Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Солтанд Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 42 секунд

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, мөн Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүллээ.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 407, 461, 419, 445, 429, 425 дугаар хорих ангиудад ял эдэлж байсан нийт 31 иргэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлснийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Харин анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэдэг ангилалд УИХ-ын гишүүн Г.Солтаныг багтаажээ. Шүүхээс Г.Солтаныг нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял шийтгэхийн зэрэгцээ ЖДҮХС-гаас зээлсэн 950 сая төгрөгөө хүүгийн хамт эргүүлсэн төлсөн ч  мөнгө хүүлж олсон орлого болох 7.5 сая төгрөгийг албадан гаргуулахаар шийдвэрлэсэн билээ. Тэрбээр шүүхээс оногдуулсан хорих ялыг ШШГЕГ-ын харьяа хорих 429 дүгээр ангид биечлэн эдлэж байсан бөгөөд хорих ангид шаазан урлалын багшаар ажиллаж байжээ.

ЖДҮ-гийн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Г.Солтаны хэргийг эргэн сануулахад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны долдугаар сарын 29-нд хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял шийтгэсэн юм. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрөө үүсгэн байгуулсан, захирлаар нь хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг “Монгол шаазан” ХХК-д малын тэжээл үйлдвэрлэх төслийн зориулалтаар урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авахын тулд тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт нөлөөлсөн. Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт сайдаар нь хэлүүлж тухайн төслийг шалгаруулах шаардлагатай гэсэн чиглэл өгч, 950 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсон.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд хэргийн зүйлчлэл, анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг нь хүндрүүлэхгүйгээр бага зэргийн өөрчлөлт оруулахдаа Г.Солтанд оноосон хорих ялыг хэвээр үлдээж, төслийн мөнгө хүүлж олсон 7.5 сая төгрөгийн орлогыг албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.

АНУ-д Ази гаралтай цагдаа нар энгийн хувцастай эргүүлд гарна
АНУ-д Ази гаралтай цагдаа нар энгийн хувцастай эргүүлд гарна
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаар зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.