
NBA-ийн “Detroit Pistons” баг төвийн тоглогч Jalen Duren-д таван жилийн 200 сая ам.долларын гэрээ санал болгосон хэдий ч хоёр тал одоогоор хараахан тохиролцоонд хүрж амжаагүй байгаа аж.
ESPN-ийн Shams Charania-ийн мэдээлснээр “Pistons” өмнө нь Duren-д таван жилийн 180-190 сая ам.долларын гэрээ санал болгож байсан хэдий ч хэлэлцээр урагшлаагүй аж. Үүнээс үүдэн багийн зүгээс саналаа нэмэгдүүлж, энэ удаа нийт 200 сая ам.долларт хүргэжээ.
Гэсэн ч 22 настай ирээдүйтэй төвийн тоглогч Jalen Duren тус саналыг одоогоор хүлээн аваагүй хэвээр байна. Хоёр талын хэлэлцээр зуны турш тодорхойгүй байдалтай үргэлжилсэн бөгөөд шинэ улирлын Media Day эхлэхэд долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед Duren багийнхаа бэлтгэлд нэгдэх эсэх нь ч тодорхойгүй хэвээр байна.
Duren өнгөрсөн улиралд “Pistons”-ийн гол тоглогчдын нэг болж, анх удаа NBA-ийн All-Star тоглолтод сонгогдсон. Мөн улирлын төгсгөлд All-NBA-ийн гуравдугаар багт нэрлэгдсэн юм. Тэрбээр улиралд дунджаар 19.5 оноо, 10.5 самбар авч, “Pistons”-ийг 60 хожил авахад маш том нөлөө үзүүлсэн гол тоглогчдын нэг байлаа.
Ийнхүү All-Star болон All-NBA-ийн тоглогч болсон Duren өөрийн үнэ цэнийг илүү өндөр түвшинд үнэлж байгаа нь гэрээний хэлэлцээрийн гол асуудлуудын нэг болж байна. Түүний авах боломжтой хамгийн өндөр сунгалтын хэмжээ нь таван жилийн 287 сая ам.доллар боловч “Pistons” одоогоор ийм хэмжээний санал тавих сонирхолгүй багаа аж.
Duren “Pistons”-ийн 200 сая ам.долларын саналыг хүлээж авахгүй бол өөр нэг хувилбар түүнд бий. Тэрбээр 2026-2027 оны улиралд нэг жилийн 9.6 сая ам.долларын qualifying offer-оор тоглоод, дараа зун чөлөөт агент болох боломжтой. Гэхдээ энэ нь тоглогчийн хувьд нэлээд эрсдэлтэй сонголт юм. Учир нь ирэх улиралд гэмтэл бэртэл авах, эсвэл үзүүлэлт нь буурах тохиолдолд дараагийн шинэ гэрээний үнэ цэн буурах эрсдэлтэй.
Өнгөрсөн улиралд Cade Cunningham тэргүүтэй “Detroit Pistons” багийн гол цөмийн нэг болсон Duren-ийг урт хугацаанд авч үлдэх үү, эсвэл гэрээний хэлэлцээр бүтэлгүйтвэл өөр хувилбар хайх уу гэдэг асуудал ойрын өдрүүдэд тодорхой болох аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!