
УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй ярилцлаа. Тэрбээр ТӨК-иудын сүүлийн арван жилийн төсөв, зардал түүний зарцуулалтын талаар Хянан шалгах түр хороог санаачилж, сонсгол хийхээ мэдэгдээд буй билээ
-Ярилцлагаа парламентын үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар эхэлье гэж бодлоо. УИХ-ын чуулганаар ЗГ-ын гишүүнийг чөлөөлж, томилохтой холбоотой асуудал орох байсан боловч өнгөрөгч Пүрэв гарагаас хойш ирц хүрэхгүй шалтгаанаар хойшилсоор байна. Та энэ үйл явц дээр ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Ес дэх удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын өнгөрсөн хоёр жилийн хугацааг эргэн харах хэрэгтэй. Анх МАН-ын дотоод талцал, хуваагдал, эрх мэдлийн төлөөх зодооноос болж Л.Оюун-Эрдэнийн ЗГ унасан. Дараагаар нь Г.Занданшатарын ЗГ байгуулагдсан. Бас л МАН-ын хуваагдал, эрх мэдэл албан тушаалаа голсон эсхүл чамласан зөрчилдөөнөөс болж огцорсон. Өнөөдөр болж буй улс төрийн акцуудыг харахад мөн ялгаагүй эрх баригчдын хоорондын толхилцоон, албан тушаалын төлөөх зодоон болж байна. Гурав дахь удаагаа давтагдаж байна гэсэн үг. Монголчуудад хайртайдаа голын хоёр эрэг дээр гарчхаад бие бие рүүгээ чулуу шидээд байгаа зүйл байхгүй. Нөгөө талдаа хоёр дахь удаагаа улсын төсвөөр бойкот хийж байна. 2025 оны улсын төсвийн үеэр 30:38-аараа хуваагдаад, хоёр талд гарч хэвлэлийн хурал хийгээд явж байсан. Гэтэл өнөөдөр улсын төсөв, төсвийн тодотголоороо дахиад бойкот хийж байна. Эрх баригчид бие биеэ л бойкотлож байгаа шүү дээ. Түүнээс биш үнийн өсөлт, цалин тэтгэврийн асуудал зэрэг нийгэмд тулгамдсан асуудлын төлөө голын хоёр эрэг дээр гарчхаад бие бие рүүгээ чулуу шидээд байгаа юм биш. Өдөр бүр л нэг гэмт хэрэг ярьдаг боллоо шүү дээ. Ээлжилж гарч ирж хэвлэлийн хурал хийцгээгээд л. Энэ бол МАН-ын дотоод хуваагдлын л үр дүн.
-Асуудлыг сөрөг хүчин рүү чиглүүлэх гэсэн хандлага нэлээн явж байгаа талаар танай бүлгийн дарга О.Цогтгэрэл хүртэл дурдана лээ?
-Бие биеэ харлуулах ажлаа өөрсдөө л хийж байгаа шүү дээ. Дэлхийн олон орны парламентад сөрөг хүчний гишүүд нь чуулганы хуралдааны ирцдээ орохгүйгээр улс төрийн шийдвэр гаргах процесс байж л байдаг шүү дээ. Засгийн газарт орж гарсан 80-90 хүн байгаа биз дээ. Тэр хүмүүс нь ирээд хурлаа хуралдуул л даа. Манай Ардчилсан намын гишүүд бүгд л ирцээ бүрдүүлчихвэл чуулган руу ороход бэлэн өрөөндөө сууж байгаа шүү дээ. Хамгийн гол нь эрх баригчид улс орны ажлыг хойш нь тавьж, хэрүүл тэмцэл хийж байгааг олон нийт харах хэрэгтэй биз дээ. МАН-ынхан өөрсдөөс нь болж чуулган гацаж байгаа юм байна гэдгийг иргэд харж байгаа шүү дээ. Харин өөрсдийнхөө бурууг бусдад наах гэдэг бол гурав дахь удаагаа эрх барьж байгаа МАН-ын хувьд хамгийн сурцтай мэх нь. Бусад руу буруугаа чихээд өөрсдөө энхийн цагаан тагтаа мэт байдаг. Гэтэл начир дээрээ сүүлийн арван жил хэн засагласан юм. Хэн төрийн сайдын албан тушаалыг ээлжилж хашицгаасан юм. МАН-ынхан л биз дээ.
