
Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит гудамж бий болгох асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцжээ.
Хуралдаанаар Хан-Уул дүүргийн 11, 15, 17, 18 дугаар хороо болон Баянзүрх дүүргийн 11, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнан байрлах, “Олимпын гудамж”-наас урагш “Дүнжингаравын зам” хүртэлх 2.8 км гудамжийг “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын гудамж” хэмээн нэрлэхээр тогтсон байна.
Шинэ нэршил нь тухайн гудамжны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, мөн оршин суугч иргэд болон хаягжилт, бүртгэл мэдээлэлтэй холбоотой этгээдэд хамаарах юм.
Мөн гудамжны шинэ нэршлийг газрын бүртгэл, хаягийн мэдээлэл, нийтийн үйлчилгээ, шуудан холбоо, түргэн тусламж, онцгой байдал болон бусад холбогдох үйлчилгээний мэдээллийн системд тусган шинэчлэхээр болжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!