Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 49 секунд

Улаанбаатар хотын суурьшлын бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэж, стандартын шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх дэд бүтэц, хууль эрх зүйн орчин нөхцөлөөр хангасан Эмээлт эко аж үйлдвэрийн паркт нэгтгэн байршуулахаар болсон. Тус паркийг хотын төвөөс 30 км зайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойн 539 га газарт байгуулахаар бэлтгэл хангаж буй.

Тодруулбал, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Барилга угсралтын ажлыг энэ сарын дундуур эхлүүлэхээр төлөвлөсөн. Дулааны цахилгаан станц нь жилд 665 мянган тонн ус ашиглан 156 сая кВт.ц цахилгаан, 265.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин цэвэрлэх байгууламж нь хоногт 6700 шоо метр ахуйн болон үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Үүнийг хоногт 20’000 шоо метр хүртэл өргөтгөх боломжтойгоор төлөвлөж байна.

Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулан, мал аж ахуйн салбарыг кластераар хөгжүүлэх зорилготой Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь мах, дайвар бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр, хүнсний агуулах, хүлэмжийн аж ахуй, бизнес инкубатор төв зэрэг үндсэн долоо, дэд 11 бүсээс бүрдэнэ.

Төслийн үр дүнд 7.5 сая ширхэг арьс шир, 4.6 мянган тонн завод ноос, 5.8 мянган тонн ноос, 3.0 мянган тонн ноолуур, 2.5 мянган тонн ээрэх, 25.5 мянган тонн мах, 98.4 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаар ажилласнаар 5600 ажлын байр шинээр бий болж, татварын орлогод 86.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтын зардлаа 6.7 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолол гараад байна. Үүний зэрэгцээ байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлээр арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, Монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах шинэ боломж нээгдэх юм.

Х.Билгүүнсайхан Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдана
Х.Билгүүнсайхан Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдана
 
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ яг одоо АТГ-т мэдүүлэг өгч байна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ яг одоо АТГ-т мэдүүлэг өгч байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!