Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвлөгөө: Хаврын ядаргаа тайлахад шалгарсан аргууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 47 секунд

-ХАВРЫН ЯДАРГАА ГУРАВДУГААР САРЫН ДУНДААС ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛДЭГ-

Хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбод орчиндоо дасан өөрчлөгдөн зохицдог. Өөрөөр хэлбэл хавар нарны тусгал хурц болж цаг агаар дулаарахад хүний бие дасах гэж нэлээд зүдэрдэг аж. Товчхондоо үүнийг л хаврын ядаргаа гэж нэрлэдэг байна. Барууны эрдэмтэд бүхий л өвчний үндэс нь ядаргаа гэж тайлбарладаг. Ядарч сульдсан махбод ямар ч дархлаагүй болж гадны бүхий л нөлөөнд автамтгай болдог. Иймээс эмч, мэргэжилтнүүд ядрахгүй байхыг, ядарсан бол түүнийгээ тэр дор нь тайлж байхыг анхааруулж байна.

Хаврын ядаргаа гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд хүртэл үргэлжилдэг. Шинж тэмдэг нь тун энгийн. Ханатлаа унтсан ч нойр хүрч, толгой өвдөөд байвал ядаргаанд орсны дохио. Ямар ч юманд дур сонирхолгүй хандах, хүчгүй болох, үе мөч өвдөх зэргээр шинж илэрч байвал биедээ анхаарахыг зөвлөе.

Цаг агаар дулаарч, нэмэх хэм дээшлэх хэрээр цусны судасны хана тэлж даралт буурах өөрчлөлт хүний биед илэрдэг.

Ядаргааны шинж тэмдгүүд их бага хэмжээгээр илэрч л байвал яаралтай арга хэмжээ авч ядаргаагаа тайлах хэрэгтэй.

ВИТАМИН+УУРАГ

Хүний бие хаврын урин цагт дасан зохицож эхэлтлээ ойролцоогоор дөрвөн долоо хоног болдог гэнэ. Сар орчим хугацаанд таагүй байдаг гэсэн үг. Хаврын ядаргааг давах арга ч тийм хэцүү биш. Хооллолт, хөдөлгөөн, цэвэр агаарт гарахад л болно.

Хүйтний улиралд шинэ ногоо жимс ховор байдаг учраас хүн хаврын улирал гэхэд нөөц витамин, эрдэс бодисоо алдчихсан байдаг аж. Тийм учраас л дархлаа нь суларч, өвчинд ээрэгдэхдээ амархан болдог байна. Тэгэхээр хаврын улиралд витамин дээр нэмэх нь уураг гэсэн зарчмыг хооллолтдоо мөрдөөрэй. Шинэ ногооны салат, витаминтай, хөнгөн. Учир нь хүнд хоол боловсруулах гэж энергиэ барах эрсдэл бий. Биеийн багахан энергийн ихэнх нь зөвхөн идсэн хоолоо боловсруулахын тулд “үрэгдвэл” ямар олиг байхав. Товчхондоо гурван удаа хүнд хоол идэж биеэ ядрааснаас таван удаа витаминлаг хөнгөхөн хооллох нь танд хэрэгтэй. Бас шингэнээ сайн нөхөөрэй. Өдөрт дор хаяж 1,5 литр шингэн уух учиртай. Гэхдээ жүүс, кофе, газтай ундаа шингэнд орохгүй. Хүний биед бодисын солилцоог сайжруулан энерги авахад В витамины төрлүүд хэрэгтэй. Витамин B1 мах, төмс, буудайнд, B2 сүү, сүүн бүтээгдэхүүн, элэг, загас, өндөг, бууцайнд, B6 мах, загас, байцаа, төмс, вандуй, гадил жимсэнд, B12 загас, элэг, өндөгний шаранд агуулагддаг. С витамин, төмөрлөг, магниз агуулсан хүнс ч хаврын ядаргааг ялахад тань туслах эрдэс, амин дэмүүд. С витамин жимс,тэр дундаа жүрж, нимбэгэнд ихээр агуулагддаг аж. Мөн ногоон ногоо, амтат улаан чинжүү, улаан лооль, төмс ч С витаминаар баялаг. Мах, дотор мах, ногоон ногоонд төмөр агуулагддаг. Магнизын хувьд бүтэн үр тариагаар хийсэн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, маханд баялаг бий.

Долоо хоногтоо нэг удаа махтай хоолноос татгалзахыг хичээгээрэй. Мах идэхгүй, өдрийнхөө хоолны цэсэнд будаа, жимс ногоо, шар сүү хэрэглэвэл зүгээр. Ингэж долоо хоногийн нэг өдөр ч гэсэн цагаан хоол хэрэглэхэд бие тань илүү хөнгөрөх болно. Махны оронд загас хэрэглэвэл биед сайн. Хүний биед зайлшгүй шаардлагатай, судсыг цэвэрлэдэг омего төрлийн тос зөвхөн загасанд л их хэмжээгээр агуулагддаг.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан судалгаагаар ядаргаанд өртдөггүй, стресст ордоггүй хүмүүсээр тамирчид шалгарчээ. Тэд бэлтгэлийн явцад бүхий л бие, булчин шөрмөсөө ажиллуулж, дотоод сэтгэлдээ байгаа бухимдал, стресс зэргээ хөлсөөрөө гадагшлуулдаг байна. Ийм учраас тамирчид дунд амиа хорлох явдал барагтай бол гардаггүй гэсэн сонирхолтой судалгаа ч гарч. Тэгэхээр фитнесст явж хөлсөө гаргах нь хаврын ядаргаанд баяртай гэж хэлэх нэг шилдэг арга байх нь. Бас орчин их чухал. Гэр орон, албан тасалгаандаа цэцэг тарих, зун хашаандаа ногоо тарьж, хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль ургуулж, арчилж, тордох нь ядаргаа тайлах гайхмаар шилдэг арга гэнэ.

Ядаргаатай тэмцэхэд нойр их чухал. Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтах ёстой аж. Шөнө хэт оройтохгүй, болж өгвөл 22:00 цаг гэхэд орондоо ороорой. Учир нь энэ цагаас хойш эсийн нөхөн сэргээлт явагддаг байна.

ЯДАРГАА ТАЙЛАХ УЛАМЖЛАЛТ АРГУУД

Эртний монголчууд ядаргаанд орж сульдсан хүнийг хонины чанасан толгойн шөл, шийртэй цай, шар будаатай хийцтэй цай зэргээр тордож, тэнхээ оруулдаг байжээ. Хонины толгой, шийрийг хуйлхалж, хярваслах үед ядаргаанд орсон хүнийг утаагаар нь утдаг байж. Таван цулын шөл, битүү шөлөөр ядаргаа тайлдаг арга ч бий. Цулхир, халгайн үр, хонины толгойн гавлын яс, тойг, дунд чөмөг, бажууны замбага, тасалсан гурил, шар тос, өрөм самарсан, хонины сүүл, өндөгтэй цай гээд олон төрлийн цайгаар ядаргаа тайлдаг. Уламжлалт аргаар ядаргааг хоол ундаар ийн тайлахдаа хамгийн гол нь салхи авахуулахгүй, гам сайн барих хэрэгтэй байдаг. Уламжлалт анагаах ухаанд гам барина гэдэг нь тан уухаас илүү ач холбогдолтой хэмээдэг.

Дүрэмтэй хөзөр зам тээврийн осол, гэмт хэрэг буурахад нөлөөлсөн
Дүрэмтэй хөзөр зам тээврийн осол, гэмт хэрэг буурахад нөлөөлсөн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.