
-ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбаттай шүлхий өвчлөлийн нөхцөл байдал, ОХУ-аас татан авах вакцинтай холбоотой асуудлаар ярилцлаа-
-Өнгөрөгч долоо хоногт Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн шинэ төрлийн шүлхий өвчин Ховд аймагт ч мөн адил бүртгэгдээд байна. Саяхан Төв аймагт бүртгэгдсэн гэх мэдээлэл гарч эхэллээ. Үнэхээр тархалт төвийн аймгууд руу ороод ирэв үү гэдэгт хариулт өгөхгүй юу. Мөн түүнчлэн өнгөрөгч амралтын өдрүүдээр вакцин авахаар ажиллаж эхэлсэн талаар та мэдээлсэн байсан?
-Шүлхий өвчин дотроо долоон төрөл байдаг юм байна. Манай улсад өмнө нь О хэвшлийн шүлхий өвчин түгээмэл бүртгэгддэг байсан. А хэвшлийн шүлхий өвчлөл 2000 оноос хойш 3 удаа гарч байсан. Гэтэл тавдугаар сарын 22-ноос эхлэн САТ-1 шинэ төрлийн шүлхий өвчин Баян-Өлгий аймгийн хил дагуу сумдад гарсан. Мал эмнэлгийн Ерөнхий газрын төв лабораториор САТ-1 төрлийнх байна гэдэг хариу нь баталгаажсан. Улмаар тавдугаар сарын 25-нд Ховд аймагт бүртгэгдсэн. Хил дагуу өвчлөл бүртгэгдээд байгаа. БНХАУ-ын баруун хойд булан, ОХУ-ын баруун урд хэсгээр бүртгэгдэж эхэлсэн гэх мэдээлэл нь ирсэн байсан. САТ-1-тэй тэмцэхэд хөл хорио, устгал, дархлаажуулалт гэдэг л шийдэл байгаа юм.
Шинэ төрлийн САТ-1 шүлхий өвчлөлийн вакцины асуудал дэлхий нийтэд нэлээн тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс УОК, Засгийн газраас шийдвэр гаргаж САТ-1 өвчний эсрэг вакциныг худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж эхлээд байна.
Тухайн вакцин нь одоогоор хоёрхон улсад үйлдвэрлэгдэж байгаа гэдэг утгаараа нэлээн оочир хүлээгдэлтэй байгаа юм билээ. Магадгүй зарим тохиолдолд хоёр сар хүлээгдэх хэмжээнд ч байна. Тиймээс нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд ОХУ-аас вакцин худалдан авах ажлыг аль болох хурдан хугацаанд хийхээр ажиллаж байна.
Сая Беларусь улсад ажиллах үеэр ОХУ-ын ХАА-н дэд сайдтай энэ асуудлын талаар хөндөж тавьсан. Манай яамны багийнхан өнгөрөгч Баасан гарагт тус улсад ажиллаад ирсэн. Хоёр улсын хооронд вакцин худалдан авах гэрэ байгуулах ажлаа эхлүүлж байна.
Нөгөө талдаа бас нэг асуудал үүсэж байгаа нь, О хэвшлийн шүлхий өвчлөл манай улсад энэ өвөлжингөө гарлаа. Тиймээс энэ хавар тарилга хийсэн. Гэтэл тарилга хийсэн үхрээс О хэвшлийн шүлхий өвчлөл гарч байна. Тэгэхээр иргэддээ гэж хэлэхэд хоёр хэвшлийн шүлхий байна. Нэгдүгээрт, САТ-1. Баян-Өлгий аймгийн хоёр сум болон Ховд аймгийн хоёр суманд бүртгэгдсэн эл өвчлөлд Мал эмнэлгийн Ерөнхий газрын баг арав гаруй хоног ажиллаж байна. Мөн УОК-ын шуурхай штаб ажиллаж байна. 40 гаруй цэг дээр 200 гаруй хүн 24 цагаар ажиллаж байна.
Гэтэл үүнтэй зэрэгцэн Төв аймагт урьдчилан сэргийлэх вакцин тарьсан үхрүүдээс О хэвшлийн шүлхий илрээд байна. Үүнийг иргэд буруу ойлгож, САТ-1 өвчлөл нь төвийн аймгууд руу ороод ирлээ гэж эргэлзээнд ороод байгаа юм.
