Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Буд: Социализмын үед “Дауны синдром халдана“ гэх буруу ойлголттой байсан. Одоо бол хүмүүсийн харах өнцөг өөрчлөгдөөд сайхан болсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 7 секунд

С.Зориг сангийн хашаанд байрлах жижигхэн "Smile" кофе шопыг даунтай хүүхдүүд болон тэдний ээжүүдийн эрхлэн ажиллуулдаг гэдгээрээ ихээхэн онцлог. Тус кофе шоп нь байгуулагдаад 7 жил болжээ. Өдгөө 5 сурагч, ээжүүдийнхээ хамт ээлжлэн ажиллаж байна. Тэдний төлөөлөл бол У.Нинжбадам болон түүний ээж Б.Буд. Өнөөдөр тэдний ажиллах ээлж байлаа. У.Нинжбадам биднийг "Та юу захиалах уу" гээд инээмсэглэн угтав. Тэрбээр хүмүүсийн захиалгыг бэлтгэнэ, мөн хүргэж өгдөг. Харин сэндвич хийх, өндөг шарах бусад зүйлийг хийхэд ээж нь тусалдаг. Эдгээр нь бидэнд энгийн боловч тэдний хувьд хүндхэн даалгавар аж.

Түүнчлэн тус кофе шоп дауны холбоотой хамтран ажилладаг байгууллагуудын ажилтан, оюутан залуус ихээр үйлчлүүлдэг бөгөөд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь энд ажилладаг залуусын найрсаг үйлчилгээ гэнэ.

У.Нинжбадам ширээний теннис тоглож, усан спортоор хичээллэх дуртай. Тэрбээр 11 жил ширээний теннисээр эрчимтэй хичээллэж байгаа бөгөөд 2015 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон Тусгай олимпоос ганцаарчилсан тоглолтод мөнгөн медаль, дэмжин тоглогчтой төрөлд алтан медаль хүртэж байжээ. Харин 2019 оны Тусгай олимпоос ганцаарчилсан төрөлд мөнгө, дэмжин тоглогчтой төрөлд хүрэл медаль хүртэн амжилтаа бататгасан байна. Өөрөөр хэлбэл, хоёр удаагийн Тусгай олимпоос дөрвөн медаль хүртсэн байна.

Монгол Улсад дауны өвчтэй хүүхдүүдийн онцлогт тохирсон сургалт боловсролын системгүй олон жил явснаас үүдэн тэдгээр хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж олон нийт ойлгодог байсан. Гэхдээ тэдгээр хүүхдүүдийн онцлогт нь тохируулан зааж сургасан тохиолдолд амжилтад хүрч чаддаг гэдгийг У.Нинжбадамаас харж болохоор. Харин түүний ээж Б.Буд чөлөөт уран бүтээлч. Охиноо бага дээр нь урлан дээрээ хамт бүтээлээ туурвидаг байсан бол өдгөө охиндоо хань бараа болох болжээ. Тиймдээ ч Б.Буд охиныхоо сонирхол, хоббиг хөгжүүлэхэд энэ амьдралаа зориулсан гэхэд буруудахгүй. У.Нинжбадам гурван хүүхдийн отгон нь.

"Зүүний үзүүр дээр будаа тогтох мэт энэ хүмүүн биеийг олж хорвоод мэндэлсэн эдгээр хүүхдүүдийг ялгаварлах эрх хэнд ч байхгүй. Тэд ч адилхан зүрх сэтгэлтэй" гэдгийг Б.Буд онцолж байв.

У.Нинжбадам 25 дугаар сургуулийг төгсжээ. Тухайн үед ээжийнх нь толгойд "Одоо бид хоёр хаачих вэ" гэх бодол орж ирсэн гэдэг. Тэр үед Монголын Дауны Холбоотой холбогдож, улмаар охиноо нийгэмшүүлэхээр "Smile" кофе шопд ажилд ороод аль хэдийн 7 жил өнгөрчээ. Ингэснээр У.Нинжбадам хэл ярианы хувьд маш их ахиц гарч, ар гэрийнх нь хувьд ч гэсэн сэтгэл санааны байдал нь ч дээрдсэн байна.

Б.Буд "Социализмын үед дауны синдромын талаар огт ярьдаггүй байсан үе л дээ. Хүн тэгээд өөрт нь тохиолдохоор л ямарваа нэгэн зүйлийг илүү сайн судалж, ул суурьтай ханддаг юм байна лээ.Охин маань төрсний дараа энэ талаар судалж эхэлсэн. Гэхдээ социализмын үед "Дауны синдром халдана" гэх ойлголттой байсан учраас ангийнх нь хүүхдүүд дэргэд нь суухгүй, хичээл дээр нь ганцаараа суудаг байлаа. Харин энгийн хүүхдүүд найзлаад ирэхээрээ бүрэн дүүрэн ойлгож эхэлдэг. Одоо бол байдал өөр болсон. Холбоо маань ч байгуулагдаж, хүмүүсийн харах өнцөг ч өөр болсон.

Охин маань хэл ярианы бэрхшээлтэй, сонсголоороо хүлээж авдаг учраас олон зүйл тайлбарлах юм бол ойлгохгүй байх талтай. Ерөнхийдөө зааж байгаа зүйл нь цэгцтэй, дараалалтай багш өөрөө сэтгэлзүйн хувьд маш хүлээцтэй байхыг шаарддаг.

Энгийн хүүхдүүдийг бодвол аливаа юмыг хүлээж авч сурахдаа удаан байдаг. Хэрэв тэдгээртэй уйгагүй ажиллавал бусдын адил уншдаг, бичдэг, дуулдаг, хөдөлмөр эрхэлдэг болдог. Бас нэг онцлог нь муу санаа, далд санаа гэж байдаггүй, огт мэддэггүй. Хайр гэрэлтсэн хүүхдүүд. Тиймдээ ч "Нарны хүүхдүүд" гэж дуудагддаг. Ээж, аав, ойр дотнохондоо онцгой элэгсэг, хайртай байдаг юм" гэдгийг онцоллоо.

Э.БУРАМ

Б.Жаргалан: Хийсэн ажлын үр дүн хангалтгүй байсан тул АТГ-ын даргыг улираан томилохыг ДЭМЖЭЭГҮЙ
Б.Жаргалан: Хийсэн ажлын үр дүн хангалтгүй байсан тул АТГ-ын даргыг улираан томилохыг ДЭМЖЭЭГҮЙ
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.