Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Түүх сөхвөл 1857 оны гуравдугаар сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагсаж байжээ.
Тэгвэл эмэгтэйчүүд анх удаа эрхийнхээ төлөө тэмцсэн энэхүү өдөр манай сайтын зүгээс олон улсад амжилттай яваа Монгол эмэгтэйчүүдийнхээ тухай танилцуулж байна.
"Oogii” брэндийг дэлхийд таниулж буй эмэгтэй
Австралийн телевизээс ажлын гараагаа эхэлж, өдгөө “Oogii” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг. Тэрбээр Австралийн “Rack Corp” компанид глобал PR захирлаар ажилладаг. "Rack Corp" компанийн хувьд дэлхийн 15 улсад нийт 27 дата төвд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг байна.
О.Оюунцэцэг олон улсын сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Баруун Сиднейн их сургуульд дэлхийн хэвлэл мэдээллийн ажилтан, мульти медиа мэргэжлээр мастер хамгаалжээ.
“Oogii” брэндийн хувьд өндөр өсгийт, эрэгтэй эмэгтэй гутлууд, цүнх, утасны гэр, тэлээ зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг могой болон матрын арьсаар хийдэг. Тус бүтээгдэхүүнийг дэлхийн өнцөг булан бүрээс захиалан авах боломжтой бөгөөд эрүүл мэндэд ээлтэй, чанартай гэдгээрээ үйлчлүүлэгчдийн сонирхлыг татаж байгаа юм. Мөн Япон, Австрали улсуудад хэд хэдэн салбар дэлгүүртэй болжээ.
FIFA-гийн зэрэглэлтэй Монголын анхны эмэгтэй шүүгч
Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгч Ө.Батцэцэг Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) туслах шүүгчийн зэрэглэлтэй болж, 2021 оны олон улсын шүүгчдийн жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүлсэн байна.
Ө.Батцэцэг нь МХБХ-ны дээд зэрэглэлийн тэмцээнүүд болох Үндэсний дээд лиг, Үндэсний нэгдүгээр лигт туслах шүүгч, Эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажилладаг. Тэрбээр эрэгтэй шүүгчдийн гүйх ёстой фитнесс шалгууруудыг гүйцэтгэж чаддаг ирээдүйн чадварлаг шүүгч юм.
Холливудад хөл тавьсан Монгол бүсгүй
2019 онд болсон Венецийн кино наадмын үеэр Б.Ганчимэгийн гол дүрд тоглосон “Waiting for barbarians” кино дэлгэцнээ гарсан юм. Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн "Зэрлэгүүдийг хүлээхүй" романаас сэдэвлэсэн уг киног алдарт жүжигчин Жони Депп продюсерласан байна. 76 дахь жилдээ зохион байгуулагдсан Венецийн кино наадмын улаан хивсний ёслол дээр монгол эмэгтэй холливудын алдартнуудтай хөл зэрэгцэн алхав. Арваад жилийн тэртээ олон улсын загварын тайзан дээр өөрийгөө сорихоор Англи улсыг зорьсон бүсгүй 2016 онд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Лондон хотын “The City Lit” сургуулийг жүжигчний мэргэжлээр суралцаж төгсчээ. Ийнхүү тэр загвар өмсөхөөс илүү жүжигчний мэргэжилд илүү дурлаж, тэрхүү мэргэжилдээ амжилт гаргахаар зорьж яваа юм.
Тэрбээр “Wonder Women”, “Ex Machina, “In the Name of Ben Hur”/2016/, “Fast and Furious 6”, Ronan-47 , “Waiting for barbarians”, “Mad Lord” “Sweet lies” зэрэг томоохон кинонд дүр бүтээгээд зогсохгүй “A Boy On A Beach”, “Vinegar Tom”, “Love and Information”, “Much Ado About Nothing”, “The White Devil ”, “Sweeney Todd”, “The Snow Queen” зэрэг тайзны бүтээлүүдэд тогложээ. Дээрх кино төслүүд дээр ажиллаж байхдаа Киану Ривз, Жони Депп, Роберт Паттинсон зэрэг холливудын алдартнуудтай хамтарсан байна.
