Оюутолгойн далд уурхайн төслийн талаар ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго маш ноцтой зүйлийг ярилаа. Тэрээр:
Далд уурхайн бүтээн байгуулалт нь Монгол Улсад эдийн засгийн үр өгөөж авчирна гэж Засгийн газар үзэж байгаа. Гэхдээ 2020 онд танилцуулсан шинэчилсэн ТЭЗҮ-ийн санхүүгийн тооцооллоос харахад үр өгөөж нэлээд буурахаар байгаа. Тодруулбал, Далд уурхайгаас Монгол Улс 2051 он хүртэл ноогдол ашиг хүртэхгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог “Рио Тинто” компани Засгийн газарт өгсөн. Үүнээс гадна Оюутолгой ХХК ААН-ийн орлогын татварыг 2051 он хүртэл ердөө дөрвөн жилд нь төлөхөөр тооцоог өгсөн байгаа. Компани 40 жил үйл ажиллагаа явууллаа гэхэд дөрөвхөн жилд нь ААН-ийн орлогын албан татвар төлнө гэдэг бол маш чамлахаар үзүүлэлт. Тиймээс “Ногдол ашиг авахгүй, дээр нь татварын орлого хүртэл буурч байгаа нь Монгол Улсын ашиг сонирхолд нийцэхгүй, энэ асуудлыг эргэж ярих хэрэгтэй байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагч талд явуулаад байна” гэжээ.
Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалт байгуулагдсан цагаасаа хойш маш их хэл ам дагуулсаар ирсэн. Нэг хэсэг нь уг гэрээний ачаар эдийн засаг хэд дахин томорсон, өчнөөн аж ахуй нэгжүүд хөл дээрээ боссон, олон хүн ажилтай болсон гэдэг бол нөгөө хэсэг нь баялгаа ямар ч үнэгүй өгч байгаа гэж талцдаг. Өнөөдрийг хүртэл төслийн хөрөнгө оруулалт, зардал, үр өгөөжийн талаар нэгдсэн нэг тоо баримт байхгүй тал талдаа өөр тоо ярьсаар байдаг. Засгийн газар энд тэнд яригдаад байгаа олон янзын тоог нэгтгэж нэг болгох чиглэлээр санаачилга гаргаж нэгдмэл тооцоотой болговол олон янзын хардалтыг арилгаж, бид хожсон уу? Хожигдсон уу? Гэдэг нь ойлгомжтой болмоор юм.
Оюутолгой компани зардлаа өсгөж үр өгөөжөө бууруулсаар ирсэн нь үнэн. Төслийн нэгдүгээр үе шат дуусахад бидэнд 7-8 тэрбум ам.долларын татвар төлөх тооцоо байсан ч өдгөө нийт 2.8 тэрбум ам.долларын татвар буюу 5.6 их наяд төгрөгийн татвар төлсөн болохын Оюутолгой компани өөрийн веб сайт дээрээ бичсэн байна.
Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 4.4 тэрбум ам.доллараар батлагдсан. Гэтэл энэ тоо өссөөр 6.3 тэрбум ам.доллар болж тэр хэмжээгээр бидний хариуцах ёстой зардал буюу өр нэмэгдсэн байдаг. Далд уурхайн бүтээн байгуулалт 5.3 тэрбум ам.доллар гэж тооцож байсан нь 7.1 орчим тэрбум ам.доллар болж өсөөд байна. Хамгийн ихээр бодоход төслийн нийт өртөг 13.4 тэрбум ам.доллар. Үүний 34 хувь буюу 4.56 тэрбум нь бидний хариуцах ёстой зардал. Зардал өсөх тоолонд ногдол ашиг авах хугацаа хойшилсоор байгаа ба Дубайн гэрээний уршигаар бид 2037 он хүртэл ашиг харалтгүй болчихоод байгаа нь үнэн. Гэтэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардал мөн л 30 орчим хувиар өссөн нь энэ хугацааг дахиад хойшлуулах болчихоод байгаа. Гэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөд энэ тооцоолол наашилж, буурахад цаашилж хэлбэлзсээр байх болно. Гэтэл бид 2051 он гэхэд огт зардлаа нөхөхгүйгээс гадна нэмээд 22 тэрбум ам.долларын өрөнд орчихсон байх тооцооллыг “Рио Тинто” компаниас ирүүлсэн болж таараад байгаа юм. 4.56 тэрбум ам.долларын өртэй түүнийгээ мөнгөөр биш олборлосон зэс, алтаараа төлөх бид яаж яваад 2051 онд 22 тэрбум ам.долларын өртэй болоод байгаа юм бэ? ийм бүрхэг тооцоо яаж гарч ирээд байна? Үнэхээр "Рио Тинто" тийм тооцоо ирүүлсэн үү? эсвэл манайхан буруу тооцоод байна уу. Одоогоор тэр төлөвлөгөө нь ил биш учраас хэн ч дүгнэлт хийж чадахгүй дэмий л талцсаар байна.
Тийм учраас Засгийн газар “Рио Тинто”-гоос ирүүлсэн захидлыг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Энэ талаар зарим жиргээчид ч эхнээсээ жиргээд эхэлжээ. Тухайлбал Элийрэгч нэрээр алдаршсан жиргээч Ц.Уянга “ ЗГ-н албаны хүн мэдээлэл хийсэн учраас Төрөөс энэ тооцооллын танилцуулгыг ил болгохыг шаардацгаая! Алин болгон аман айдаст турхирагдаж талцаж бхав! ОТ үнэхээр гэрээнийхээ анхны тохироог зөрчих тооцоолол танилцуулсан бол шууд цуцлах үндэслэл. ЗГ худлаа ..аасан бол харин өөр яриатай” гэж нэлээд ширүүхэн жиргэжээ.
Оюутолгойн гэрээ байгуулагдаж байсан 2009 онтой харьцуулбал уул уурхай чиглэлээр маш олон хүн гадаад дотоодын их дээд сургуулиудад суралцаж төгссөн. Тийм учраас Засгийн газар “Рио Тинто”-гийн ирүүлсэн “луйврын төлөвлөгөө”-г олон нийтэд ил тод болгож тал бүрээс нь салбарынхан анализ хийх, бодлого, шийдвэрийн хувилбар дэвшүүлэх боломжоор хангах нь зөв болов уу. Рио Тинтогоос ямар бичиг ирээд түүнд нь хэн тооцоо хийж үзээд 22 тэрбумын өр гэх айдсыг бий болгоод байна вэ? Хэрвээ үнэхээр үнэн бол гэрээг цуцлах асуудлыг ярихад ч буруутахгүй байх.