Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурвалжилга: Вакцины II тунг шалгах газар ховордож, дэглэм мартагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 37 секунд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 15-наас ихэнх ААН-үүд, 22-ноос томоохон худалдааны төв, бассейн, хоолны газрууд /заал 50 хувийн дүүргэлттэй/, зочид буудал, амралтын газрууд ажилласнаар ААН-үүдийн 83 хувь нь үүд хаалгаа нээгээд байна. Ингэхдээ УОК-оос ААН-үүдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, вакцины тунгаа хийлгээд 14 хоносон иргэдэд үйлчлэхийг анхааруулсан юм. Гэвч хачир дээрээ УОК-ын гаргасан дүрэм, журмыг ААН-үүдийнх ихэнх нь дагаж мөрдөхгүй, халдвар хамгааллын дэглэм алдагдсан байдалтай байна.

-ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ МАРТАГДЖЭЭ-

Бид нэн түрүүнд иргэд олноор үйлчлүүлдэг, хүний хөл хөдөлгөөн их Баянзүрх худалдааны төвийг зорив. Хөл хорионы үеэр зөвхөн хүнсний хэсэг ажиллаж байсан бол энэ сарын 22-ноос гоо сайхны бараа, бэлэн хувцас гээд Баянзүрх дүүргийн барааны бүх тасаг иргэдэд үйлчилж эхэлсэн байна.

Уг нь УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу нэг хүн үүдэнд сууж, орж гарч байгаа иргэдийн халууныг үзэж, гарыг нь ариутган, QR кодоо уншуулахыг шаардаж, бүр цаашилбал, вакцины хоёр тун хийлгэсэн эсэх гэрчилгээг үзэж байж нэвтрүүлэх ёстой. Хэдийгээр хүн хөдөлгөөн их, олон хүн орж гарч байхад энэ бүгдийг шаардаж, гэрчилгээ шалгах нь төвөгтэй ч халдвар хамгааллын дэглэм алдахгүйн тулд зайлшгүй мөрдөх ёстой. Гэтэл үүдний хананд наасан QR кодыг уншуулж байгаа хүн алга, хананд өлгөсөн халуун хэмжигч нь ажиллагаагүй болж. Бүр гараа ариутгаж байгаа дүр зураг ч харагдсангүй. Халуун хэмжигч ажилладаг байлаа ч хэн нэгэн хүн өндөр халуурч байвал түүнд хяналт тавиад буцаах харгалзагч ч алга. Иргэд үүдээр нь чөлөөтэй нэвтэрч, халдвар хамгааллын дэглэмийг хэн нь ч дагаж мөрдөхгүй, нэг үгээр хэлбэл, халдвартай үгүйгээ ч мэдэхгүй иргэд олноороо холхилдох болжээ.

Харин тус худалдааны төвд ганц олзуурхууштай нь махны худалдаачид иргэдээс тусгаарлах гялгар тор татаж, иргэдийг маханд хүрэхгүй байх, тодорхой хэмжээний зайнаас харж сонголтоо хийх шаардлагыг тавьж байв.

-ХӨЛ ХОРИОГ ДАГААД ДЭГЛЭМЭЭ СУЛРУУЛСАН E-MART ХУДАЛДААНЫ ТӨВ-

Хатуу хөл хорионы үед үүдэн хэсэгтээ 4-5 QR код байрлуулан, халуун хэмжиж, гараа ариутгаарай хэмээн шаарддаг байсан Имарт зөвхөн хоёр давхартаа халуун хэмжиж иргэдийг нэвтрүүлдэг болжээ.

Тус дэлгүүрийн 1 давхарт маш дэлгүүр үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлгүүрүүд тус бүрдээ халдвар хамгааллын дэглэмээ сахин QR код уншуулахыг зөвлөж байлаа. Харин гар ариутгах, халуун хэмжих зэрэг наад захын халдвар хамгааллын дүрэм журам мөрдөж байгаа газар байсангүй.

Дэлгүүр дотор байрлах хоолны газрууд иргэдийг сууж үйлчлүүлэхийг хоригложээ. Зөвхөн авч явахаар үйлчлэх ба хоолыг төв кассанд бичүүлэхийг сануулж байв. Энэхүү хоолны газруудад сууж үйлчлүүлэх нь эргэн тойрны худалдан авагчдаас санаандгүй байдлаар халдвар авах эрсдэлтэй тул дэлгүүрээс ийм зохицуулалт хийсэн аж.

Төв кассны хэсэгт олон хүн нэг дор зогсоохгүй тулд зайтай үйлчлүүлэх тэмдэглэгээ хийж, бараа бичих хоёр эгнээнд нэг кассчин байрлахаар зохион байгуулсан байна. Өдрийн цагаар очсон тул хөл хөдөлгөөн ч харьцангуй бага байлаа.

-БАНКИНД ҮЙЛЧЛҮҮЛЭХИЙН ТУЛД ХАЛУУНАА ШАЛГУУЛАХАД ХАНГАЛТТАЙ-

120 мянгатад байрлалтай Голомт банкинд үйлчлүүлэхэд үүдний харуул нь гарнаас халуун хэмжиж үзээд нэвтрүүлж байв. Өөр ямар нэг шаардлага тавьсангүй. Банкинд дарааллаа хүлээн суух иргэд ч олон байлаа.