-Өнгөрөгч долоо хоногийн чуулганаар АН-ын бүлэг ирэх оны төсвийн төсөл болон төсвийн хүрээний мэдэгдэл дээр гурав хоногийн завсарлага авсан. Завсарлага дууссан гэж ойлгож байгаа. Гэтэл та бүхэн яагаад өчигдөр чуулгандаа орсонгүй вэ?
-Завсарлага дуусаагүй байгаа. Чуулган хуралдаагүй учраас завсарлага үргэлжилж байгаа гэсэн үг. Бид чуулганы хуралдаанаас ажлын гурав хоногийн завсарлага авсан. Пүрэв, Баасан гарагт чуулган хуралдаагүй шүү дээ.
-ЗГ ийм дураараа төсөв, тодотгол оруулж ирэх юм бол хавар төсвийн хүрээний мэдэгдэл гэж батлах ямар шаардлага байгаа юм бэ-

-Тэгвэл та бүхэн завсарлага авсан асуудал болох ирэх оны төсөв болон 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл дээр байр сууриа нэгтгэсэн үү?
-Өчигдөр бүлгийн хуралдаан дээр энэ асуудлыг ярьсан. АН-ын ҮБХ-ны дэргэдэх Эдийн засгийн зөвлөлөөс тодорхой танилцуулгууд хийгдсэн. Би танд нэгхэн л тоо харуулъя. 2026 оны тавдугаар сарын 29-нд УИХ-ын баталсан Төсвийн хүрээний мэдэгдлээр Засгийн газрын нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 36.5 их наяд байхаар баталсан. Гэтэл ЗГ төсвийн тодотголоо ч, төсвөө ч аль алийг нь нэмэгдүүлнэ гээд ороод ирсэн. Тэгэхээр батлагдсан хуулийг дагаж мөрдөх ёстой биз дээ. Гэтэл наад хуулийг чинь өөрчилчихье л дөө гэж орж ирж болохгүй биз дээ. Сүүлийн арван жилд нэгдсэн төсвийн зарлага нь төсвийн хүрээнээсээ давж орж ирж байсан тохиолдол байхгүй юм билээ. Дандаа төсвийн хүрээний мэдэгдэл дотроо ЗГ төсвөө өргөн барьж ирсэн. Яагаад төсвийн хүрээний мэдэгдлийг төсөв өргөн барихаас 4,5 сарын өмнө буюу бараг хоёр улирлын өмнө хэлэлцээд баталдаг юм. Ирэх жилүүдэд эдийн засаг ийм байна гэдэг урьдчилсан тооцоолол шүү дээ.
-Төсөв өргөн баригдсан цаг үеэс гол төлөв төрийн алба хаагч, нийгмийн халамж чиглэлд илүү анхаарсан байна гэх шүүмжлэл дагуулсан. Гэтэл нөгөө талд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн чинь сөхрөхөд ойрхон байна шүү гэдгийг олон, олон эдийн засагчид хөндөж байсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ч үүнийг дүгнэлтдээ дурдсан байна лээ. Танай бүлэг өнгөрөгч Баасан гарагт бизнес эрхлэгчдийн энэ чиглэл дэх байр суурийг сонссон байсан. Ямархуу байр суурийг илэрхийлэв?