АНУ-ын баатар Д.Түмэнтөгс
АНУ-ын Алъяскын армид тэнгисийн цэргийн прокурор, хуулийн офицер мэргэжлээр алба хаадаг ахмад бүсгүй анх хийлч мэргэжлээр Хөгжим бүжгийн коллежид суралцаж байжээ. СУИС-д нэг жил суралцаад АНУ-ыг зорьсон тэрбээр цэргийн хүн болно гэх төсөөлөлгүй байсан ч хувь тавилангаа дагаж явсаар нэг мэдэхэд л цэргийн хуульч болсон байжээ.
Тэрбээр АНУ-ын топ-5 сургуулийн нэг Виржиниа мужийн их сургуулийн хуулийн ангийг төгссөн байна. Сургуулийнх нь ойролцоо Үндэсний гвардын анги байрладаг учир би ерөнхийд нь тус улсын цэргийн алба хаагчдын юу хийдэг талаар ерөнхий ойлголттой болжээ. Бакалавраа амжилттай дуусгаад докторын зэрэг хамгаалахаар суралцаж эхэлсэн байна. Учир нь Америкт хуульчаар ажиллахад заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлагатай байдаг аж. Үүгээр ч зогсохгүй докторын зэргээ хамгаалсан бол тус улсын Хууль зүйн яамны хороонд хуульчийн лицензийн эрх авах шалгалт өгдөг байна. Д.Түмэнтөгс лицензийн эрхээ аваад удаагүй байхдаа армид ажилд орохоор шийджээ. Тэрбээр энэ талаараа “Ер нь оюутан байхдаа цэргийн дүрэмт хувцастай хүмүүсийг хараад армид ажиллаж үзвэл сонирхолтой байж магадгүй гэж дотроо битүүхэн боддог байсан нь сүүлд нөлөөлсөн байх гэж боддог. Эзэмшсэн мэргэжлээрээ армид алба хаахын тулд нэлээд өндөр шалгуурыг давсан. АНУ даяараа армид жилд 10-хан хүнийг сонгон шалгаруулж, цэргийн хуульч мэргэжлээр алба хаалгадаг” хэмээн ярьжээ.
Тэрбээр өмнө нь БНСУ-д байрлах АНУ-ын Тэнгисийн явган цэргийн маш том баазын захирагчийн зөвлөх хуульчаар ажиллаж байсан туршлагатай АНУ-ын цэргийн армид элссэн байна. Анх армид орох гээд ярилцлага өгч байхад нь “Та ямар үндэстэн бэ?” хэмээн асууж “Би Монгол хүн” гэж хариулахад нь "Ямар ч байсан тэсвэр хатуужилтай юм байна багийн ахлагчаар нь чамайг томиллоо” гэж хэлж байсан гэнэ.
АНУ-ын иргэд цэргийн алба хаагчдаа маш ихээр хүндэлдэг талаар тэрбээр “Миний анзаарсан зүйл гэвэл америкчууд цэргийн алба хаагчдыг маш ихээр хүндэлдэг. Хаана ч явсан тэр, хүмүүс хүрч ирээд “Thank you for your service” (Эх орныхоо төлөө зүтгэж байгаад тань баярлалаа) гэдэг. Бүр заримдаа үнэхээр ичдэг шүү. Ресторанаар үйлчлүүлчихээд идсэн хоолныхоо тооцоог хийх гэтэл “Таны өмнөөс тооцоог тань аль хэдийн хэн нэгэн төлчихсөн” гэхтэй олон удаа таарсан. Гадаа гудамжинд алхаж явахад хүртэл хүмүүс хүрч ирээд хамт зургаа авахуулаад л, тэр үед “Би бол зүгээр жирийн хуульч хүн. Ямар нэгэн дайнд ч явж байгаагүй” гэхээр “Та бол цэрэг хүн, бидний төлөө, энэ эх орны төлөө та хэзээ ч амиа алдаж магадгүй. Тийм болохоор та бидний баатар” гэж хэлж байсан. Ард түмэн нь цэрэг хүнийг их хайрладаг юм байна гэж боддог” хэмээн ярьжээ.
