УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар хүний эрхийн асуудлаар Нийтийн сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барих талаар мэдээлэл хийлээ.
Тэд ял эдэлж буй Т.Чимгээгийн асуудлаар УИХ-ын гишүүд чимээгүй байх эрхгүйг хэллээ. Иймд гишүүдийн гарын үсгийг цуглуулж эрүүдэн шүүсэн асуудлаар Нийтийн сонсгол явуулна гэлээ. Нийтийн сонсголоос гарсан санал, дүгнэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэх юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
“Үндсэн хуульд хэнийг ч эрүүдэн шүүж, хүнлэг бус хэрцгий аргаар шүүхийг хориглох заалт бий. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид шүүхийн шатанд эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхийг хориглосон байдаг. Тиймээс иргэн Т.Чимгээгийн асуудлаар дуу хоолойгоо хүргэж байна. Т.Чимгээг шүүхээр шалгагдаж байх процессийн шатандаа эрүүдэн шүүсэн асуудлыг хүний эрхийн зөрчил гэж үзэн дотоодын болон гаднын хүний эрхийн байгууллагуудад хандаж байна. УИХ бүрэн эрхийнхээ дагуу хүний эрхийн зөрчлийн асуудлаар Нийтийн сонсгол хийх шаардлагатай. Энэ саналыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Нийтийн сонсгол хийх боломж бүрдэнэ.
Шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад холбогдох хуульд зарим зохицуулалтыг хийх боломжтой. Ардчиллын баянбүрд гэгдэх Монгол Улсад иргэнээ тэр дундаа эмэгтэй хүнийг эрүүдэн шүүсэнтэй огтхон ч эвлэрч болохгүй. Тухайн хэргийн явцад зарим баримтууд ил болсон мөн Засгийн газрын тогтоолоор эрүүдэн шүүсэн бичлэг хүртэл ил болсон. Хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй удааширч байна. Иймд УИХ-ын гишүүд нэгдэн уг асуудлаар Нийтийн сонсгол явуулах шаардлагатай. Нийтийн сонсголоос гарсан санал зөвлөмжийг бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж мөн шаардлагатай хууль эрхзүйн арга хэмжээнүүдийг авах болно” гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
“Өмнөх парламентын УИХ-ын гишүүдэд Б.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлж байсан. Зургаан удаа шүүхээр яваад өнөөдрийг хүртэл иргэн Т.Чимгээгийн асуудлыг шийдэхгүй байна. Иргэн Т.Чимгээд холбогдох хэрэг бол шударга бус шүүхийн мөсөн оргил гэж дүгнэж байна. Энэ асуудлыг өдөр бүр ярих ёстой. Бид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр төдийнхөнөөр харж хөнгөмсөг хандаж байгаа нь тун харамсалтай. Иргэн Т.Чимгээгийн эрхийг ноцтой зөрчсөөр байхад огт ярихгүй эсрэгээрээ сонгууль болохоор уг асуудлыг хөндөж ярьдаг. Одоо асуудлыг нэг мөсөн мухарлах ёстой. Иргэн Т.Чимгээгийн асуудлыг Дээд шүүхээр яаралтай хэлэлцэж нэг талд нь гаргахыг шаардаж байна” гэв.