
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэнтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд эрэн хайх ажиллагааг эрчимжүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 20-21-нд шилжих шөнө баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Туул гол, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон ойролцоох нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Уг ажиллагаанд 20 гаруй албан хаагч оролцож, дрон болон шаардлагатай техник, тоног төхөөрөмж ашиглан ажиллаж байна.
Иймд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон ойролцоох нутаг дэвсгэрт оршин суудаг, зорчиж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Баавгайтай таарсан тохиолдолд:
- Ойртож, хөөж үргээхгүй байх;
- Чанга дуу чимээ гаргаж цочоохгүй байх;
- Зураг, бичлэг хийхээр ойртохгүй байх;
- Тайван байж, аюулгүй зай барин тухайн газраас холдох;
- Хүүхэд болон өндөр настай иргэдийг хараа хяналтгүй явуулахгүй байх;
- Баавгайн мөр, ул мөр болон бусад шинж тэмдэг илэрвэл өөрөө дагаж мөрдөхгүй, холбогдох байгууллагад мэдээлэх.
Баавгай харсан, эсвэл байршлын талаарх мэдээлэл илэрсэн тохиолдолд 102, 77070840, 72720303, 11-310005 дугаарын утсаар мэдээлэл өгөхийг холбогдох байгууллагаас хүслээ. Мөн Богдхан уулын дархан цаазат газар болон ойролцоох уул, ойн бүсэд агаар салхинд гарах, алхах, аялал зугаалгаар явах иргэдийг нөхцөл байдал тогтворжих хүртэл тус бүсэд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!