УОК-оос гаргасан дүрэм журам ихэнх ААН, үйлчилгээний газруудад үйлчлэхгүй байна. Энэ талаарх сурвалжилгыг энд дарж уншина уу. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй байгаа ААН, үйлчилгээний газруудад ямар арга хэмжээ авах, хэн хяналт тавих, зэрэг асуудлаар НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.
-ААН, үйлчилгээний газраар үйлчлүүлэхэд яг ямар дүрэм журмын дагуу иргэдийг нэвтрүүлж байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2021.05.05-ны өдрийн 118 дугаар тогтоолоор Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэгдэн батлагдсан. Энэхүү шийдвэрийг үндэслэн НЗД-ын 2021.05.07-ны А/357 дугаар захирамжаар хязгаарлах үйл ажиллагааг тогтоож, 2021.05.21-ний өдрийн А/380 дугаар захирамжаар дээрх жагсаалтыг шинэчилсэн. Хязгаарлалт тогтоогоогүй бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд 2021.05.08-ны өдрөөс эхлэн манай байгууллагаас хяналт шалгалт хийж эхэлсэн.
Зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН байгууллага, худалдааны төвүүдээр УОК-ын даргын тушаалын дагуу халдварын тархалтыг бууруулах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс коронавирусний эсрэг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоног болсон, Ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсэн /батлагдсан өдрөөс хойш 4 сарын дотор хоёр тун вакцинд хамрагдсан/, иргэдэд үйлчлэхээс гадна хүндэтгэн үзэх шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн мэдээллийг шалган нэвтрүүлж байгаа. Гэхдээ үйлчлүүлж байгаа иргэд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих дэглэмийг заавал мөрдөнө.
-Томоохон худалдааны төвүүдэд энэ дүрэм журам мөрдөгдөхөд жаахан төвөгтэй байгаа байх. Маш олон хүн үйлчлүүлж байгаа шүү дээ. Ер нь Нарантуул, Хархорин гэх мэт иргэд олноор үйлчлүүлдэг томоохон зах, худалдааны төвүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
- УОК-ын даргын 41-р тушаалын дагуу томоохон зах, худалдааны төв, их дэлгүүрүүдэд:
1. Агааржуулалтын системийн хэвийн ажиллагааг хангах,
2. Үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай, орох, гарах хаалга тусдаа байхаар зохион байгуулж тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байх,
3. Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу вакцины бүрэн тунд хамрагдсан эсвэл өвчлөөд эдгэсэн тухай эрүүл мэндийн байгууллагын магадлагаатай ажилтан, түрээслэгчдийг ажиллуулах,
4. Орох хэсэгт үйлчлүүлэгчийн мэдээллийг QR кодоор шалгаж, нэвтрүүлэх ажилтан томилон ажиллуулах,
5. Үйлчлүүлэгч хоорондын зайг хоёр метрээс доошгүй байхаар хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр үйлчлэх,
6. Төлбөр тооцоо хийх хэсэг, лангуунд шилэн болон хуванцар хаалтыг байрлуулах,
7. Ажилтанууд хувийн хамгаалах хувцас хэрэгсэлтэй иргэдэд үйлчилж, сольж байх, нөөцийг бүрдүүлсэн байх,
8. Амны хаалтгүй иргэдийг үйлчилгээний танхимд нэвтрүүлэхгүй байх,
9. Жимс, ногоо, талх, нарийн боов зэрэг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнийг битүү хоргонд хийж худалдаалах,
10. Гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн байх зэрэг шаардлагыг тавьж байна.
-Журмыг мөрдөж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж байгаа вэ. Энэ хугацаанд дүрэм журам зөрчсөнөөс болж арга хэмжээ авахуулсан тохиолдол гаргасан уу?
-Энэ сарын 8-наас 23-ны өдрүүдэд НМХГ-ын 206 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна. Хяналт шалгалтад үйл ажиллагаа нээгдсэн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн нийт 11.130 газар хамрагдаж халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй нийт 965 зөрчлийг илрүүлж, 539 буюу 55.8 хувийг арилгуулсан. Шалгалтаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлээгүй 5, хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн 15 иргэн, гар дээрээс ил задгай худалдаа эрхэлсэн 11 иргэн нийт 31 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааг зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулах 30 заалт бүхий улсын байцаагчийн 6 албан шаардлага хүргүүлж, 43 хуулийн этгээд, хувь хүнд 17,750.0 мян/төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, 6 аж ахуйн нэгж,иргэний хүнсний худалдааны газарт худалдаалагдаж байсан хадгалах хугацаа дууссан 10 нэр төрлийн 189 ширхэг, 1,350,900 төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулсан.
-Гэхдээ гадуур ихэнх ААН, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм алдагдсан байдалтай байна?
-Эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, шаардлагыг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн дагуу торгох шийтгэл ногдуулж, халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, учруулж болзошгүй бодит нөхцөл байдал бий болгосон тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7 дахь заалтын дагуу үйл ажиллагааг бүхэлд нь болон хэсэгчлэн зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох арга хэмжээ авна. Арга хэмжээ тооцсоны дараа давтан зөрчил гаргасан тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 дэх заалтын дагуу тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлэх, цаашлаад хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.