ЭЕРЭГ: Эмнэлэгт хэвтэж буй хүмүүст дуудлагаар хоол, цай хүргэгч 65 настай М.Алтанцэцэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 14 секунд

М.Алтанцэцэг гуай 2018 оноос хойш Ховд аймагт ажиллаж, амьдарч байна. Тэрбээр Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтэст байцаагчаар 33 жил ажиллаад есөн жилийн өмнө тэтгэвэрт гарчээ. Түүний хувьд гэр орноосоо хол, яарсан сандарсан, зав чөлөөгүй, хоол цай зөөх хүнгүй эмнэлэгт хэвтэж буй хүмүүст дуудлагаар халуун хоол цай хүргээд гурван жил болж байна.

2021 онд түүнийг эмнэлэгт дүүгийнхээ эмийг бичүүлэхээр явж байхад нь савтай сүү барьсан танихгүй хүүхэд таарчээ. Улмаар тухайн хүүхэд "Аав маань хагалгаанд орсон хүнд байна. Би аавыгаа сахиад хоол цай хийж чаддаггүй. Хоол цай дөхүүлэх ч хүн алга" гээд М.Алтанцэцэг гуайгаас цай чанаж өгөхийг гуйснаар түүнд ийнхүү бизнесийн санаа төржээ.

Ингээд аймгийн нэгдсэн эмнэлэгийн нэгэн тасгийн коридорын хүлээлгийн ширээн дээр "Эмнэлэгт хэвтсэн та халуун цай, амтат бууз хүргүүлэхээр бол залга би хүргэж өгье. Бууз нэг ширхэг нь 1000 төгрөг, хоёр литрийн халуун савтай сүүтэй цай 3000 төгрөг" гэж бичээд үлдээжээ. Ингэж л түүний бизнес эхэлсэн нь энэ.

М.Алтанцэцэг гуай "Манай Ховд аймагт хувь, хувьсгалын нийлсэн 10 гаруй эмнэлэг бий. Эмнэлгийн ойролцоо манай гэр байдаг учраас зөвхөн хоол, цайныхаа мөнгийг аваад хүргэлтээ үнэгүй хийдэг. Зар дээрээ л бууз гэж бичсэн болохоос биш өөр олон төрлийн хоол хийдэг. Эмнэлэгт байгаа хүмүүс ихэвчлэн захиалгаар байцаатай шөл, бантан, ногоотой хуурга зэрэг хоол захиалдаг. Би бүх хоолоо 8000 төгрөгөөр зардаг. Өдөрт хамгийн ихдээ 10 захиалга авдаг" гэв.

2021 оноос хойш эхлүүлсэн түүний бизнес ашгаа өгч, тодорхой хэмжээний хуримтлал хүртэл үүсгэжээ.

Тэрбээр гурван хүүхэдтэй. Нэг нь хотод, нөгөө нь Москвад, үлдсэн нь хилийн цэрэгт ажилладаг аж. М.Алтанцэцэг гуай үргэлжлүүлэн "Хил орчмоор сургууль, цэцэрлэг байхгүй учраас Би Ховдод гурван ачийгаа хараад амьдардаг. Миний тэтгэвэр, бизнес хоёр маань гурван ачийнхаа дугуйлан секцийг нь таслахгүй болгоод л байдаг юм" гэлээ.

М.Алтанцэцэг гуайг Ховд аймагт ажиллаж амьдардгийг нь хүмүүс мэдэхгүй учир сүүлийн хоёр өдөр түүний утсыг халтал хотоос залгажээ.

Тэрбээр "Хотын ихэнх эмнэлэгт хэвтэж буй хүмүүс над руу залгасан. Нэгдүгээр төрөх, гэмтлийн эмнэлгээс залгаж байна л гэнэ. Тэгэхээр энэ бизнес хотод их эрэлттэй байх нь дамжиггүй. Сонирхсон хүмүүс нь үүнийг хэрэгжүүлээсэй" гэдгийг иргэдэд дайв.

“Албус” судалгааны төслийн хүрээнд цахим боловсролын үр дүнг монгол хүүхдүүдийн сурах арга барил, онцлогт тохируулан судална
“Албус” судалгааны төслийн хүрээнд цахим боловсролын үр дүнг монгол хүүхдүүдийн сурах арга барил, онцлогт тохируулан судална
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!