
Энэ жилийн Отгонтэнгэрийн тахилга түүхэнд бичигдэх, жишиг болохоор үйл явдал болов. Магадгүй бусад хайрханы тахилга, бусад аймгуудыг хөлдөө чирэхээр үзэгдэл болоод өнгөрснийг сүүлийн хэд хоног сошиал сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, алдартнуудын стори Отгонтэнгэрийн тахилгаар амьсгалж байгаагаар баталгаажина. Отгонтэнгэрийн тахилгад улс төрчдөөс гадна алдартай хутагт хувилгаад, төв гандангийн хамба, Хурд хамтлаг, урлаг соёлынхон, бөхчүүд, хошин шогийнхноос эхлээд сошиал контент бүтээгчдийг анх удаа олноор нь урьсан нь анзаарагдав.
ОТГОНТЭНГЭРИЙН ТАХИЛГА УЛС ТӨРИЙН ЭВ ЭЕИЙГ ХАНГАСАН ЭЕРЭГ СУРТАЛЧИЛГАА БОЛОВ
Энэ жилийн Отгонтэнгэрийн тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр болон 4-5 зөвлөхөө дагуулан иржээ. Мөн Монгол Улсын хоёрдахь Ерөнхийлөгч Н.Багабанди гэргийн хамт оролцов. Ингэж 2 Ерөнхийлөгч ирж тахилгад оролцож байсан түүх үгүй.

Мөн МАН-аас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Б.Тулга, Хууль зүйн сайд С.Амарсайхан, Д.Бум-Очир, МАН-ын нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг тэргүүтэй хүмүүс харагдав. АН-аас намын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Түвшин, Ө.Шижир, Д.Энхтуяа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн, Хүн намаас Шадар сайд, намын дарга Т.Доржханд нарийн бичгийн дарга болоод зөвлөхүүдийн хамт харагдсан. Иргэний Зориг ногоон намын дарга Б.Батбаатар, саяхан гишүүнээр элссэн Я.Санжмятав нар ирэв.

Ингэж дүгнээд үзвэл парламентын дөрвөн намын удирдлага, гишүүд ирж, тахилгын ач холбогдолыг өргөв. Ийм олон гишүүд ирсэн тахилгат уулсын түүх байхгүй. Улс төрийн намын удирдлагууд, гишүүд олны өмнө инээлдэн тэврэлдэх нь хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Ерөнхий сайдыг огцруулах халуун улс төр дунд Отгонтэнгэрийн тахилгын сонин хачин уур амьсгалыг их зөөллөв.

Мөн дэд сайдууд, агентлаг, яамдын газар хэлтэсийн дарга олон харагдав. Ялангуяа хууль, хүчний байгууллагуудыг улирдлагууд олноор ирэв. Хөрш зэргэлдээ хэд хэдэн аймгуудын Засаг дарга нар ч харагдав. Ийм олон гишүүдийг яаж урьж, нэг дор цуглуулна гэдэг зөв л менежмент.

14.000 ОРЧИМ МАШИН, 6 НИСДЭГ ТЭРЭГ ХӨЛӨГЛӨВ
Энэ удаагийн Отгонтэнгэрийн тахилга түүхэнд байгаагүй олон хүн цуглав. Завханчууд машинуудад тасалбар өгч, Ерөнхийлөгчийн тахилгын хишиг тараав. Уг тахилгын хишиг дотор ул боов, боорцог, арц, шүдэнз, арц, арвай будаа, аймгийн цахим танилцуулга байгаа нь иргэдэд таалагдав. Мөн хогийн уут бүх машинд үнэгүй өгсөн. Отгонтэнгэрийн энэ удаагийн тахилгад 14.000 орчим машин ирсэн гэсэн статистик гарчээ. Нэг машинд дунджаар дөрвөн хүн суусан гэвэл хамгийн багадаа 56.000 гаруй хүн ирсэн болж таарав. Энэ дээр мориор ирж буй, бүртгэлгүй, хулгайн замаар ирж байгаа, зохион байгуулж байгаа төрийн албан хаагч иргэдийг тоолвол талийж өгнө. Машинаас гадна дугуйгаар, мотоциклээр ирсэн иргэд ч дүүрэн. 6 нисдэг тэрэг буусны нэгэнд нь Ерөнхийлөгч, нөгөөд нь Наро банчин гэгээн байв. Онцгойн нисдэг тэргээр улс төрчид морилсон бол үлдсэн 3 нисдэг тэргээр бизнесийнхэн ирсэн гэв.

