг Pfizer вакцинд хамруулах шийдвэр гаргасан. Ковакс хөтөлбөрийн хүрээнд татан авсан 100 мянган тун вакциныг жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд хийхээр шийдвэрлэжээ. Тус вакцин нь 16 ба түүнээс дээш насныханд зориулагдсан байна. Вакцины өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвар ойролцоогоор 95 хувь. Ихэнхи гаж нөлөөнд тарилга хийсэн газар өвдөх, толгой өвдөх, үе мөч, булчин өвдөх, ядрах, даарах, халуурах зэрэг орно. Ховор бөгөөд ноцтой гаж нөлөөнд шок эсвэл анафилаксийн шок орно.