-Монголд ганцхан төрийн алба хаагчид болон ТӨК-ийн ажилчид амьдардаггүй. Нийт 226 мянга орчим батлагдсан орон тоо байдаг. Үүнээс 9 хувийг нь цомхтгож, 200 мянга орчим болсон. Үүн дээр төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа 60-70 мянга орчим ажилчид нэмэгдэнэ. Ингэснээр 270 мянган хүн төрөөс ямар нэг байдлаар хамааралтай цалин авч байна. Нөгөө талд 1.1 сая иргэн хувийн хэвшилд ажиллаж, амьдарч байна. Гэтэл энэ хоёрт нэгдсэн бодлого хэрэгтэй байгаа болохоос Засгийн газар нь өөрсдийнхөө хэсэгт таалагдахын тулд гараагүй шийдвэрийг гарсан болгож зарласнаас болж ийм асуудал үүсээд байна шүү дээ. Бид бизнес эрхлэгчдээ ч бодох хэрэгтэй. Би Н.Учралыг Ерөнхий сайд болж байхад нь "Залуу хүний хувьд таныг дэмжиж байна. Тиймээс та бизнес эрхлэгчдэдээ хайртай Ерөнхий сайд байгаарай" гэж хэлж байсан. Яагаад гэвэл ДНБ-ий 70 хувийг төр өөрөө үйлдвэрлээд байна. Тэгсэн мөртлөө ажиллах хүчний ердөө 25 хувийг бий болгож байна. Нөгөө талдаа ААН-үүд чинь хэрхэх вэ гэдэг асуудал үүсээд байна шүү дээ. Том компаниуд эргэлтээрээ учраа олчхож болох юм. 1-5 ажилтантай, жижиг дунд бизнес эрхэлж байгаа 90 орчим мянган ААН-үүдийг хашааны гадна талд орхиож болохгүй. Тэр дунд чинь дэлгүүр, кофе шоп, худалдааны төв ажиллуулж байгаа л хүмүүс байгаа шүү дээ. Бид тэдний чөлөөтэй бизнес эрхлэх орон зайг нь тэлэх ёстой. Ний нуугүй хэлэхэд, бид одоо байгаа хэдэн татвар төлөгчдөө яаж хуу хамах вэ гэдэг л бодлоготой яваад байна шүү дээ. Монголд ганцхан төрийн алба хаагч нар ажилладаггүй гэдгийг л бид маш сайн ойлгох хэрэгтэй. Төсвийн зарлага нь хүртэл бүгдээрээ төрийн алба хаагчид руу, төрийн өмчит байгууллагууд руу чиглэчихдэг. Ийм л буруу тогтолцоо байна.
-Төсвийг ерөнхийд нь харахад, хэр төсөв оруулж ирсэн гэж харж байгаа вэ?
-Нэгдүгээрт, одоогоор батлагдсан төсөв, тодотгол, батлагдах төсөв гээд гурван төсөв яваад байна шүү дээ. Өмнө хэлсэнчлэн Төсвийн хүрээний мэдэгдэл дээр байгаа тоо хэмжээгээ барьж тодотгол орж ирэх ёстой. Гэтэл үүнийгээ зөрчөөд оруулаад ирсэн. Ирэх оны төсөв нь дахиад тэлээд ороод ирсэн. Засгийн газар ингэж дуртайгаараа хуулиа өөрчилье гэж оруулж ирэх юм бол бид хавар төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж, батлах шаардлагагүй. Нөгөө талдаа улсын төсөв болон төсвийн тодотгол дээр намын намын бүлгээс төсвийн зарлагаа битгий нэмээч ээ гэж байнга шахуу хэлж байгаа. Ингэж тогтсон зардал чинь эргээд буурахгүй. Яагаад гэвэл, нэг удаагийн шинжтэй орлогуудаар бид зардлуудаа нэмээд байна шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, бид төрийн өмчит компаниудын төсвийг татаж авна л гэж байна. Оюутолгойн ногдол ашгийн орлогоос авна л гэж байна. Эд нар чинь бүгд нэг удаагийн шинжтэй шүү дээ. Жишээлбэл, 2028 онд Оюу толгой ногдол ашиг өгөхгүй гэвэл яах юм. Тэр тогтчихсон 2,3 их наядын зардлыг яах юм. Энэ чинь буцаад өр болж бичигдэнэ шүү дээ. Тиймээс л зардлаа багасга гээд байгаа юм.
