Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Пүрэвжаргал: Гудамж бол эрх чөлөөтэй дуулж болох хамгийн том тайз

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 52 секунд

Хөл хорио тогтоосон энэхүү өдрүүдэд хашаандаа чингэлэг дээр зогсоод хөршүүддээ зориулан гитартай дуулах залуугийн бичлэг цахим сүлжээнд нэмэх цэнэг болон тархаж, олны хайр хүндэтгэлийг хүлээж байгаа билээ. Тэгвэл манай сайтын зүгээс энэхүү урлагт дурласангэх эрхэмтэй сонирхолтой яриа өрнүүллээ.

- УРЛАГААР ЯВАХ ТУХАЙ БОДДОГГҮЙ, ЗҮГЭЭР Л УРЛАГТ ДУРЛАСАН ХҮН -

-Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Ө.Пүрэвжаргал гэдэг. Дорнод аймгийн Чойбалсан хотод 1987 онд төрсөн. Багадаа нутгаасаа гараад одоо эхнэр, охидын хамт Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Монголын адвентис чуулган хэмээх шашны байгууллагад номлогчийн ажил хийдэг.

-Монголд гудамжны урлагийг хөгжүүлэх хүсэлтэй гэж байсан. Энэ тухай хуваалцаач?

-Ер нь гудамжны урлагт дуртай хүн дээ. Яагаад гэвэл тэнд хэн нэгний шахалт байхгүй, хүсэл таалалд нийцүүлэх шаардлагагүй эрх чөлөөтэй байж болдог хамгийн том тайз шиг санагддаг. Иймд манай улсад гудамжны урлаг хөгжиж, илүү олон залуус авьяасаа бусдад харуулж, хуваалцах орон зайтай байгаасай гэж хүсдэг. Энэ бодол минь надад гудамжны урлагийг Монголд хөгжүүлэх нэг сэдэл өгсөн болов уу. Одоо долоо найман жил үүнийхээ төлөө зүтгэж явна.

-Тухайн үед хэдэн настай байсан гэсэн үг вэ?

- За долоон жилийн өмнө гэж үзвэл 27 настай байсан.

-Хамгийн анх олон үзэгчдийн урд дуулахад ямар мэдрэмж төрж байв?

-Бүр багадаа. Бараг хоёрдугаар ангид байхдаа сургуулийнхаа урлагийн тэмцээнд ороод “Хотгойдын унага” гэдэг дууг дуулж байсан юм. Тэгэхэд бол их ичсэн /инээв/. Тухайн үед дуугаа дуулах гэсэн ахын томдсон монгол цамцнаас өөр зүйл олддоггүй. Нөгөөх хувцсыг маань ээж ханцуйг нь багасгаж оёж өгч байгаа юм. Бас нэг томдсон гутал өмсөөд тайзан дээр гарсан чинь цамцны оёдол мултраад, ханцуй нь газарт чирэгдчихсэн /инээв/. Хүмүүс намайг хараад нирхийтэл инээгээд л явчихав. Харин дуулаад эхлэх үед бүгд чимээгүй болоод дууссан чинь алга ташсан. Бодвол сайхан  дуулсан юм шиг байгаа юм.

-Хэзээнээс дуу дуулах, урлагаар явах тухай бодож эхэлсэн бэ?

-Ах нь урлагаар явья гэж нээх боддоггүй юм. Зүгээр л урлагт дурласан, хайртай л хүн. Манай ээж Эрдэнэтийн чуулганд уртын дуу дуулдаг байсан. Хэсэг дуулж байгаад хувийн шалтгаанаар урлагаасаа хөндийрч байв. Ингээд бодохоор ээж минь л намайг дуунд дуртай болоход нөлөөлсөн болов уу.

Би олон жилийн өмнөөс сүмд явж эхэлсэн. Сүмд гитар, төгөдөр хуур зэрэг хөгжим заана, залуучууд дуулна. Тэднийг харж сонссоор нэг л мэдэхэд урлагт дуртай болчихсон байсан. “Universe best songs” гадаад дууны тэмцээнд оролцож шилдэг 21-т багтаж байлаа. Өөрийгөө сорьж үзсэн энэхүү тэмцээн ч бас дуу хөгжимд татагдах томоохон хүчин зүйл болсон.

-АМЬДАРЧ БАЙГАА ГАЗРАА ДУУЛНА ДАА ГЭЖ БОДОЖ ЯВСААР ӨНГӨРСӨН ЖИЛ ХУДАГ ДЭЭРЭЭ ДУУЛСАН-

-“Universe best songs” тэмцээний тухай дурсамжаасаа хуваалцаач? Анх удаа олон өрсөлдөгч нартай хамт тайзан дээр дуулахад ямар санагдсан бэ?

-Надад ямар ч айдас байгаагүй. Учир нь би нэг дууг бараг 2000 удаа дуулж бэлдсэн. Ингэж их бэлдсэн болохоор хасагдах ч айдас байхгүй зүгээр л тайзан дээр бэлдсэн зүйлээ үзүүлэхийг хүсдэг байсан.

-Чингэлэг дээрх тоглолтыг тань үзсэн. Юу таныг хөршүүддээ зориулан дуулахад хүргэв? Хэр удаан үргэлжилсэн бэ?

-Тоглолт бол хоёр цагийн хугацаанд үргэлжилсэн. Уг нь лайв хийхгүй гэж бодсон ч эхнэр маань хийчихсэн. Тэгээд найман минутын хугацаанд бичиж аваад утас нь унтарчихсан байхгүй юу /инээв/.