Ерөнхийд нь Отгонтэнгэрийн тахилгад 60.000 хүн ирсэн гэвэл дөхөх байх. Өнгөрсөн жил дуучин Т.Ариунаагийн “Зүрх асна” тоглолтыг статионд 35.000 хүн үзэж түүхэн рекорд тогтоолоо гэж сурталчилж байсантай харьцуулвал ямар хэмжээний өргөн болсон нь бодогдоно. Отгонтэнгэрийн тахилгад ирсэн хүмүүс “юун улсын наадам, юун даншиг, хөлбөмбөгийг дэлхийн аваргын тэмцээн үү? Шоу болдог юм байна ш тэй” гэж гайхаж ярилцах нь их байв. Ийм олон хүн Завханыг сурталчилж ярина гэдэг ховорын ховор боломж. Төрийн тахилгат уулсын дараагийн тахилгад ийм хэмжээний албан тушаалтнууд, ийм олон хүн ирнэ гэдэг эргэлзээтэй. Энэ талаар Завханы засаг дарга хоолны ширээний ард “энэ рекордыг өөр газрын тахилга эвдэнэ гэдэг хэцүү. Магадгүй Отгонтэнгэрийн энэ рекордыг Отгонтэнгэрийн дараагийн тахилга л эвдэх байх” гэсэн. Санааг нь тайлж уншвал энэ удаагийн тахилгад ирсэн хүмүүс ихэнх нь сэтгэл дүүрэн буцсаныг сошиалаас харж болно. Сошиалын зураг, сторийг харахад Отгонтэнгэр явтал Завханыг суралчилж байна. Отгонтэнгэрийн тахилгад яваагүйдээ харамстал сошиал Завханаар амьсгалав. Энийг харж байгаа хүмүүс Отгонтэнгэрийн дараагийн тахилгыг хүлээж байгаад зорих нь гарцаагүй.

ЗАВХАН ЦАХИМ АЙМАГ БОЛЖ БАЙГААГАА ХАРУУЛАВ
Завханчууд Отгонтэнгэрийн урилгаа цахимаар хүмүүст илгээсэн. Цаасаар юу ч хэвлээгүй. Харин нутгаа сурталчилсан откритийг тараав. Уг открит дээр утасны камераа чиглүүлэхэд AR-р бүтээгдсэн Завханы танилцуулга, Отгонтэнгэрийн тахилгын түүхэн уламжлал. УИХ-ын гишүүн Б.Түвшингийн, аймгийн хурлын дарга, засаг даргын, завханаас төрсөн хутагт хувилгаадын мэндчилгээ гарч байсан. Мөн Явуухулангийн шүлэг, Ардын жүжигчин С.Батсүх, У.Далантай нарын дуу явна. Завханыг сурталчилсан бичлэгүүд гарна. Сонирхолтой, шинэлэг санаа байв.
ХООЛООР ЭЛБЭГ ДҮҮРЭН ТАХИЛГА БОЛОВ
Отгонтэнгэрийн өмнөх тахилгуудад очсон хүмүүс өлссөн, бензин сурсан, дэлгүүрүүд нь ус ундаагаар тасалдаж хоосорсонд бухимдсанаа өнөөг хүртэл ярьдаг. Бас Завханчууд Отгонтэнгэрийн хоёр ч тахилгаа цагаан хоолтой хийнэ гэж дөвчигнөөд хүмүүсийг гэдэс хоосон буцаасан түүхтэй.
Энэ бүхнээсээ сургамж авсан байх. Энэ жилийн Отгонтэнгэрийн тахилга хоолоор бялхаж байв. Хоол, худалдаа, дэлгүүр үйлчилгээний бүтэн хэсэг байв. Үнэтэй ч гэсэн, шороотой ч гэсэн дуртай хоолоо сонгож болохоор элбэг байв. Отгон болоод зам дагуу сумуудын хүнсний дэлгүүрүүд юугаар ч тасарсангүй хэвийн байв. Шатахуун зам дагуу бүх сумдад хангалттай байв. Отгон сум л гэхэд тахилгын үеэр нэг клонк дээр хэдэн зуугаараа машин очерлож байгаа ч шатахуунаар таслаагүй. Ингэхээр бэлтгэлийг тултал хийжээ гэсэн үг. Дээр нь УИХ-ын гишүүн Б.Түвшин намынхаа гишүүдийг нэг өдөр хуушуураар дайлж бэлэг тараав. Нутгийн зөвлөл ч бас тэгэв. Аймгийн дарга нь бас тусдаа гурван гэрт зочдыг хүлээн авч хоол, цайгаар дайлж тахилгын хишиг бэлэг түгээв. Энэ нь нэг талаасаа хоол хийсэн иргэдийн орлогыг хаасан үйлдэл болов. Өмнөх тахилгууд хоолгүй, царайгүй, цагаан хоол яриад сууж байсан аймаг их өөр болжээ. Алдар гавьяатнуудаа, хотынхноо хүлээн авч элбэг дэлбэг байв. Хүүхэд харах төв, жирэмсэн эхчүүдэд зориулсан асар, тоглоомын төв, эмнэлэг, онцгой гээд төрийн яаралтай тусламж үзүүлэх бүх газрууд том хаягтай бэлэн байв. Ийм бэлтгэл хийж байсан тахилга сонсогдоогүй. Аймгуудын 100 жилийг жишигээр бүхнийг бэлтгэсэн байв.
Хөгжлөөрөө хамгийн сул аймаг дэд бүтэцгүй газартаа 60.000 орчим хүнийг хүлээж аваад үдэж өгч байна гэдэг ихээхэн хичээл зүтгэл гаргаж бэлдсэнийх. Бас аймгуудад илүү боломж байгааг ч харуулсан үйлдэл болов.

