Бяцхан сурагчид руу харцаараа мишээн догбуги аягалж буй энэ хүн бол цар тахлыг сөрж 70.000 төгрөгөөр эхлүүлсэн "Adiya kimchi" нэрээрээ олонд танигдсан нэгэн. Түүний хувьд 2015-2020 онд Солонгост ажиллаж байгаад эх орондоо элэг бүтэн амьдрах хүслээр ирээд кимчи, тогооч, хивс цэвэрлэгээ зэргийг хийсэн бөгөөд өдгөө 4 дэх бизнесээ Орбитын тойрогт "БОСГОЖ" яваа юм. Ах, эгчийнхээ "Битгий бууж өгөөрэй" гэсэн захиасыг сэтгэлдээ тээж, хөдөлмөрлөж яваа хувиараа бизнес эрхлэгч Ж.Адъяахүүтэй бид ярилцлаа.
- Солонгосоос 2019 онд Монголд ирснийхээ дараа ресторан ажиллуулах гэж оролдоод цар тахлын улмаас дампуурч, халаасандаа 70.000 төгрөгтэй үлдсэн түүхээсээ хуваалцаач.
-Тухайн үед бараг бүх ресторан хаагдсан. Такси хүртэл явахаа больсон шүү дээ. Тэр үед эхнэртэйгээ хөлсний байранд 500 мянган төгрөг төлж амьдардаг байв. Түрээсээ өгч чадахааргүй болоод аргаа бараад сууж байтал ээж гаднаас хөлдүү кимчи бариад ороод ирсэн. "Энийг хаанаас авсан юм бэ" гэхэд "Манай ажлын хүн 10.000 төгрөгөөр зарсан" гэв. Тэгээд би гоё кимчи хийдэг шүү дээ гэж бодоод эхнэртэйгээ гарч байцай аваад, кимчи дараад найзууддаа зартал "Ёстой гоё амттай юм, дахиад авъя" гэв. Ер нь болохоор юм байна, бидэнд нийт хэдэн төгрөг байгаа билээ гээд халаасаа тэмтэртэл 70.000 төгрөг байсан. Эл мөнгөөр материал авч, кимчи дараад, коронавирусийн цар тахлын үеэр хүргэлт хийж байхдаа цагдаа нарт баригдаад явсан түүх бий.
-Үүний дараа "Adiya kimchi" брэндийг үүсгэхэд олон нийт дэмжиж, сайнаар хүлээж авч байсан даа. Одоо кимчигээ зарж байгаа юу?
-Одоо Орбитын тойрог дээр догбуги, үдэн, тахиа зарж байгаа тул маш завгүй байна. Манай гэр Яармагт байдаг тул наашаа ирэх гэж 2 цаг түгжирдэг. Гэхдээ хүмүүс маш их асууж байгаа. Ирэх өвлөөс болж өгвөл кимчигээ зарж эхэлнэ ээ.
-Яармагт амьдардаг байж яагаад заавал Орбитын тойрог гэж?
-Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд миний харьяалал бий. Өөр газар зогсох гэхээр харьяа газраа оч гээд хөөгөөд байдаг юм.
- Монголд хувиараа бизнес эрхлэх үед ямар ямар асуудал тулгарч байна?
- Аливаа зүйлийг хийх гэхээр цагдаа ирээд "Зөвшөөрөл байна уу" гэдэг. Ер нь хуулийн зохицуулалт муу байна. Би бүх зүйлийг хууль дүрмийн дагуу хийх гэж хичээдэг ч асуудал ар араасаа гарч ирээд л байдаг.
- Таны бизнесийн үнэт зүйл юу вэ?
- Дуудах нэрийг аав ээж, дурсах нэрийг өөрөө гэдэг дээ. Хүмүүс хотын төвөөс орой ажлаа тарчихаад, зорьж ирэхэд нь халуун хоолтой угтахад "Өнөөдөр их ядарлаа, хоолыг тань идэх сайхан шүү" гэж хэлдэг.
- Эх орондоо ажиллахын сайхан зүйл нь юу вэ?
- Ээж, нутаг ус бас эхнэр хүүхэд минь байна. Хайртай бүхнийхээ хажууд ажлаа хийгээд, эх орондоо амьдрах сайхан. Заавал гадаад явж хагацах шаардлагагүй.
-Олон бизнес туршаад, дампуураад дээрээс нь төрийн дарамт ирэх зэрэг хүн сонсвол даахааргүй л их бэрхшээлийг туулсан байх юм. Хэцүү үедээ буцаад босохдоо ЮУГ ТУЛДАГ вэ?
- Би дээрээ гурван эгч, дөрвөн ахтай айлын бага хүүхэд. Хоёр жилийн өмнө бурхан болсон ах, эгч маань "Битгий бууж өгөөрэй, нэг л өдөр чамайг БУРХАН ШАГНАНА" гэж хэлдэг байсан учир зарим хүмүүс "Ална" гэж дарамталсан ч би ГУДАМЖНЫ ХООЛНЫ соёлыг түгээсээр байх болно оо.
О.Алуунгуа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!