
Луугийн хувцас өмсөөд зам дээр SCHOOL POLICE хийж, хүүхдүүдэд ХАЙР ТҮГЭЭЖ байгаа аавыг UBN сайт онцолж байна. Х.Батсуурийн хүүхэд нийслэлийн ерөнхий боловсролын 131 дүгээр сургуульд сурдаг. Хүүхдээ нэгдүгээр ангид ороход нь School police хийхэд зориулж 2 ширхэг үлгэрийн баатарын хувцас авсны нэг нь нь та бидний яг одоо харж байгаа луугийн хувцас.
Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Намайг Х.Батсуурь гэдэг. Манай хүүхэд 131 дүгээр сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Өнөөдөр school police хийж байна.
-Энэ хувцсыг худалдаж авсан уу. Эсвэл түрээсийнх үү?
-Хүүхдээ анх сургуульд ороход нь School police хийнэ гээд энэ хувцсыг ийм хоёр хувцас худалдаж авсан. Өнгөрсөн жил өөрөө хийж чадаагүй учраас өмсөж чадаагүй. Энэ жил л өмсөж байна.
-Хүүхдүүд яаж хүлээж авч байна?
-Хүүхдүүд намайг харж баярлаад, хамт зургаа авахуулъя, тэврүүлье гээд ирэхээр догдлоод гоё байдаг юм байна. Хүүхэд гэдэг жижигхэн зүйлд баярладаг маш гайхалтай ертөнц. Өнөөдөр аавынхаа үүргийг биелүүлэнгээ хүүхдүүд баярлуулж чадсандаа баяртай байна. Би яг гарцны хажууд зогсож байгаа болохоор гарцгүй газраар зам гарах гэж байсан хүүхдүүд луугийн хажуугаар зам гарна гээд гарцаар гарч байна.
-Машинтай хүмүүс хүртэл цонхоо буулгаад гоё үг хэлж байх шиг байна?
-Тэгж байна. Том хүмүүс хүртэл баярлаад цонхоо буулгаад "Гоё байна. Хөөрхөн байна. Сэтгэлтэй юм аа. Амжилт хүсье. Баярлалаа" гэх мэт халуун дулаан үгсийг их хэлж байна.
-Айж байгаа хүүхэд байна уу?
-Ганц нэг хүүхэд цочсныг эс тооцвол бүгд баяртай байгаа.
-Хүүхдүүдийн баярлаж хөөрч байгаа энэ сэтгэгдлээс өөрөө ямар мэдрэмж, кайфыг авч байна?
-Маш гоё мэдрэмж аваад эерэг цэнэг, гайхалтай энергээр цэнэглэгдэж байна. Удаан зогссон хэрнээ ядарсан мэдрэмж авсангүй. Баяр хөөр дүүрэн гоё өдөр өнгөрч байна. Хүүхдүүдээс гадна эцэг, эхчүүд хүртэл чин сэтгэлээсээ баярлаад хэсэг хугацаанд ч болтугай стресс бухимдлаасаа ангижирч байгааг харах сайхан байлаа.
СУРАГЧИД: ЛУУГИЙН ХУВЦАСТАЙ АХАД БАЯРЛАЛАА. ХАМГИЙН ГОЁ МЭДРЭМЖИЙГ АВЧ ЧАДЛАА

Энэ хүрээд бидний яриа өндөрлөж, луутай зургаа авахуулж хөөрч баярласан хүүхдүүдийн сэтгэгдлийг сонссон юм.
ХҮҮХЭД 1: Хөөрхөн байна. Хүүхдүүдэд тохиромжтой гоё санагдлаа. Маш их баярлаж байна. Луугийн хувцастай ахад баярлалаа.
ХҮҮХЭД 2: Хичээлээ тарж гарч ирээд маш их гайхлаа. Сургуулийн гадна луу зогсож байна гэж бодоогүй болохоор хөөрөөд, догдлоод их сонин болдог юм байна.
ХҮҮХЭД 3: Маш гоё байна. Анх удаа харж байгаа болохоор эхлээд их гайхлаа. Сая уулзаж, хамт зураг авахууллаа. Хамгийн гоё мэдрэмж байсан.
НИЙГМИЙН АЖИЛТАН Л.БАТТУЯА: ҮЛГЭРИЙН БААТАРЫН ХУВЦАС ӨМССӨН ХҮН ЗОГССОН ӨДӨР ГАРЦГҮЙ ГАЗРААР ЗАМ ХӨНДЛӨН ГАРДАГ ХҮҮХДИЙН ТОО ЭРС БАГАСДАГ

Харин дараа нь бид 131 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Л.Баттуяатай ажилтан уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр, "Манай сургуулийн хажуугийн зам хөдөлгөөн ихтэй хэрнээ зогсоол багатай учраас зам хөндлөн гарахад хүндрэлтэй байдаг. School police зам дээр зогссноор эрсдлийг бууруулахаас эхлээд олон давуу талтай байдаг. Манай эцэг эхчүүд энэ ажлыг "Өдөр болгон бусдын эцэг эх таны хүүхдийг хамгаалж байгаа. Өнөөдөр бол би бусдын хүүхдийг хамгаалах эрхэм өдөр юм" гэсэн сэтгэгдлээр ажлаа хийдэг. Ингэхдээ зарим эцэг, эхчүүд өөрсдийнхөө санаачлагаар үлгэрийн баатрын хувцас өмсдөг. Үлгэрийн баатарын хувцас өмссөн хүн зогссон өдөр гарцгүй газраар зам хөндлөн гардаг хүүхдийн тоо эрс багасдаг учраас маш их ач холбогдолтой гэж бодож, эцэг эхчүүддээ баярладаг" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!