2020 оноос хойшхи төсвийг харахад, 208 их наяд төгрөгийг улсын төсвөөрөө зарлагадаж байна. Айлаар яривал, бид эхлээд зардлаа бууруулж, тодорхой хэмжээний хуримтлалтай болчхоод, дараагийн юмаа бодъё гэж болно биз дээ. Үүнийг л хэлээд байгаа юм.
-Жишээлбэл, Оюу Толгойн ногдол ашгийг манай ЗГ олж ирээд ард иргэдэд өгөх гэтэл эсэргүүцээд ажил хийлгэхгүй байна гэдэг зүйлийг Ерөнхий сайд хөдөө орон нутагт ажиллах үеэрээ дурдаам амжина лээ?
-Хоёр зүйл бий. Засгийн газар энэ асуудлыг батлагдсан хуулийн дагуу оруулж ирэх ёстой. Манай намынхны зүгээс эхлээд хуулиа мөрд гэдэг шаардлагыг л тавьж байгаа. Засгийн газар хууль мөрдөхгүй бол монголын ард түмэн хууль мөрдөх шаардлагагүй гэдэг логик үүснэ шүү дээ. Хоёрдугаарт, Оюу Толгойн ногдол ашгийг ярьж байгаа бол нөгөө талдаа 66 хувийг эзэмшиж байгаа тал хэр хэмжээний ногдол ашиг хүртэж байна вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Түүнчлэн яг одоогоор Оюу Толгойн ногдол ашиг авахтай холбоотой гэрээ хэлэлцээр албажаагүй байна. 34 хувийг эзэмшиж байгаа Монгол Улсын Засгийн газар 3 их наядын ногдол ашиг хүртэж байгаа юм бол 66 хувийг нь эзэмшиж байгаа компани ногдол ашиг хүртэж таарна шүү дээ, хуулиараа. Дахиад л хууль хамаагүй гэх юм уу. Энэ мэтчилэн зүйлсээ л тодорхой болго гэж байгаа юм. Түүнээс биш Оюу Толгой төслөөс монголчууд ашиг хүртэх ёстой гэдэгтэй 100 хувь санал нийлнэ. Гэхдээ аливаа зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой.
-Төслүүдэд зарцуулахаар төлөвлөж буйг юу гэж харж байна?
-Батлагдаагүй байгаа зүйлийг төсөвтөө суулгачхаад PR-н шинжтэй хамаг юмаа түрүүлээд зарлачихаж байна. Дараагаар нь УИХ түүнийг нь батлахгүй болохоор парламент ингээд байна шүү дээ гэж хэлэх зальжин аргыг ЗГ ашигладаг болчхоод байна. Сүүлийн хэдэн ч ЗГ энэ аргыг ашигласан. PR-н шинжтэй мэдээллээ зарладаг, тэр нь дараа амьдрал дээр хэрэгждэггүй. Адаглаад УИХ-тайгаа зөвшилцдөггүй, ярилцдаггүй, хэлэлцүүлгээ ч хийгээгүй байж байдаг. Эхлээд түүнийгээ хийчихээд зарлавал арай өөр процесс. Наана нь зарлачихаар PR-н шинжтэй процессууд нь түрүүлээд явчихдаг. Тиймээс Засгийн газар хуулиа дагаж мөрд.
-ТӨК-иуд дээр 400 орчим их наяд төгрөгийн асуудал яригдаж байхад бид нэг жилд улсын төсөв дээрээ 30 гаруй их наядын төсвөө их, бага тухай яриад сууж байна-

-Таны хувьд ТӨК-иудын сүүлийн арван жилийн төсөв, зардал түүний зарцуулалтын талаар Хянан шалгах түр хороог санаачилж, сонсгол хийхээ мэдэгдсэн. Яагаад энэ сэдвийг барьж авах болов. Нэлээн улстөржилт, маргаан дагуулдаг сэдэв шүү дээ?
