Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурвалжилга: Дотоодын үйлдвэрлэл хаалгаа барьж, барилгын материалын үнэ тэнгэрт хадав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 37 секунд

Барилга, бүтээн байгуулалтын улирал хэдийнээ эхэлсэн ч нийслэлд цар тахалтай холбоотой хөл хорио, эдийн засгийн хямрал болон барилгын материалын үнийн өсөлт зэрэг хэд хэдэн шалтгаанаас болж иргэдийн болон ААН-үүдийн төлөвлөгөөт барилгын ажлууд удааширлаа. Учир нь барилгын материалын үнэ ихээхэн өссөнтэй холбоотой гэнэ. Тиймээс бид энэ удаагийн сурвалжилгаараа барилгын материалын үнийн өсөлт болоод шалтгааныг тодруулахаар "100 айл" барилгын материалын захыг зорилоо.

-БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНИЙН ӨСӨЛТ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨСӨХӨД НӨЛӨӨЛЖ БАЙНА-

Томоохон барилга байгууламж барихад гол түүхий эд болон хэрэглэгддэг арматур төмрийн үнэ сүүлийн жил орчмын хугацаанд хурдацтайгаар өсжээ. Үүний шалтгааныг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхаатар тайлбарлахдаа,

"Сүүлийн найман жилийн хугацаанд тогтвортой байсан төмрийн хүдрийн үнэ урд хөршид огцом өссөн. Мөн тээвэрлэлтээс болж хүндрэл учирч байна. Олон улсын зах зээл дээр нэг тонн арматурын үнэ өнгөрсөн оны мөн үед 404.5 ам.доллар байсан бол энэ оны тавдугаар сарын 19-ний байдлаар 771.5 ам.долларт хүрч 90.7 хувиар өсөөд байна. Өнгөрсөн оны хувьд цар тахлаас шалтгаалан "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК-иас бусад нь үйл ажиллагаагаа явуулж чадаагүй учраас дотоодын үйлдвэрлэл удааширсан. Энэ тал дээр яамнаас бодлогын хүрээнд ихээхэн дэмжиж ажиллаж байна" гэв.

Гэтэл үүнээс шалтгаалан орон сууцны үнэ өсөж буй асуудал гарч эхэллээ. Томоохон орон сууцны компаниудын зүгээс арматур үнэд орсон учир орон сууцны м2-ийн үнэ дагаад өсөж байна хэмээн тайлбарлаж буй.

Жижиглэнгээр арматур болон паар, труба борлуулагч худалдаа эрхлэгчдийн зүгээс үнийн өсөлтийн талаар тодруулахад, "Барилгын материалын үнэ эрчимтэй өсөж байгаа нь нийлүүлэлт багассантай холбоотой. Жишээ нь, 22 мм диаметртэй армутор 3.2 саятай байна. 12 мм диаметртэй нь 2.5 саятай байна. Хоёр сарын өмнө гэхэд 12 мм диаметртэй нь 1.8 сая гэдэг байсан. Урд төмрийн үнэ нэмэгдсэн болохоор ингэж өссөн. Төмрийн үнэ өссөн болохоор зөвхөн арматур гэлтгүй паар, трубаны үнэ ч өссөн. Хөл хорионы өмнө 7500 төгрөгөөр зардаг байсан 32 мм-ийн труба одоо 10,000 гэж байна. Бөөний төв дээр 9500 гэж байна. Бид 500 төгрөг нэмээд зарж байна. Бидний зарж борлуулж байгаа бүх зүйл урдаас орж ирдэг болохоор бүгд л тодорхой хэмжээнд өссөн" гэв.

-ДЭЭВРИЙН ТӨМӨР, ХАР ЦААСНЫ ҮНЭ ХАРЬЦАНГУЙ ТОГТВОРТОЙ БАЙНА-

Худалдаа эрхлэгчдийн зүгээс дээврийн төмөр, хар цаасны үнэ харьцангуй тогтвортой байгаа гэлээ. Хаалга, цонх худалдаалагч иргэнээс үнийн талаар асуухад, "Одоохондоо нэмэгдээгүй байна, гэхдээ дараагийн татан авалтаас нэмэгдэх бололтой. Хаалганууд урдаас орж ирдэг болохоор тээвэрлэлт багассан, дээрээс нь материалын үнэ өссөн байгаа сураг дуулдсан. Тиймээс өсөх хандлагатай байна" гэв.

-ТООСГОНЫ ҮЙЛДВЭРҮҮД ХААЛГАА БАРЬЖЭЭ-

Бид цаашлан 32-ийн тойргийн зам дагуух тоосго, цемент, элс, хайрга борлуулагч иргэдээс үнийн талаар тодрууллаа. Жижиглэн худалдаа эрхлэгч, "Керамик тоосгоны үйлдвэр" гэж байхаа больсон. Үйлдвэрлэл зогсоогоод бараг гурван жил болж байна. Уг нь керамик тоосго хамгийн чанартай нь байсан юм. Одоо Налайхад ганц хоёр тоосгоны үйлдвэр байх шиг байна.Тоосгоны хувьд бага багаар үйлдвэрлэл нь багасаад, үнэ нь нэмэгдсээр байгаад ийм болоод байна. Уг нь хөл хорионы өмнө 300-350 төгрөгийн үнэтэй байсан. Одоо 450-500 төгрөг болоод байна.

Цемент 160,000 хавьцаа байсан, одоо 200,000 давсан. Элс, хайрганы хувьд үнэ тогтвортой байна" гэв.

Монгол Улс нийт барилгын материалын 38.8 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг гэсэн судалгаа бий. Харин өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэдэн хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон талаар тодорхой тоо баримт одоохондоо байхгүй. Үндсэндээ барилгын материалын 60-70 хувийг гаднаас буюу дийлэнхийг нь БНХАУ-аас импортлон оруулж ирдэг байна. Урд хөршид болон бусад орнуудад түүхий эдийн үнэ өсөхөд манай улсын барилгын материалын үнэ цаашлаад байр, орон сууцны үнэ давхар өсдөг тогтолцоо бий боллоо. БХБ-ын сайд Б.Мөнхбаатарын хэлснээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжихээр яамнаас бодлогын хүрээнд ажиллаж байгаа гэсэн бөгөөд жижиглэн худалдаа эрхлэгчдийн зүгээс ч мөн адил аль болох дотоодын бараа материалыг худалдах хүсэлтэй байдгаа хэлсэн юм.

Сурвалжилсан: Б.Амарбаясгалан

Гэрэл зургийг: Г.Жавхаатөгөлдөр

МАХН маргааш татан буугдах материалаа УДШ-д өгнө
МАХН маргааш татан буугдах материалаа УДШ-д өгнө
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.