ОХУ-ын “Газпром” компани Монгол Улсад “Газопровод Союз Восток” хэмээх тусгай зориулалтын компани бүртгүүллээ. Энэхүү компани нь ОХУ-аас Монголын нутгаар дайруулан БНХАУ-д байгалийн хий экспортлох хоолойн зураг төсөл-хайгуул шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.
Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дамжин өнгөрөх хэсгийг “Газопровод Союз Восток" гэж нэрлэх юм. Уг хоолой нь “Сибирийн хүч-1” хий дамжуулах хоолойноос 1.3 дахин их нэвтрүүлэх хүчин чадалтай байх төлөвтэй байна. Энэ нь Оросын байгалийн хийг Баруун Сибириэс баруун төдийгүй зүүн чиглэлээр их хэмжээгээр экспортлох боломжийг олгоно гэж “Газпром” компанийн тэргүүн А.Миллер мэдээлжээ.
Техник, эдийн засгийн урьдчилсан дүн шинжилгээгээр А.Миллер уг төслийг техникийн хувьд боломжтой, өртөг багатай гэж үнэлжээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан байгалийн цогцолборт газрын статустай Укокын өндөрлөг газрын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ёстой байсан өмнөх төлөвлөгөөнд нь байгаль хамгаалагчид саад хийсэн бол одоогийн санал болгож буй чиглэл нь газар хөдлөлийн идэвхтэй бүс нутгаар дайран өнгөрнө.
Энэ сарын 12-нд “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монгол Улсаар дамжин өнгөрөх маршрутаас 100-200 орчим км-ийн зайтай газар 8.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Түүнчлэн энэхүү төсөл нь нэлээд түвэгтэй, өртөг ихтэй юм. Урьдчилсан тооцоогоор төслийн өртөг 4.5-13.6 тэрбум ам.доллар болжээ. Газар хөдлөлтийн өндөр идэвхжил нь түүнийг хэрэгжүүлэх өртгийг нэмэгдүүлж магадгүй байна.
“Сибирийн хүч-2” бол Баруун Сибирийн орд газруудаас Хятадын баруун бүсэд хий нийлүүлэх төсөл юм. Хий дамжуулах хоолойн урт 6700 орчим км бөгөөд үүний 2700 км нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх ёстой байна. Төслийг хэрэгжүүлснээр Хятад руу хийж буй экспортыг дахин чиглүүлэх замаар Европ руу нийлүүлэх хийн хэмжээ буурч болзошгүйтэй холбоотой эрсдэлийг багасгана гэж үзжээ