ОО ОНЦ, СЭРГЭЭГДЭХ ЦАХИЛГААНЫ ЭХ ҮҮСВЭРЭЭР БҮХНИЙГ ШИЙДЭВ
Томоохон арга хэмжээ бүрийн хамгийн том асуудал нойл болдог. Энэ удаа Завханчууд Улбаанбаатарын супер тоглолтуудад хааяа харагддаг, явуулын, хөөсөөр үнэрээ дардаг тансаг нойлуудыг түрээсэлсэн байна. Ийм түрээсийн тансаг нойлыг сонирхоход 40 ширхэгийг байрлуулсан гэв. Иргэд эдгээр нойлыг сонирхож, ам уралдан магтаж байв. Гэсэн хэдий ч ийм олон хүнийг нойлоор зуун хувь хангах хэцүү хуучин ашиглаж байсан модон нойл, эко нойлуудыг ч суурилуулсан харагдсан. Тахилгын өдөр уул, гол бараадаж буусан хүмүүст зориулж нойлын цэг гаргаад ковшоор нүх ухсан ч тохиолдлууд ч харагдав. Шорооноос зугтаж замбараагүй буусан зарим нь ч хангайгаа бараадсан нь гарцаагүй. Гэхдээ л ийм тансаг нойл 40 ширхэг байрлуулна гэдэг сайн жишиг юм. Бусад аймгууд дагаад эхэлнэ.
Завханчууд зочидын гэрүүдээ нараар цэнэглэдэг гэрлээр хангав. Бас гудамласан гэрүүдийн гадна нараар цэнэглэгддэг шонгууд суулгасан байв. Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүчийг сурталчилсан, нөхцөл байдалдаа тохирсон шийдэл санагдсан.
ЗАВХАНЧУУД КРЕАТИВ ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЭР АХИЦ ДЭВШИЛ ГАРГАЖЭЭ
Завхан аймгийнхан өмнө бэлэг дурсгал гэхээр архи, сармай дээлт, хутагтын ном, хутагтын сувинер гээд дуусдаг. Одоо их өөр болжээ. Завханыг сурталчилсан аяга, хадаг, хөргөгчний наалт, тор, цамц, фудволк, ном, альбом, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, бурхан, отгонтэнгэрийн зурагтай цаг гээд таарснаа тоочвол дуусашгүй үргэлжлэхээр болж. Заримыг нь сайн ч хийж. Тахилгын үеэр Очирваань уул холбооны “Завханы шилдэг 100 дуу”-ны CD, флашны болон зурагчин Б.Болор-Эрдэнийн “Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан” номын нээлт болов. Ерөнхийдөө бэлэг дурсгалын үйлдвэрлэдээрээ Завхан сүүл мушгидаг биш тэргүүлэх хэмжээнд хүрснийг Отгонтэнгэрийн энэ удаагийг тахилга харуулав.

