Цар тахалтай холбоотойгоор манай улсад эдийн засгийн болоод нийгмийн тогтворгүй үе ирээд байна. Иргэд төрдөө итгэх итгэл алдарч, төр төлөөлж буй хүмүүсийн үгэнд ч бат итгэхээ больжээ. Ам таглах худал үгсийг иргэд рүүгээ тэд чулуудсаар ийм байдалд хүрлээ.
Засгийн газрыг төлөөлж буй зарим салбарын сайдуудын худал үг ийнхүү иргэдийн итгэлийг бөхөөж байна. Улсынхаа стратегийн онц чухал салбарыг төлөөлж буй зарим сайд дарга нарыг худал хэлэх бүрд нь үлгэрт гардаг шиг хамар нь ургадаг байсан бол хэд хэдэн урт хамартай сайдтай болох байлаа. Тэднийг худал хэлсний төлөө хэн ч хариуцлага тооцохгүй юм бол ядаж хамар нь ургаасай...
Цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоож, өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн бүх боловсролын байгууллага үйл ажиллагаагаа зогсоож, хичээл танхимд бус цахимаар явагдах шийдвэр гарсан. Өнгөрсөн жилийн болон энэ жилийн нэгдүгээр ангийн сурагчид энэхүү шийдвэрийн хамгийн наад захын хохирогч. Нэгдүгээр ангийн хүүхэдтэй нэгэн ээж “Манай хүү хоёр жил цагаан толгойтойгоо ноцолдож байна” хэмээн хэлсэн нь худал үг биш.
Гэтэл нөгөө талд салбарын сайд хадагтай “Теле хичээл үр дүнтэй байгаа” гэх бодлогогүй, судалгаагүй худал ярьж суух. Үнэндээ теле хичээл үр дүнгүй байгааг захын гэр хороололын айлаар ороод л мэдэх боломжтой. Гурван хүүхэдтэй айлын хүүхдүүдийн хичээл давхцаж гарвал ухрааж үзэх боломжгүй, хурдыг нь гүйцдэггүй гэхээс эхлээд асуудал бий. Хичээлдээ жаахан тааруу хүүхэд нэг хоцорсон бол бусад хичээлээ ойлгохгүй, тэгс хийгээд хичээлдээ дургүй болох хандлага хүртэл бий.
Сайдын яриад буй үр дүн ЭЕШ-аар олон хүүхэд өндөр оноо авснаар хэмжигдэж буй юм гэнэ. Тэгвэл ЭЕШ-ыг орон даяар зохион байгуулаад тухайн нэг хичээлд гүйцэтгэлийн оноо хамгийн өндөр авсан хүүхдээр 800 онооны босгыг тогтоодог юм шүү дээ. Монгол хэлний хичээлд гүйцэтгэлийн хамгийн өндөр оноо нь 80 хувь байлаа гэхэд тэр нь 800 оноо. Түүнээс нь хувилж бодоод 800-аас хэдэн оноо авч вэ гэдгийг нь тогтоодог. Ингэхээр теле хичээлийн үр дүнг ЭЕШ-аар хэмжих боломжгүй, сайд аа. Тэгээд НҮБ-ын судалгаагаар сурагчдын 16 хувь нь хичээл хийх боломжгүй, 100 мянга гаруй хүүхэд боловсролын хоцрогдолд орсон байна гэдгийг тогтоосон байна лээ шүү.
Дараагийн урт хамарт сайд бол Эрчим хүчний сайд. Ерөнхий сайд Засгийн газрын шийдвэрийг танилцуулахдаа 2020 оны 12 дугаар сарын 1-ээс 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл айл өрхүүдийн тог цахилгаан, ус дулааны мөнгийг тэглэлээ гэсэн. Гэтэл удалгүй салбарыг ахалж буй сайд гарч ирээд “Хэн ч иргэдийн хэрэглээг төрөөс тэглэнэ гэж хэлээгүй” хэмээн хэлсэн нь ёстой л иргэдийн чихээс цус урсгах шахсан хатуу мэдэгдэл байлаа.
Ерөнхий сайд худалч уу, салбарын сайд худалч уу. Хэнийх нь хамар ургасан бол хэмжээд нэг үзэх юмсан.
Онц хүнд үед Эрүүл мэндийн сайдын амыг л иргэд харж байсан. Гэтэл сүүлийн үед түүнийг тоож сонсох нь бүү хэл хэлсэн үгэнд нь ч итгэл төрөхөө байлаа. ЭМЯ-нд коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Засварын ажил хийж байсан 5 хүнээс халдвар илрээд, яаманд хөл хорио тогтоосон мөртлөө үүнийг үгүйсгэсэн. Энэ бол салбараа аврах биш харин ч өөрийгөө дорд үзсэн мэдэгдэл байлаа, сайд минь ээ.
Эрүүл мэндийн сайд зун нэг удаа нэг аймгийн тал хувь нь тахир дутуугийн тэтгэмж авч байна гэж мэдээлсэн. Монгол Улсын нийт хүн амын тал гэсэнтэй ялгаагүй. Гэтэл манай улсад 170 мянган тахир дутуу гэх иргэн бий. Тоо баримтаа нягталж бурж байгаарай, тэгэхгүй бол танд итгэх хүн үлдэхгүй нь.
Үүгээр ч зогсохгүй өрх бүрийн нэг хүнээс шинжилгээ авах нь утгагүй зүйл хэмээн Засгийн хуралдаан дээр хэлсэн тань одоо ч чихэнд цуурайтаж байгаа шүү. Гэтэл одоо яагаад утгагүй зүйлээ хийгээд байгааг тайлбарлаад өг сайд аа... Тэгэхгүй бол худал хэлсэнд тооцогдож хамар чинь ургана шүү...