АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байдэн 20 долларын дэвсгэрт дээр боолчлол, арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгч, эмэгтэйчүүдийн сонгох эрхийн төлөө бат зүтгэсээр Америкийн түүхэнд үлдсэн, анхны өнгөт арьст, эрх чөлөөний төлөө тэмцэгч эмэгтэй Харриет Тубманы зургийг хэвлэх зөвшөөрөлд гарын үсэг зуржээ. Трамп 2020 онд эхлүүлэх ёстой байсан энэ төслийг нь зөвшөөрөхөөс татгалзаж байсан бол Жое Байдэн үүгээрээ Трампын хийсэн үйлдлүүдийг үгүйсгэх ажлаа эхлүүлж буй бололтой.
Энэхүү санаачилгыг Обама Ерөнхийлөгчийн үед гаргаж байсан аж. Тубманыг Эндрю Жексоны оронд 20 долларын дэвсгэрт дээр мөнхлөх шийдвэрийг тухайн үед Сангийн яамны нарийн бичгийн дарга Жейкоб Лью 2016 онд санаачилж байжээ. Ингэхдээ ард иргэдийн дунд нийтийн санал асуулга явуулж, Тубманыг сонгож байсан аж. Анх Тубманыг 10 долларын дэвсгэрт дээр гаргаж, Ерөнхийлөгч Александр Хэмилтоныг буулгахаар төлөвлөж байжээ. Яг энэхүү төслийг боловсруулах үеэр Бродвэйн мюзикл болох “Хэмилтон” олныг байлдан дагуулж чадсан учраас Тубманыг 20 долларын дэвсгэрт дээр гаргах шийдвэр дээр тогтсон байна.
Тубманыг залсан 20 долларын дэвсгэртийн нээлтийг 2020 онд эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хангасан 19 дүгээр нэмэлт өөрчлөлтийн 100 жилийн ойтой давхцуулан хийхээр төлөвлөж байсан ч Трамп үүнийг нураажээ.
"Сангийн яам Харриет Тубманыг шинэ 20 долларын дэвсгэртийн нүүрэн дээр тавих ажлыг үргэлжлүүлэх арга хэмжээ авч байна" хэмээн Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Псаки хэлэв. "Манай мөнгө манай улсын түүх, олон янз байдлыг тусгасан байх нь чухал юм" гэж Ерөнхийлөгч хэлснийг дамжуулсан. Сангийн яамнаас шинэ дэвсгэрт хэзээнээс гүйлгээнд орж эхлэх талаар тодорхой хугацаа хэлж чадахгүй байгаа аж.
Тэмцэгч Тубман ийнхүү мөнгөн тэмдэгт дээр “заларсан” анхны өнгөт арьстан, бүх цаг үеийн түүхэн дэх анхны эмэгтэй болж байна.
Тубман 1822 онд Мэрилэндийн Дорнод эрэгт боолчлол дунд төрсөн. Тэрбээр 1849 онд Филадельфийн боолчлолоос зугтаж гарчээ. Хүүхэд байхдаа харгис харгалзагчийн гарт өртөж, тархины цочмог гэмтлийн архаг үр дагаварын улмаас шаналж байсан ч 19 удаа өмнөд зүг рүү буцаж, хамаатан садан, боолчлогдсон хүмүүсийг аварчээ. 1850 онд оргосон боолын тухай хуулиар боолчлогдсон хүмүүсийг баривчлах зөвшөөрлийг анчид болон муж улсын захиргаанд олгосны дараа Тубман оргуулсан хүмүүсээ Канад руу дүрвүүлж чаджээ. Газар доорхи төмөр замын “Мосе” хэмээн алдаршсан тэрбээр хэзээ ч “зорчигч” -оо алдаагүй гэдэг.
Иргэний дайны үеэр тэрбээр Эвлэлийн армид скаут, тагнуулаар ажиллаж байжээ. 1913 онд Абрурнд уушгины хатгалгааны улмаас Тубман нас баржээ.