-Бид төсөв хөрөнгө ярихаар улсын төсөв дээр орж ирсэн хэдэн цэцэрлэг, сургууль, дотуур байр, соёлын төвөө л тойроод яриад байдаг. Гэтэл төсөв дагасан хэний ч анзаардаггүй, тоодоггүй ТӨК болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүдийн төсөв хөрөнгө санхүү гэж нэг зүйл байна. Жишээлбэл, төрийн худалдан авалттай холбоотой нээлттэй мэдээллээс харахад 2016-2026 оны хооронд 127 мянган тендер ТӨК дээр зарлагдсан байна. Худалдан авах ажиллагаа гэсэн үг шүү дээ. Худалдан авах ажиллагааны тухай хуулиар 5 саяас дээш дүнтэй бол худалдан авалт болгон зарладаг. Түүнээс доош бол шууд гэрээ хийдэг. ТӨК болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүд нийт 133.1 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Энэ бол зөвхөн худалдан авалт. Урсгал зардал, үйл ажиллагааны зардал үүнд багтаагүй. Хэрэв үүнийг багтаавал энэ тоо хоёр дахин тэлнэ. Үндсэндээ ТӨК болон ТӨОААН байгууллагууд дээр 400 орчим их наяд төгрөгийн асуудал яригдаж байна гэсэн үг. Гэтэл бид нэг жилд улсын төсөв дээрээ 30 гаруй их наядын төсөв их, бага тухай яриад сууж байгаа шүү дээ. Нэг жилд төсвөөс гадуур 20 их наяд төгрөгийг ТӨК-иудын захирлуудын гараар ороод байна гэдгийг Ерөнхий сайд ч, Б.Энхбаяр сайд ч үгээрээ баталсан. Иймээс үүнийг улсын төсвийн орлого болгож авъя гэдэг зүйлийг ярьж байна лээ. Угтаа бол улсын төсвийн орлого болгож авах ёстой зүйл юм. Ногдол ашиг хэлбэрээр авч, тэр нь тодорхой сангууд руу ороод явах ёстой байтал ТӨК-иудаар улс төрийн шийдвэр гаргуулаад, төслүүдийг санхүүжүүлдэг болгочихсон. Энэ нь эргээд санхүүгийн сахилга батыг алдагдуулж байна. Тиймээс 2027 оноос ТӨК-иудын ногдол ашгийг төсөв рүү татаж авах гэж байгаа юм бол түүнээс өмнө юу болсныг сонсчихъё л гэж байгаа юм. Яагаад арван жил гэж. Учир нь энэ арван жилд МАН үнэмлэхүй засаг барьж байгаа.
Бид улсын төсөв, ЗГ-ын данхар бүтэц яриад л байдаг. Гэтэл бодит байдал дээр үүнийг дагаад ТӨК-иудын хөрөнгө түүнийг дагасан худалдан авалт, урсгал зардал дагаад тэлж байна. Жишээлбэл, 2016-2020 оны парламентын хугацаанд 21 орчим их наяд төгрөгөөр 36 мянга орчим тендер зарлагдаж байсан. Гэтэл 2020-2024 онд энэ тоо хоёр дахин өссөн. Мөнгөн дүн ч, худалдан авах ажиллагаа ч тэр. 2024-2026 онд буюу одоогийн байдлаар 54.3 их наяд төгрөгийн худалдан авалт хийж байна. 2028 он болоход энэ тоо 100 их наяд давна. Жил бүр төсвийн тэлэлтээ дагаад нэмэгдэнэ гэсэн үг. Үүний цаана ашиг сонирхол яваад байна. Та санаж байгаа бол чөлөөт сонгон шалгаруулалтаар шалгарч очоод ажилд томилогдсон аавын хүү, ээжийн охин хэн байгаа вэ. Танд тийм нэр бууж ирж байна уу. Байхгүй. Дандаа намын томилгоогоор очсон хүмүүс байдаг байхгүй юу. Тиймээс энэ бүгдийг бид өнгөрсөн арван жилийн хугацаагаар нь эргэн харъя л гэж байгаа юм. Бид энэ асуудлыг заавал ярьж байж дүгнэлт хийх ёстой. Бид өнгөрснөө дүгнэж байж, ирээдүй рүү явна шүү дээ. Ийм л зорилгоор хянан шалгах түр хороо байгуулъя гэсэн юм.
