Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: Нийт өрхийн 64.0 хувь нь цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 16 секунд


Үндэсний статистикийн хорооноос Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар”-ыг тэмдэглэх нь ард иргэдийн амьдрал, улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг харуулах зорилгоор “Цагаан сар ба Эдийн засаг” судалгааг 2016 оноос хойш хийж, олон нийтэд танилцуулж байна. 2020 онд ҮСХ-ноос эрхлэн гаргасан "Цагаан сар ба эдийн засаг" судалгааны онцлох статистик үзүүлэлтүүдийг танилцуулж байна. 

1. ЦАГААН САР БА ЭДИЙН ЗАСАГ

Цагаан сарын баяраар ахмад настнаа хүндэтгэн золгохдоо гар хоосон золгодоггүй уламжлалын дагуу хадаг, торго зэрэг бэлэг, сэлт барьж золгодог байсан уламжлал нь орчин үед “шинэ” мөнгөн дэвсгэрт болон солигдсон. Үүнтэй холбоотой цагаан сарын баярын өмнө шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихсэх болсон. Нөгөө талдаа Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 2017 оны 2 дугаар сард болон 2019 оны 1 дүгээр сард хамгийн өндөр байгаа нь цагаан сарын баяртай давхцаж байгаа юм. Үүнээс харахад Монголбанкнаас цагаан сарын баярын өмнө бусад саруудтай харьцуулахад илүү их бэлэн мөнгийг гүйлгээнд гаргадаг байна.


Арилжааны банкуудын олгосон цалин, тэтгэврийн зээлийн сүүлийн 3 жилийн мэдээллээс харахад 2017 оны 2 дугаар сард 508.0 тэрбум төгрөгийн зээл олгосон нь тухайн оны дундаж зээл олголтоос 40 хувиар илүү байжээ.Харин 2018, 2019 онуудын 2 дугаар саруудад олгосон зээлийн хэмжээ харгалзах жилүүдийн дунджаас доогуур байгаа төдийгүй 2017 онтой харьцуулахад 2018 оны 2 дугаар сард 335.3 тэрбум төгрөг болж 34.0 хувиар, 2019 оны оны 2 дугаар сард 97.7 тэрбум төгрөг болж 80.8 хувиар буурсан байна.

Эндээс дүгнэхэд ахмад настан болоод айл өрхүүд 2017 онтой харьцуулахад сүүлийн 2 жилд цагаан сарын баяр тэмдэглэхээр цалин, тэтгэврийн зээл авах нь эрс багасаж байгааг харж болохоор байна. 


Цагаан сарын баярын бэлтгэл ажил ид өрнөж буй үед хүнсний бараа, ундаа, усны хэрэглээний үнийн өсөлт хамгийн өндөр буюу 2.7-3.4 хувьтай байна. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтийн 30 орчим хувийг махны үнийн өсөлт эзэлдэг. Үүнээс үзэхэд цагаан сарын баярын үеэр иргэдийн хүнсний бүтээгдэхүүний эрэлт нэмэгддэг учраас зах зээлийн хуулиараа үнийн өсөлт бий болж улмаар инфляцын түвшин нэмэгдэхэд хүргэдэг байна.


2. ЦАГААН САР БА ҮЙЛДВЭРЛЭЛ

Цагаан сарын баярыг угтан (1 болон 2 дугаар саруудад) 2017 онд 399.1 тонн хэвийн боов, 59.8 тонн ааруул, 22.6 тонн чихэр, 4.3 сая литр архи, 473.8 мянган хос оймс, 1113 дээл үйлдвэрлэж байсан бол 2019 онд хэвийн боов 480.1 тонн болж 20.3 хувиар, чихэр 26.6 тонн болж 17.8 хувиар, архи 4.6 сая литр болж 5.3 хувиар, оймс 891.5 мянган хос болж 88.2 хувиар, дээл 18 433 ширхэг болж 16.5 дахин нэмэгджээ.

Харин ааруулын үйлдвэрлэл 2019 онд 57.0 тонн болсон нь 2017 оноос 4.6 хувь буурсан байна. Жил бүрийн цагаан сарын дараа буюу 3 дугаар сард дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэл эргэж буурч байна. 


Монгол дээл, тэрлэгийн үйлдвэрлэл нэлээдгүй анхаарал татаж байгаа ба дээлийн үйлдвэрлэлийг сүүлийн гурван жилийн сар бүрээр задлан харвал “Цагаан сарын баяр” болон “Үндэсний их баяр наадам”-ын үеэр буюу жил бүрийн нэг, хоёр, зургаа, долоо дугаар саруудад үйлдвэрлэл эрчимждэг нь харагдаж байна.