Би гудамжны урлагаа хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд “Open vice busking” гэдэг клубтэй болсон. Тэрэнд минь олон дуулдаг залуус бий. Бид хамтдаа өнгөрсөн жил маш олон удаа гадаа тоглолт хийж байсан. Бас “Good soil” гэдэг нэртэй хөгжмийн дэлгүүрийн захирал н.Бат-Эрдэнэтэй хамтраад олон газар дуулсан. Амьдарч байгаа газраа дуулна даа гэж бодож явсаар өнгөрсөн жил худаг дээрээ дуулж үзсэн. Худаг дээр над шиг тэгж дуулсан хүн угаасаа байх ч үгүй /инээв/. Анх удаа л тэнд хүн дуулж байгаа болохоор хүмүүс эвэртэй туулай үзсэн юм шиг эхэндээ гайхаж харсан. Сүүлдээ хамт дагаж дуулаад, уйлаад их гоё юм болсон. Тэгээд хорионд орчихсон одоо яах вэ гэж бодож байхдаа чингэлэгээ хараад өө энэ дээр гараад дуулья гэж бодоод гарч үзээд дуулахаар шийдсэн дээ.

-Та төсөөлөхдөө хэр их хүн үзнэ гэж бодож байв? Тухайн үед хэр их сонсогчтой байсан бэ?

-Би дуулж эхлэхдээ хүмүүсийг битгий ирж үзээрэй, хашаа хашаандаа сонсоорой гэж хэлсэн юм. Хүмүүс ч ер нь ирж үзээгүй. Хөршүүд маань хашаа, амбаар дээрээ сууж байгаад тоглолтыг маань үзсэн. Гудамжиндаа бол гэрийнхээ хаалганы ойролцоо зогсоод л хөөрхөн олон үзэгчтэй болсон.

-НАНДИН УЧРАЛ ГЭДЭГ ДУУГАА ЭХНЭРТЭЭ ЗОРИУЛЖ ДУУЛЖ ӨГСӨН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИХ БАЯРЛАСАН -

-Та социалогич мэргэжилтэй хүн. Үүгээрээ ажиллаж байсан уу?

-Ерөнхийдөө социалогич мэргэжил нь анх сүмийн хэрэгцээнээс үүссэн түүхтэй. Би өөрөө нийгэм судлаач, сэтгэл зүйч мэргэжил эзэмшсэн. Ингээд бодохоор олон жил мэргэжлээрээ ажиллаж байна гэсэн үг. Олон гэр бүлүүдтэй ажилласан, үр дүн ч гарсан. Харин урлаг бол миний хобби үүнийгээ орхино гэж байхгүй байх өө. Дуу дуулахаас гадна зохиодог. Одоогийн байдлаар 20 орчим уран бүтээлийн сантай байна. Гавьяат жүжигчин Поп дива Ж.Алтанцэцэг дуучин миний "Найзууд" гэх уран бүтээлийг дуулсан. Одоо хоёр дахь поп дива миний дууг дуулах гээд понограмм нь хүлээгдээд байж байна. Таван поп дивагаар дуунуудаа дуулуулах зорилготой.

-Ямар төрлөөр дуулах дуртай вэ?

-Поп дуунууд дуулах сонирхолтой. Би чинь уг нь дуурийн дуунд илүү хайртай. Дуурь сонсоод заримдаа уйлна. Дуурийн том ариа болох “Nessun dorma”-г бол хашраана шүүдээ. Тэр дууг сайн дуулдаг байсан одоо ч сайн дуулна.

-Та өөрийн дуртай дуунуудаас сонирхуулаач?

 -Сүмийн хүн учраас магтан дуунууддаа хайртай байдаг. Тийм биш гэвэл Харанга, Хурд хамтлагийн дуунуудад их дуртай. Эхнэр маань олон жил  чи ер нь их дуу зохиолоо, надад нэг ч дуу зохиож өгсөнгүй гэж үглэж байсан юм. Тэгээд ах нь 2012 онд Нандин учрал гэдэг дуугаа эхнэртээ зориулж дуулж өгсөн чинь зөндөө их баярласан.

-Нэг дуу зохиоход хэр уддаг вэ?

-Зарим дуу нэг жил болно. Зарим өдөртөө л гараас гарчихдаг. Аливаа зүйлийг ажиглаж харж байгаад бодоод зохиох, хүчээр нэг дуу  бичих ч үе бий. Тодорхой зорилготой, хөгжмөөрөө дамжуулаад ийм зүйл хүмүүст ойлгуулья гэж боддог.

-Танд дуулахаас өөр авьяас сонирхол бий юу?
-Би спортын тамирчин хүн. Тулааны урлагаар 2004 оноос хойш тасралтгүй хичээллэж байна. Лайваар гэдэс таталт 2230 удаа тасралтгүй хийсэн. Бас гар дээрээ 27 минутад 1000 удаа суниасан.
Гэдэс таталтаар бол 1999 оны гиннесийн амжилтыг эвдсэн. Одоо бол тэр амжилт эвдэгдээд өөрчлөгдсөн юм билээ. Ах нь турник, гэдэс таталтаар дэлхийн амжилтыг заавал эвдэнэ гэсэн зорилготой байгаа. Цаг нь болохоор.

-Ярилцлагын төгсгөлд хэлэх үг бий юу?

-Бид бүгдээрээ одоо давах ёстой даваагаа давж байна. Тийм болохоор тэвчээр гаргаад улс орныхоо хууль цаазыг мөрдөөд явцгаая. Ямар ч байсан энэ үеийн асуудлыг боломж болгон ашиглаарай.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Ч.Алтангэрэл хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
Ч.Алтангэрэл хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.