Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: Хөл нь гэмтсэн аавдаа тусалж, дуудлагаар машин өндөрлөдөг АДТАЙ ОХИД

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 43 секунд

UBN сайт энэ удаагийн эерэг сурвалжлагаараа аавтайгаа хамт дуудлагаар машин өндөрлөдөг Т.Монголжин, Т.Төгстөгөлдөр нарыг онцолж байна. Т.Монголжин 9 настай, Т.Төгстөгөлдөр 10 настай.

"Өнгөрсөн арванхоёрдугаар сард аав хөлөө гэмтээж 6 сар гэртээ хэвтсэн учраас манай гэр бүл мөнгөгүй болсон. Тиймээс аавдаа машин өндөрлөхөд нь туслаж эхэлсэн" гэж ярих охид муухан жолоочоос илүү мэдлэгтэй.

Аавынхаа захиалгыг хормын дотор хүргэж, шаардлагатай түлхүүр багажыг нь дөхүүлж өгдөг. Ачаалалтай үед үүрийн 05.00 цаг хүртэл ажилладаг ч халширч, шантардаггүй. Учир нь гэр бүлийнхээ орлогод нэмэр болохоос гадна нэг машинаас 10 мянган төгрөгийн цалин авч ирээдүйдээ хуримтлал үүсгэж байгаа учраас дурлаж ажилладаг.

Тэдний аав Б.Түвшинболд автын засварчин, механикч мэргэжилтэй. Машин засаж байгаад хөл дээрээ турбо унагааж хөлөө гэмтээснээсээ хойш хоёр охинтойгоо хамт дуудлагаар машин өндөрлөж эхэлсэн. Аав нь машин өндөрлөж, охидууд нь өдөр өдрөөр ээлжлэн аавдаа тусалж, шаардлагатай багаж хэрэгслийг нь зөөж өгдөг. Нэг өдөр нь аавдаа тусалж, амарсан өдрөө гэртээ хоёр дүүгээ харж, хажуугаар нь хашаандаа тарьдаг ногоо жимсээ усалж арчлах гээд охидуудын ажил дуусахгүй их. Гэхдээ тэд шантарч, залхуурч хойш нь суудаггүй. Аав нь ч ажилсаг охидоороо бахдаж, бахархдаг нь илт. "Айлын хүүхдүүд гаахь, боолтоо ч ялгахгүй гэртээ утас үзээд хэвтэж байхад миний охидууд ажил, хөдөлмөрт дурлаж, аав ээждээ тусалдаг" хэмээн бахархалтай ярих нь бахдалтай.

Биднийг утсаар холбогдож, цаг товлоод очиход Б.Түвшинболд хоёр охинтойгоо хамт машин өндөрлөж байлаа. Нэг нэгээрээ ээлжилж ажилладаг ч ачаалал ихтэй байгаа учраас хамтдаа ажиллаж буй нь энэ аж. Аав дорцов, автирк гээд гараа сунгах төдийд л гарт бариулах охид ажилдаа гаршжээ.

Их ажлынх нь хажуугаар Т.Монголжин, Т.Төгстөгөлдөр хоёртой уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Т.Монголжин: Намайг Т.Монголжин гэдэг. 9 настай. 85 дугаар сургуульд сурдаг.

Т.Төгстөгөлдөр: Намайг Т.Төгстөгөлдөр гэдэг. 10 настай. 85 дугаар сургуулийн тавдугаар ангид сурдаг.

-Аавдаа тусалж, машин өндөрлөөд хэр удаж байгаа вэ?

Т.Төгстөгөлдөр: Өнгөрсөн зургаадугаар сарын 20-ноос эхэлсэн. Аав минь хөлөө гэмтээгээд 6 сар гэртээ хэвтсэн. Манайх ам бүл зургуулаа болохоор ганц ээжийн цалин хүрэлцэхгүй. Мөнгөний асуудал тулгарч эхэлсэн. Тиймээс аав минь хөл нь бүрэн эдгээгүй байхад ажлаа хийхээр болж эгч бид хоёр ээлжлэн аавдаа туслахаар болсон.

-Та хоёр аавдаа туслаад цалин авдаг уу?

Т.Төгстөгөлдөр: Авдаг. Нэг машинаас 10 мянган төгрөг авдаг.