О хэвшлийн шүлхийн өвчлөлтэй холбоотой асуудалд хариуцлагын асуудлыг шууд ярьж таарна. Мал эмнэлгийн Ерөнхий газраас авхуулаад анхан шатны нэгж хүртлээ бид хариуцлагын асуудлыг ярихгүй бол болохгүй. Улсын төсвөөс жил бүр хэдэн арван тэрбум төгрөг гаргаад энэ олон малыг нийтээр нь вакцинжуулдаг. Гэтэл энд чинь вакцины үнээс гадна тарилгын хөлс, томилолтын мөнгө гээд маш олон асуудлууд яригддаг. Гэтэл тарилга хийж дууссаны ар дээр өвчин гарсан учраас хаана хариуцлага алдагдав гэдэг асуудлыг ярих шаардлагатай болж буй юм.
Нэгдүгээрт, вакцины чанарын асуудал яригдана. Хоёрдугаарт, вакцин тарьсан уу, тариагүй юу гэдэг асуудал яригдана. Хэрэв тариулаагүй бол яагаад гэдэг асуудлыг ярих хэрэгтэй болно.
-Вакцинжуулалт хийсэн хэдий ч О хэвшлийн шүлхий өвчлөл илэрсэн гэх энэ асуудал аль аймгуудад үүссэн асуудал вэ?
-Монгол Улсын хэмжээнд Төв, Өвөрхангай, Дорнод аймгийн нутгуудад энэ асуудал үүссэн. Гэхдээ энэ нь дандаа О хэвшлийн шүлхий өвчлөлийн асуудал гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Тариа тарьчихаад байхад өвчин тусаад байна гэдэг нь тариатай эсхүл тариагүйтэй холбогдох асуудал.
-Худалдан авахаар төлөвлөж байгаа вакцины тун нь хэд вэ. Хүлээгдэл их байгаа гэж та яриандаа дурдлаа. Тэгэхээр вакцин оруулж ирэх асуудал ч хүлээгдэнэ гэсэн үг үү?
-Бид вакцинаа худалдаж авч байна. Хоёрдугаарт гэвэл энэ асуудлыг айхтар дэлгэрүүлж яриад яах вэ. Хүлээгдэл маш их байгаа. Эхний ээлжинд 500 мянгаас 1 сая тун авахаар төлөвлөж байна. Эхний ээлжийн тунгаа авчихвал эхлээд голомтоо дараагаар нь баруун таван аймгийнхаа зүүн талаас нь хил рүүгээ хөөж тарина гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
-Шүлхий өвчлөл гарсан шалтгаан нөхцлийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа зүйл бий юу. Ер нь шүлхий гэлтгүй малын гоц халдварт өвчин гарах бүрт вакцин түүнийг дагасан бизнестэй холбоотой асуудал яригддаг шүү дээ?
-Миний хувьд вакцины асуудал дээр шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн нэг. Өчнөөн олон тэрбум төгрөгийг 1000 гаруй мал эмнэлгийн нэгжээр тариулаад байхад дахин, дахин О хэвшлийн шүлхий өвчлөл нь гараад байгаа юм бэ гэдэг асуудал байна. Энэ нь вакциндаа байгаа юм уу эсхүл нэгждээ, малчиндаа, аймгийн мал эмнэлэгтээ байгаа юм уу. О хэвшлийн шүлхий гарсан аймгууд түүний мал эмнэлгийн газрын дарга нар, нэгжүүд цаашилбал вакцинаа тариулаагүй малчинтай ч хариуцлагын асуудлыг ярих ёстой.
САТ-1 төрлийн шүлхий өвчний эсрэг вакциныг аль болох хурдан хугацаанд авахаар хойд хөрштэйгээ гэрээ хэлэлцээрээ хийж байна. Энэ чинь бас хуультай. Шууд худалдан авалт явагдах тул Засгийн газрын тогтоол гарсан байх ёстой гэдгээс авхуулаад олон процесс бий. Энэ процессуудаа бол дууссан. Нөгөө талдаа энэ процесс явж байх хооронд яриа хэлэлцээр, тандалт судалгаагаа хийлээ.
-Тархалтын тухайд шинээр авсан мэдээлэл байгаа юу. Анх Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн ч одоо Ховд аймгийн сумдаар бүртгэгдээд байна шүү дээ?
-Баян-Өлгий аймгийн хоёр, Ховд аймгийн хоёр сумд бүртгэгдээд байна. Голомтын хувьд, арван голомтод 1000 гаруй малын устгал хийгдээд явж байгаа. Мал эмнэлгийн байгууллагынхны хэлж буйгаар хөл хорио, устгал, вакцин нэмээд ариутгалын асуудлыг чухалчлах ёстой. Ямартай ч вакцинаа авахаар ажиллаж байна. Авсан вакцинаа ямар төлөвлөгөөтэй хийх вэ гэдгээ мэргэжлийн байгууллагуудтайгаа ярилцаад эхлээд голомтоо, дараагаар нь нутгийн гүн рүү оруулахгүйн тулд зүүн талаас нь хөөж вакцинаа хийхээр болсон. Миний хувьд ажлаа авснаасаа хойш вакцины татан авалт чиглэлд анхаарлаа хандуулж байна. Шүлхий өвчний эсрэг вакцинжуулалт нь жилд хоёр удаа хийгддэг. Он гарсаар хаврын улиралд хийх вакцинаа хийсэн боловч тэр нь О болон А хэвшлийн вакцин нь.