ШИНЭ ТУЛГА, САНГИЙН БОЙПОР УРЛАГИЙН БҮТЭЭЛ БАЙВ
Отгонтэнгэрийн тахилгаар шинээр бүтээлгэсэн сангийн бойпорыг ирсэн хүн бүр харж арц уугиулах гэж зүтгэв. Үүлэн дунд жигүүрт хоёр мориор бойпор хийсэн байв. Дээр нь төрийн сүлдний нар, сар, галыг залж, дунд нь Завхан аймгийн лого очирийг, доор нь тэнгэрийн цэцэг Вансэмбэрүүг дүрсэлсэн. Утаа гардаг амыг монгол гэрээр хийсэн байв. Хэн урласныг бичээгүй харагдсан. Бас Завханчууд тахилгадаа зориулж шинээр тулга бүтээлгэж тавьсан нь сүрлэг харагдав. Тулганы зангилаа бүр дээр шар өнгөөр очир урласан нь сонин байлаа. Мөн овоогоо, Очирваань бурханаа шинэ будгаар будаж, орчныг цэмбийтэл цэвэрлэсэн нь зочидод эерэг сэтгэгдэл төрүүлэв. Завхан хоггүй аймаг болж байгааг хаанаас нь ч харж болохоор байна.
ХУРД ХАМТЛАГ ХАЙРХАНЫ ӨВӨРТ ТОГЛОВ
Төрийн тахилга албаны хэдэн арга хэмжээгээр дуусдаг. Завханчууд тэгсэнгүй. Эрийн гурван наадам хийж, шагай харвуулав. Төрөл бүрийн бүтээгдэхүүний нээлт хийв. Соёлын бүрэн хэмжээний отог гаргасан харагдсан. Нутгийн зөвлөлийн нууц эзэн “Тавантолгой транс”-ын Д.Дагвадорж эхнэрийнхээ ивээн тэтгэсэн “Мөнхөд гэрэлтэх диваажин” тоглолтыг үзүүлж, “Хурд” хамтлагийг ивээн тэтгэж тоглуулав. Завханы нийтийн дууны бүх алдартнууд дуулж Завханчууддаа бэлэг барив. Иргэд тахилгаас гадна шоу тоглолт үзээд буцав. Хэзээ ч өмнөх тахилгууд ингэж байсангүй.
ШОРОО, ТООС, ГАН БҮХНИЙГ БАЛЛАВ
Энэ жилийн тахилгын ганц том бэрхшээл гангийн улмаас үүссэн шороо тоос байв. Шороон шуурга Отгонтэнгэрт болж байна. Нүүр нүдгүй шуурах нь сайхан байсангүй. Завханыхан тахилга болж байгаа газрыг 10 машинаар зогсоо зайгүй услаад ч дийлээгүй. Шороог дарахын тулд усалгааны bашинуудыг зогсоо зайгүй явуулж харагдав. Энэ нь иргэдэд таалагдав. “Шороогоо дарах гээд ийм олон машинаар тасралтгүй ажиллаж байгаа зохион байгуулалтыг үнэлэх хэрэгтэй” гэсэн хүмүүс олон байв. Шорооноос болж бухимдсан иргэд ч олон. Завханчууд шороог дарах гэж олон машин явуулаад байгааг сонирхоход Баян-Айраг, Шувуун уул, Форс,зам барьж буй Хятад компанийн гээд уул уурхай, замын усалгааны олон машиныг дайчилжээ. Бас онцгой, нийтийн аж ахуй, хот тохижилтын машинуудаа ч бүрэн дайчилсан гэж тайлбарлав. Хэрэв Отгонтэнгэр орчим гангүй, зуншлага сайн байсан бол бүр төгс байх байлаа гэсэн иргэд олон.

ЗАВХАНЧУУД ОТГОНТЭНГЭР ХҮРТЛЭЭ ЗАМ БАРЬЖ, ОЧИРВААНЬ ЦОГЦОЛБОРЫГ БАЙГУУЛНА
Отгонтэнгэрийн тахилгад замбараагүй олон хүн ирсэн нь нэг талаасаа байгалийг гамшиг болгов. Түмэн зам гаргаж, шороо тоос, цөлжилтийг улам нэмэгдүүлэв. Энэ байдлаас гарахын тулд Отгон сумаас Отгонтэнгэр хүртэл 50 орчим км авто зам барихаар хөөцөлдөж байгаагаа аймгийн дарга Г.Өнөрбаяр ярьсан байна билээ. Энэ замыг тавихгүй бол Отгонтэнгэр улам л доройтолд орно. Мөн Отгонтэнгэрийн өвөр, ар хоёрыг улсын хэмжээний аялал жуулчлалын бүс болгосон. Энэ чиглэлээр Завханчууд ажиллаад эхэлсэн байна билээ. Энэ зорилгоор Отгонтэнгэрийн тахилгыг дээр хийхгүй алсаас хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Отгонтэнгэрийн тахилгын нэгдсэн цогцолбор барихыг аймгийн удирдлагуудад өгсөн. Завханы удирдлага шинэ гэрийн даалгавартай үлдсэн.
ГЭР ХОНОГИЙН 1.500.000, БАДАРХУНДАГА ХҮРЭХ МОРЬ 250.000 ХҮРЭВ
Энэ удаагийн тахилгад олон хүн ирснээс үүдэн хүнснээс бусад зүйлсийн үнэ огцом өсчээ. Тухайлбал түрээсийн гэр нэг хоногийн 1.500.000 хүрсэн гэв. Сонирхоод асуухад Завхан аймаг 200 гэр барьж зочидоо үнэгүй байрлуулжээ. Тэгэхээр бусад зочид гэр хайхаас өөр аргагүй юм. Мөн Бадархундага хүрэхэв жирийн үед 50.000 байдаг түрээсийн морь тахилгын үеэр 250.000 хүрч үнээ нэмжээ. Морь унуулахаар 500 адуучин залуус ойролцоо сумуудаас ирсэн гэсэн. Отгонтэнгэрийн тахилга их зардал гаргасан, нүсэр зохион байгуулалттай болсон ч Завхан аймагт олон тэрбумын орлого оруулсан үйл явдал болоод өнгөрөв. Тахилга болох үеэр газрууд ачаалалаа дийлэхгүй байсан бол Улиастай хотын буудал, амралтын газрууд 7 хоногоор захиалгаа аваад дууссан. Буудал хайсан зочид их байв. Энэ мэтээр аймгийн гаргасан зардлууд хувийн хэвшилд орлого болон очиж байгаа нь анзаарагдав.
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛ, БОР АЗАРГА ГУРВЫН ХОСЛОЛ СОШИАЛЫГ ШУУГИУЛАВ

