Их Британийн хунтайж Харригийн гэргий Меган Маркл “ITV” телевизид гомдол гаргасантай холбоотойгоор тус телевизийн хөтлөгч Пирс Морган халагджээ.
Опра Уинфритэй хийсэн ярилцлагын үеэр хэлсэн Марклын нэг ч үгэнд итгэхгүй байна хэмээн Морган мэдэгдэж байсан тухай “ITV” телевизийн тоймч Крис Шип ярьсан байна. Пирс Морганы хэлсэн үг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хийгээд амиа хорлох тухай боддог хүмүүст хэрхэн нөлөөлж болзошгүй тухай үзэл бодлоо Меган “ITV” телевизийн ерөнхий захиралд илэрхийлсэн хэмээн Шип “Твиттер” хуудастаа тэмдэглэжээ.
“ITV” телевизээр ярилцлага өгөх үеэрээ Меган Маркл хэд хэдэн шуугиан дагуулсан мэдэгдэл хийсэн юм. Тодруулбал, жирэмсэн байхдаа хааны гэр бүл, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчидийн дарамт шахалтанд өртсөний улмаас амиа хорлох тухай бодол үе үе орж ирдэг байсан тухайгаа Меган дэлгэн ярьжээ. Африк гаралтай америк тэрбээр мөн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргасан хэмээн нөхрийнхөө төрөл садныг буруутгасан байна.
Хөтлөгч Морган “Өглөөний мэнд, Их Британи” нэвтрүүлэгтээ Марклын илэн далангүй байдалд огт итгэхгүй байгаагаа ярьсан бөгөөд хөтөлбөрийн дараа тэрбээр 40 мянга гаруй гомдол хүлээн авчээ. Үзэл бодлоо илэн далангүй илэрхийлдэг байдлаараа тэрбээр дэмжигчиддээ үнэлэгддэг хэдий ч энэ удаад шүүмжлэгчид нь түүнийг сэтгэл санааны гүн хямрал, амиа хорлох бодлыг ноцтой асуудал гэж харахгүй байна хэмээн буруутгасан байна.