Английн Засгийн газрын зөвлөх Л.Дулмаазул
“Дэлхийн банкир” хэмээн Business.mn сэтгүүлээс онцолж байсан Лувсандоржийн Дулмаазул Их Британийн Засгийн газрын зөвлөхөөр ажиллаж буй. Тэрбээр энэ оноос эхлэн Английн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мега болон дэд бүтцийн төслийн хорооны хөрөнгө оруулалтын явц, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, санхүүжилтийг хянан боловсруулж тус улсын Засгийн газарт зөвлөгөө өгч тайлагнах өндөр үүрэгтэй. Мөн Ерөнхий сайд Борис Жонсоний 12 тэрбум фунтстерлингийн амлалт өгөөд буй ногоон үйлдвэрийн хувьсгал хийх арван цэгийн төлөвлөгөө болон “NETZERO 2050” төслүүд дээр ажиллах юм.
Л.Дулмаазул нь Прагийн Карлын их сургууль, Токиогийн Гадаад харилцааны их сургуулийг төгссөн. Мөн Оксфордын их сургуулийг Санхүүгийн бодлого чиглэлээр магистрын зэрэгтэй дүүргэн үргэлжлүүлэн Оксформдын Бизнесийн сургуульд сурч, Executive MBA хамгаалсан нэгэн.
Сүүлд Монголдоо сэргээгдэх эрчим хүчний болон дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө босгох чиглэлээр ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар хотын худалдааны танхимын ТУЗ-ийн гишүүн, Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацид зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Мөн 2008-2018 онд Японы SMBC олон улсын банкны Лондон дахь салбарт ажиллаж байсан. Олон улсын банкинд ОХУ, Зүүн Европыг хариуцан ажиллаж эхлэхэд мэргэжлийн мэдлэг, чадвараас гадна орос, чех хэлний мэдлэг нь давуу тал болсон тухай бидэнд ярьж байлаа. Хэдэн зуун сая ам.долларын өртөгтэй үндэсний төслүүдийг хэрэгжүүлэхэд нэг банк биш, олон том банк хамтарсан буюу синдикат зээл олгох маягаар санхүүжилтийг шийддэг. Дэлхий дахинд ийм зээл олгох чадалтай 10 орчим банк байдгаас SMBC нь сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнуудын мега төслүүдэд идэвхитэй санхүүжилт олгоод буй.
2010 оны эхээр Дулмаазул монголын хэд хэдэн том компанитай SMBC банкыг холбож өгч, улмаар тус банк 100 сая ам.доллараас дээш өртөгтэй мега төслүүдийг санхүүжүүлэх, цаашдаа салбараа нээх сонирхлоор Монголд төлөөлөгчийн газраа нээж байжээ.
Оксфордын Бизнесийн сургуулийн Executive MBA хөтөлбөрт суралцагчдын профайлд бичсэнээр Дулмаазул SMBC банканд ажиллах хугацаандаа Европ, Ойрхи Дорнод, Африкийн орнуудад нийт 20 гаруй тэрбум ам.долларын төслүүдийг хариуцан ажиллаж, Дундад Ази, Орос, ТУХН-ийн орнуудад төслийн анхан шатыг эхлүүлжээ. Мөн Дэлхийн банк, АХБ, ОУСК зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай ажил хэргийн ойр харилцаатайг дурджээ. Түүнчлэн, түүний хэрэгжүүлсэн төслүүдээс Euromoney, Project Finance сэтгүүлүүдийн шилдэг төслөөр шалгарч байжээ.