-"ШӨЛӨНДӨ" ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДСАН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ-

Улаанбаатар хотод хэд хэдэн салбартай Шөлөндө хоолны газраар үйлчлүүлэх үед QR код уншуулж, утсандаа татаж аваагүй иргэдийн нэр дугаарыг бичин үйлчилж байв. Ингэхдээ журмын дагуу вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдэд орохыг зөвшөөрчээ. Харин тусаад эдгэрсэн хүнд хэрхэн үйлчлүүлэх вэ гэхэд удирдлагуудаас ямар нэгэн чиглэл өгөөгүй учир бид мэдэхгүй хэмээн ажилчид нь үйлчлэхээс татгалзаж, бяцхан үл ойлголцол үүссэн юм. Уг нь УОК-оос ААН-үүдийг вакцины хоёр тун хийлгэсэн болон халдвар аваад эдгэрсэн хүмүүст ААН-үүдийн үүд хаалга нээлттэй хэмээн мэдээлж байсан ч "Шөлөндө" удирдлагуудынхаа чиглэлийг хүлээн халдвар авсан иргэдэд үйлчилсэнгүй.

-"СКҮҮЛ" ЗООГИЙН ГАЗАР ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ БАРИМТАЛСАН Ч ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ВАКЦИНД ХАМРАГДСАН ЭСЭХ ХАМААГҮЙ-

Сүлжээ хоолны газрууд болон кафе, ресторан зэрэг үйлчилгээний газрууд давтан тун хийлгээд 14 хоносон хүмүүст 50 хувийн заалны дүүргэлттэйгээр үйлчлэх боломжтой. Харин Скүүл хэмээх зоогийн газарт үйлчлүүлэхэд вакцины тухай дурссангүй. Иргэд сууж үйлчлүүлэх заалны хэсэг хүнгүй байсантай холбоотой байж магадгүй юм. Ширээ бүрийн харалдаа хананд QR код байрлуулан гар ариутгагч тавьсан байв.

-НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ДАРААЛЛАН ЗОГСОХ ИРГЭД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОНХЫГ НЭМЭГДҮҮЛЭХ САНАЛТАЙ БАЙНА-

Мишээл экспо дотор байрлах нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлэхэд иргэдийн халууныг хэмжиж, QR код уншуулан үйлчилж байлаа. Халдвар хамгааллын дэглэм сайн байсан ч жижиг талбайд үйлчлүүлэх иргэд олон байсан тул зай барих боломжгүй байв. Иргэдийн зүгээс үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэг цэгийн үйлчилгээ хамгийн их очертой байдаг тул иргэдэд үйлчлэх цонхыг нэмэгдүүлэх саналтай байсан юм.

-ҮСЧИН, ГОО САЙХНЫ ГАЗРУУД ХАРИЛЦАН АДИЛГҮЙ НӨХЦЛӨӨР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА-

Үсчин гоо сайхны газрууд байршлаасаа хамааран иргэдэд харилцан адилгүй нөхцлөөр үйлчилж байна. Багшийн дээдэд байрлах Анар үсчин гоо сайхны хувьд бүрэн тун вакцин хийлгэсэн эсэхийг шалгалгүй үйлчилж байгаа бол “Londa” салоны хувьд зөвхөн цаг авсан иргэдэд үйлчилж байна.Мөн гоо сайхны газрууд дийлэнх нь вакцины хоёр тун авсан эсэхийг шалгахгүй иргэдэд үйлчилж байна.

Сурвалжилгын төгсгөлд:

УОК-ын зүгээс иргэдийг вакциндаа бүрэн хамрагдаж, халдварын тархалтыг бууруулахын тулд ААН-үүдийг хоёр тун хийлгэсэн иргэдэд үйлчлэх шаардлага тавьж буй. Гэтэл ихэнх ААН-үүд УОК-оос гаргасан дүрэм журмыг дагаж мөрдөхгүй, өнөөдрийг хүртэл Засгийн газрын авсан хөл хорио, арга хэмжээг үр дүнгүй болгох нөхцлийг бүрдүүлжээ. Үүнийг холбогдох байгууллагаас ямар нэг заавар ирээгүй эсвэл хөл хорионы үед орсон алдагдлаа нөхөхийг хичээж байна гэдгээр тайлбарлаж болох юм. Гэтэл нэг хүний эрх ашиг, нэг үйлчилгээний байгууллагын хариуцлагагүй байдлаас улбаалан олон хүнд халдвар тархах эрсдэл байсаар байна.

Сануулахад, халдвар хамгааллын дэглэм алдагдсан, дүрэм журмаа дагаж мөрдөөгүй ААН-үүдийн үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлөө арилгахгүй бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 дэх заалтын дагуу тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлэх, цаашлаад хүчингүй болгох хүртэл арга хэмжээ хэмээн НМХГ-аас мэдээлсэн билээ. Ярилцлагыг энд дарж уншина уу.

Д.Цэнд-Аюуш: Халдвар хамгааллын дэглэм алдсан ААН, үйлчилгээний газруудыг түр зогсоох арга хэмжээ авна
Д.Цэнд-Аюуш: Халдвар хамгааллын дэглэм алдсан ААН, үйлчилгээний газруудыг түр зогсоох арга хэмжээ авна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.