Тиймээс намрын вакцинжуулалтад зориулж О болон САТ-1 гэсэн үйлчлэлтэй вакцин худалдан авах ажлыг зохион байгуулна.
-Малаа устгалд оруулсан малчдад нөхөн төлбөрийн асуудал яригдах уу?
-Тийм ээ. Нөхөн төлбөрийн асуудал яригдана. Малчны хотонд байгаа малыг л устгаж байна шүү дээ. Энэ нь холболгдох хуулийн заалттай.
Голомтод ажиллаж буй мэргэжилтнүүд устгалд оруулж байгаа бүх мал дээр акт тогтоож байгаа шүү дээ. Түүндээ тулгуурлаад статистикийн мэдээлэл дээр байгаа тухайн өдрийн ханшийн 90 хувиар тооцож нөхөн төлбөрийг олгох хуулийн заалттай.
Тиймээс вакцинаа аль болох хурдан хугацаанд авчрах шаардлага байна. Баян-Өлгий аймгийн хувьд хөл хорио тал дээр маш сайн ажиллаж байгаа.
-Жил бүр вакцинжуулалтад 50 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг ч "Тарьж л байдаг, өвчлөл гарч л байдаг" гажуудал бий болчихсон байна. Үүнийг өөрчилнө-
-Малын гоц халдварт өвчин бүртгэгдсэн нь эргээд махны экспортод ямар нэг байдлаар нөлөөлөх үү?
-Хаврын улиралд махны экспорт өндөр хэмжээгээр гарсан зүйл байхгүй. Энэ утгаараа сөрөг нөлөөлөл байхгүй. Харин удааширвал тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. Тиймээс шүлхий өвчний талаар хэн нэг улстөрч ч юм уу, хэн дуртай нь яриад байх нь сайн зүйл биш. Тэгж ярьснаараа вакцинтай болчихгүй.
Монгол Улсад ийм өвчин гарлаа гэдгийг хэн дуртай нь зарлаад баймааргүй байна. Уг нь энэ чинь хуулиараа хориглочихсон зүйл шүү дээ. Энэ талаарх мэдээллийг нуугаад байсан ч зүйл байхгүй.
22-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 25-нд мал эмнэлгийн төв лабораторын хариу гарч, САТ-1 гэдэг нь батлагдсан. Энэ хооронд бэлтгэл ажлууд хийгдэж байсан.
-Өвчлөл үүсэх шалтгаан нөхцөл нь ер нь юу байдаг юм бэ?
-Шалтгаан нөхцлийг судалж байна. Малын бэлчээр, хилийн тортой торгүй гээд олон асуудлууд байдаг. Ил яриад байхгүй ч гэсэн тодорхой шалтгаанууд ил болж байгаа. Иргэд маань САТ-1, О хэвшлийг ялгаж ойлгоорой. Төв аймагт бүртгэгдсэн О хэвшлийн шүлхий бол САТ-1 биш. Энэ дээр хариуцлагын асуудал яригдана. О хэвшлийн шүлхий гарсан бүс нутгийн шинжилгээнүүдийг бид илүү нарийвчилж байна. Тохиолдол бүртгэгдсэн хот айлын үхэрнээс нь нарийвчилсан шинжилгээг авч байна. Үүгээр дамжуулан вакцин тарьсан эсэх, хэний буруутай үйл ажиллагаанаас болов гэдэг хариу гарна. Ямар ч хариуцлага байхгүйгээс өнөөдрийн нөхцөлд бид хүрсэн.
-Энэ хариуцлагагүй байдлаас болж жил бүр вакцинжуулалтад зарцуулаад байгаа мөнгөн хөрөнгө үр дүнгүй болж хувираад байгаа юм биш үү?
-Тийм ээ. Вакцины үйлчилгээний хөлстэйгээ нийлээд 50 гаруй тэрбум төгрөг болдог. Тэгэхээр энэ хэмжээний мөнгийг жил бүр вакцинжуулалтад зарцуулаад л байдаг. Гэтэл тарьж л байдаг, өвчлөл гарч л байдаг гажуудал байна. Үүнийг өөрчилнө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!