Завханчууд шоундаа сайн болжээ. Улсын заан М.Лхагвагэрэлээр азарга хөтлүүлж сэтэрлүүлэх “алтан санаа” хэнээс гарсан нь тодорхойгүй үлдэв. Өмнө аль ч аймгийн тахилга эзэн нь хөтөлж гарч ирээд сэтэрлэдэг байдаг л уламжлалт үйл явц байв. Харин энэ жил олны хүлээлттэй бөх хөтлөн гарч ирсэн нь сюрприз болов. Энэ нь нэг талаасаа азарга сэтэрлэх уламжлалт үйл явц боловч заан хөтөлж гарч ирснээр олон нийт уухайлан түрхэрч шоу шиг болгов. Азарга бол үнэхээр азарга байв. Хүмүүсийн дэмжих болсон нэг шалтгаан нь жижиг биетэй ч, дэл сүүл дүүрэн сайхан амьтан гаргаж ирсэнд дуртай байв. Төрийн тахилгад ийм сайхан азарга сэтэрлэж байсныг санахгүй байна. Өмнө байдаг л нэг борь морь сэтэрлэдэг байв. Энэ удаа үзэсгэлэнтэй соёолон азаргыг тэнгэрийн хүлэг болгов. Тэнгэрийн хүлэг болсон цагаан азарга чигээрээ Отгонтэнгэр хайрхан орж, Бадархундагын уснаас ууж, хөрвөөж, олон хүнтэй зургаа даруулаад хайрханаа нар зөв тойрон арилж өгсөн гэсэн. Билэгтэй, билэгшээлтэй сайхан үйл явдал болон олон хүмүүсийн дурсамжид үлдэв.

Бусад хайрханы болон дараагийн тахилгаар М.Лхагвагэрэл шиг нэр алдартай, бор азарга шиг сайхан амьтан олох хэцүү. Хүмүүс харьцуулан дүгнэнэ. Удахгүй Сутай Хайрхны, Бурхан Халдун хайрхны, Хөвсгөл нуурын тахилга болно. Отгонтэнгэрийнх шиг олон хүн цуглах болов уу. Завханчууд шиг аймгаа сурталчилж, шоугаа хийх болов уу. Эргэлзээтэй. Говь-Алтай, Ховд хэнээрээ азрагаа хөтлүүлэх болоо. О.Хангай аварга хөтөлж гарч ирэх үү. Хэнтийнхэн Э.Оюунболд аваргаараа хөтлүүлэх үү. Хөвсгөл Ц.Содномдоржоороо хөтлүүлэх үү. Завханыхаас сайхан азарга олох хэрэгтэй болно. Тэгж байж л хүмүүсийн анхаарлыг татна. Өөрөөр хэлбэл Отгонтэнгэрийн тахилга бусад аймгуудад шинэ жишиг тогтоож үлдээв. Энэ жилийн Отгонтэнгэрийн тахилга Завханы, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн, заан М.Лхагвагэрэлийн, бор азарганы сурталчилгаа болж өнгөрөв. Фэйс, сошиал, стори, хэвлэл мэдээлэл энэ дөрөвөөр амьсгалж байна.




Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!