
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ жилийн Ерөнхий санал шүүмжлэл “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэлэх юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзаж, хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ.
Түүнчлэн тэрбээр есдүгээр сарын 24-нд Чикаго хотноо АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 133 улсын төр, засгийн тэргүүн оролцохоо мэдэгдээд байна.
Монгол Улс 1961 онд НҮБ-ын 101 дэх бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд өнгөрсөн 65 жилийн хугацаанд тус байгууллагатай олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ. НҮБ нь 1945 онд АНУ-ын Сан-Франциско хотноо 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 гишүүн улстай байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!