Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусийн эдийн засагт үзүүлэх “хар сүүдэр”

Огноо
Унших
4 минут 35 секунд

Ахуйн болон агаар дуслын замаар халдварладаг коронавирусийн улмаас өнөөдрийн байдлаар /2020.02.03/ 17,387 хүн өвчилж, 362 хүн амь насаа алдаад байна. Тархалтын хэмжээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онц байдал зарлаад буй.

Тэгвэл энэхүү вирусийн цар хүрээ өмнөд хөршийн эдийн засагт хэдийнэ сөрөг нөлөөлөл үзүүлж, багагүй дарамт учруулаад буйг эдийн засагчид онцолж байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, АНУ-тай хийсэн худалдааны дайны сөрөг үр нөлөө бүрэн дүүрэн арилаагүй энэ үед коронавирусийн дэглэлт улам газар авч буй нь тус улсын төдийгүй дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Тодруулбал, өмнөд хөршийг бүхэлд нь хамарсан хорио цээрийн дэглэм нь тээвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиглэн худалдааны салбарт эдийн засгийн сөрөг нөлөөллүүдийг үзүүлж эхэлсэн. Жишээ дурдвал, коронавирусийн голомт болсон Ухань хот өнгөрөгч 2019 онд 319 сая жуулчин хүлээн авч, энэ салбараас 357 тэрбум ам.долларын орлого олсон байдаг. Хөл хорио тогтоосноор аялал жуулчлалын салбараас олох орлого эрс буурах юм.

Өмнөд хөршийн эдийн засгийн хүндхэн сорилт манай улсад сүүдрээ тусгана гэдгийг эдийн засагчид тодотгож байна. Эдийн засагч Ч.Отгочулуу “Хятад улс манайхаас зэс, нүүрс импортолж байгаа. Тэгэхээр Хятадын эдийн засаг саараад эрэлт нь буурчих юм бол импорт нь дагаад буурчихна. Энэ нь өөрөө нүүрсний үнэд сөргөөр нөлөөлнө. Нүүрс чинь манай улсын экспортын орлогын чухал эх үүсвэр шүү дээ. Тэгэхээр манайд орж ирж байгаа валютын хэмжээ буурна гэсэн үг. Мөн аялал жуулчлалаар дамжуулж нөлөө үзүүлнэ. Жишээ нь Бээжин, Хонконг руу нисэх нислэгийг цуцалчихлаа. Гэтэл энэний цаана зөвхөн хэдэн билетийн орлого алдагдаж буй хэрэг биш юм. Хувийн, бизнесийн, аялал жуулчлалын олон төслүүд дагаад зогсонги байдалд орно. Өөр нэг нөлөө үзүүлж байгаа суваг бол зэсийн үнэ. Зэсийн үнэ эргээд унаж эхэллээ. Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээ бодоод үзэхээр нь зэсийн үнэ уг нь 6,000 ам.доллароос дээш байх ёстой байдаг. Зэсийн хувьд дэлхийн эрэлт өсөж байна. Харин нөгөө талдаа нийлүүлэлт муудаад байгаа” гэв.

Жишээ дурдахад, Монгол Улс 2019 оны хоёрдугаар сард 350 сая ам.долларын импорт хийсэн. Үүний 130 сая ам.доллар нь Цагаан сар баярын нөлөө байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолсон. Харин коронавирусийн улмаас манай улс урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг хориглож, хилийн боомтуудад тодорхой хязгаарлалтуудыг хийгээд байна. Мөн Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхээс татгалзахыг уриалж, нийтийн золголтыг хориглосон. Ингэснээр энэ удаагийн Цагаан сарын баяр цомхон буюу зөвхөн гэр бүл, хамаатан садны хүрээнд болох учир эдийн засгийн урсгал ч хумигдах юм.

Дашрамд дурдахад, 2003 онд л гэхэд SARS вирус 37 оронд тархаж, 8098 хүнд халдан, 774 хүний амийг авч одсон түүхтэй. Улмаар дэлхийн эдийн засаг 40 тэрбум ам.доллараар доройтсоныг Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс тооцоолсон байдаг. Харин коронавирусийн эдийн засагт үзүүлэх хор хөнөөлийг өнөөдрийн байдлаар мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй юм. Учир нь вирусийн дэгдэлт өдөр ирэх тусам нэмэгдэж, улс орнууд хөл хорио тогтоож, дэлхийн томоохон компаниуд өмнөд хөрш дэх үйл ажиллагаагаа хумиж байгаа юм.

Коронавирус: Тархалт яаж дуусах вэ?
Коронавирус: Тархалт яаж дуусах вэ?
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц