ЗТХ-ийн сайд Л.Халтар Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлж буй “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн гүйцэтгэх захирал Като Такэотай цахимаар уулзлаа.
Уулзалтад ЗТХЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ИНЕГ болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн төлөөлөл оролцож “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар санал, мэдээлэл солилцов.Компанийн зүгээс шинэ нисэх буудалд шилжүүлэн авч ажиллуулах ажилтнууд болон энэхүү ажилтай холбоотой хийж буй үйл ажиллагааны явц, мөн арилжааны нислэгийг шилжүүлэх төлөвлөгөөний талаар танилцууллаа.
ЗТХ-ийн сайд Л.Халтар арилжааны нислэгийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг Концессын гэрээ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв. "COVID-19"-ийн халдварын цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлоод байгаа “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг энэ оны 7 дугаар сарын 1-нд багтаан эхлүүлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаад байна. Энэ хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр холбогдох байгууллагууд идэвхийлэн хамтран ажиллаж байна.