-ТӨК-иудтай холбоотой асуудлыг хөндөх энэ түр хороо, сонсгол улстөрчдөөс хэр дэмжлэг авч чадна гэж та харж байна?
-Манай намын бүлгийн гишүүд дэмжинэ гэсэн. Өнөөдрөөс албан бланк болгоод гарын үсэг цуглуулж байна. Ж.Золжаргал гишүүн дэмжихээ илэрхийлсэн. Р.Батболд гишүүн ч мөн адил дэмжиж гарын үсэг зурсан. Би МАН-ын гишүүдийг ч дэмжиж, гарын үсэг зурах байх гэж итгэж байна. Яагаад гэвэл бид энэ асуудлыг нэг мөр ярьж аваад цэгцрэх тийш нь хандуулах ёстой.
Өмнөх идээ бээр нь хэвээр байсаар байвал энэ сэдэв дуусахгүй, цаашид ч яригдсаар байна.
-Та сонсгол хийхээ зарласны дараахан ТӨК-иудын захирлуудын цалингийн мэдээллийг ил болгосон. Энэ мэдээлэл өнгөрсөн хавар олон нийтэд хүрч байсан. Тухайн үед жишээлбэл, одоогийн "Чингис хаан баялгийн сан нэгдэл"-ийн захирал Б.Даваадалай цалингийн мэдээллээ үгүйсгэж байсан. Тиймээс энэ мэдээлэл хэзээнийх вэ гэдгийг тодруулж асуух гээд байгаа юм?
-Би Үндэсний Аудитын газар руу ТӨК-иуд дээрх нийтлэг зөрчилтэй холбоотой мэдээллийг ирүүлнэ үү гэж албан бичиг явуулж байсан. Тэр дунд аудитын дүгнэлт ч ирсэн. Хэрэв энэ цалингийн мэдээллийг худал гэж байгаа бол тухайн албан тушаалтнууд Үндэсний Аудитын газар дээр очиж л худлаа гэдгээ нотлох хэрэгтэй. Аудит үүнийг санхүүгийн баримтаар нотолж байгаа шүү дээ. Би зохиогоод ч юм уу, тоо нэмээд гаргачихсан зүйл биш. Аудитын дүгнэлт дээр л тулгуурлаж ярьж байгаа зүйл.
-Сонсгол хийхээ зарласнаас хойш танд ТӨК-иудаас нууц мэдээлэл ирж байна уу?
-Ирж байна. Жишээлбэл, дотор нь ажиллаж байгаа ажилчдаас ирж байна. Тэнд мэргэжилтнээс авхуулаад боловсрол мэдлэгээрээ тэнцэж ороод ажиллаж байгаа ажилчид бий шүү дээ. Бас аливаа зүйлд шинэ соргогоор ханддаг болсон залуу үеийнхэн ч тэнд ажиллаж байгаа. Тэднээс нэлээдгүй их мэдээлэл ирж байна. Би удахгүй мэдээллийг нь нэгтгээд та бүхэнд хүргэх болно. Учир нь зарим ирж буй мэдээлийг баталгаажуулах шаардлага байгаа. Өшөө их мэдээлэл ирээсэй гэж би хүсэж байна. Ер нь хараад байхад ТӨК-иудын үйл ажиллагааг тоохгүй явсаар бүр өөгшүүлчихсэн юм байна.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!