-Одоо хэдэн төгрөгтэй болж байна. Цалингаараа юу хийх вэ?

Т.Монголжин: Ойролцоогоор 560 орчим мянган төгрөг болсон байх. Би хуримтлал үүсгэж байгаад их сургуульд орохдоо хэрэглэнэ.

Т.Төгстөгөлдөр: Есдүгээр сарын 1-нд хичээлдээ орохдоо бэлтгэлээ өөрийнхөө мөнгөөр авч сургалт дугуйлангийнхаа төлбөрийг төлнө гэж бодож байгаа.

-Аавдаа туслаад ажил хийхийн юун гоё вэ?

Т.Монголжин: Гэр бүлийнхээ орлогод нэмэр болж байгаа. Түүнээс гадна хот үзэх нь гоё санагддаг.

Т.Төгстөгөлдөр: Хуримтлал үүсгээд аавынхаа ачааллыг бага ч болох хуваалцаж байгаа гэж бодохоор сайхан байдаг.

-Танай гэр хаана байдаг вэ?

Т.Монголжин: Гацууртад амьдардаг.

-Өдөрт хэчнээн машин өндөрлөж байна?

Т.Монголжин: Өмнө нь 5-10 машин өндөрлөдөг байсан. Пэйсбүүкэд бидний тухай мэдээлэл орсноос хойш өдөр 20 орчим захиалга ирж байгаа. Гэхдээ бид бүгдийг нь өндөрлөж амждаггүй. 5-10 машин өндөрлөдөг байхдаа дуудлагаар гэрт нь очдог байсан ч ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор Дүнжингаравын зам дагуу Шинэ 100 айлын хажууд машинуудаа дуудаж өндөрлөгөө хийж байна.

-Хэд гээд ажил нь дуусч, гэртээ харьдаг вэ?

Т.Төгстөгөлдөр: Янз бүр. Дуудлага ихтэй бол үүр цайлгана. Гайгүй бол шөнө 10.00-12.00 гээд л гэртээ харьдаг.

-Ядарч байна уу?

Т.Монголжин: Өглөө эрт гэрээсээ гарчихаар өдөр нь нойр хүрээд шууд унтчихаар санагддаг. Бусдаар бол ядардаггүй. Аавдаа туслаад хотод газар үзээд явах гоё байдаг.

Харин тэдний аав Б.Түвшинболд, "Хөлөө гэмтээсэн учраас ганцаараа ажиллах боломжгүй болж охидоосоо тусламж хүссэн. Эмэгтэй хүүхдүүд учраас учиргүй хүнд юм өргүүлээд байхыг хүсдэггүй учраас боолт, гаахь түлхүүр гэх мэт багаж хэрэгслээ зөөлгөдөг. Бас өөрсдийн гэсэн хуримтлалтай болог гэж бодоод нэг машинаас 10 мянган төгрөг аваарай гэж хэлсэн. Анхандаа боолт гаахь аваад ир гэхээр буруу юм аваад ирэх тохиолдол гардаг байсан. Одоо бол бүгдийг нь мэддэг болчихсон. Өөрсдийнхөө мэдрэмжээр бүх зүйлийг минь бэлдээд гараа сунгахад л шууд бариулчихдаг болсон. Машинаа өндөрлүүлэхээр ирсэн хүмүүс хүртэл өхөөрдөөд "Яаж ингэж сайн мэддэг юм бэ. Муухан жолоочоос дээр юм" гээд гайхдаг болсон" гэлээ.

Биднийг ийн ярилцах зуур утас нь зогсоо чөлөөгүй дуугарч, хүмүүс дугуйгаа өндөрлүүлэхээр залгаж байлаа. Учир нь нэг үйлчлүүлэгч нь тэдний тухай цахим орчинд бичиж, үйлчлүүлэхийг уриалсан учраас маш олон хүн холбогдох болжээ. Машин өндөрлөх нь хариуцлага өндөртэй ажил учраас ажлаа хийж байх үедээ анхаарлаа сарниулахгүйн тулд утасныхаа сүлжээг хаагаад ажлаа дуусгаад нээдэг байна.

Допингийн шинжилгээний хариу нь ирсэн 44 сорьцоос допинг ИЛРЭЭГҮЙ
Допингийн шинжилгээний хариу нь ирсэн 44 сорьцоос допинг ИЛРЭЭГҮЙ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.