3. ЦАГААН САРЫН ИДЭЭ, ГАРЫН БЭЛЭГ

Цагаан сарын баярт зориулж бор болон цагаан гэсэн хоёр төрлийн идээ бэлтгэдэг бөгөөд боридээнд бүхэл мах, бууз, банш, шимийн архи зэрэг ордог бол цагаан идээнд бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг зэрэг ордог байна.

Нэг өрхийн бор идээний хэрэглээ 2020 онд дунджаар 499.8 мянган төгрөг болж байгаа бөгөөд үүний 56.0% - ийг хонины ууцны зардал эзлэхээр байна. Харин цагаан идээний хэрэглээ 2020 онд дунджаар 299.2 мянган төгрөг байх төлөвтэй байна.


Гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8.0-27.0 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл, нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 1050.0 мянган төгрөг зарцуулахаар байна.

ҮСХ-ноос тооцож нийтэд мэдээлдэг, хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индексийн тооцоонд ашигладаг, хэрэглээний сагснаас гарын бэлэгт бэлэглэж болохуйц бүтээгдэхүүнийг нэр төрлөөр зах зээлийн дундаж үнийг харуулав. 


4. ӨРХИЙН ЗАРЛАГА

Үндэсний статистикийн хорооны “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа (ӨНЭЗС)” –гаар цагаан сарын баярын үед өрхийн сарын дундаж зарлагад дараах өөрчлөлтүүд гарч байна. Үүнд:

  • Нэг өрхөөс цагаан сарын баяр тэмдэглэхэд гардаг дундаж зардал 2018 онд 814.2 мянган төгрөг болсон нь өмнөх оноос 71.7 мянга буюу 9.7 хувиар нэмэгдсэн байна. 
  • 2018 онд инфляцын түвшин 8.1 хувь байсан ба өрхийн зардлаас үнийн нөлөөллийг арилган тооцвол өрхийн бодит зардал 2017 оноос 1.4 хувиар нэмэгдсэн байна.

Нэг өрхөөс цагаан сарын баяр тэмдэглэхэд гардаг дундаж зардлыг өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл:

  • 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 494.6 мянган төгрөг,
  • 30-39 насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 644.9 мянган төгрөг,
  • 40-49 насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 757.2 мянган төгрөг,
  • 50-59 насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 915.5 мянган төгрөг,
  • 60-аас дээш насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 1189.0 мянган төгрөг байна.

Монгол Улсын нийт өрхийг өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл, 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй өрх (I) нийт өрхийн 11.0 хувь, 30-39 насны өрхийн тэргүүнтэй өрх (II) нийт өрхийн 26.9 хувь, 40-49 насны өрхийн тэргүүнтэй өрх (III) нийт өрхийн 24.9 хувь, 50-59 насны өрхийн тэргүүнтэй өрх (IV) нийт өрхийн 20.1 хувь, 60-аас дээш насны өрхийн тэргүүнтэй өрх (V) нийт өрхийн 17.1 хувийг эзэлж байна.

Цагаан сарын баярыг:

  • Нэгдүгээр өрхүүдийн 25.0 хувь
  • Хоёрдугаар өрхүүдийн 45.0 хувь
  • Гуравдугаар өрхүүдийн 65.0 хувь
  • Дөрөвдүгээр өрхүүдийн 85.0 хувь
  • Тавдугаар өрхүүдийн 95.0 хувь нь тэмдэглэдэг гэж таамаглавал нийт өрхийн 64.0 хувь нь 2020 онд цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвтэй байна.

Судлаачдын таамагласнаар 2020 онд Монгол Улсын нийт өрхийн 64.0 хувь нь Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, нэг өрх дунджаар 2.2 сая төгрөгийг идээ цагаа, гарын бэлэг, баярын гоёлд зарцуулна гэвэл, улсын хэмжээнд Цагаан сарын баярт ойролцоогоор 1.2 их наяд төгрөгийн зардал гарахаар байна. Тус зардлыг бүтцээр нь задалбал идээ, цагаа, бусад хүнсний зардалд нийт зардлын 36.0 хувь, гарын бэлэгт нийт зардлын 47.0 хувь, баярын гоёлд нийт зардлын 17.0 хувийг зарцуулахаар байна. Өөрөөр хэлбэл, тухайн хэмжээний мөнгө зах зээлийн эргэлтэд орно гэсэн үг юм.

Судалгааны дэлгэрэнгүйтэй танилцах


Энэ жилийн хувьд ҮСХ-ноос гаргасан "Цагаан сар ба эдийн засаг" судалгаагаар дээрх үзүүлэлт бүхий таамаг гарсан хэдий ч шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор Улсын онцгой комиссоос цуцлах саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд байгаа билээ. Дээрх асуудлыг ҮАБЗ-ын өнөөдрийн хурлаар хэлэлцэнэ. 
Маргаашнаас цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
Маргаашнаас цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц