Ө.Шижир: АН хамтарсан ЗГ-т байхдаа “Дэд сайд ажиллуулна“ гэж нэг ч дуугараагүй болоод л байсан

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
12 минут 17 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулган хаасантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй ярилцлаа.

-Он солигдохын өмнөхөн чуулган хаалтаа хийлээ. Чуулганы үр дүнг юу гэж дүгнэж байна, хэр ажил хэрэгч чуулган болов?

-Хуулиараа 75-аас багагүй хоног хуралдах ёстой. Харин сая 77 хоног хуралдах шиг боллоо. Би зарим үед гадаад, дотоод томилолттой байсан учраас 70-д нь оролцсон. Ний нуугүй хэлэхэд, намрын чуулган хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй боллоо. Эрх баригч нам хоёр хуваагдсан, улсын төсвөө батална, батлахгүй дээрээ хүрсэн. Эрх баригчид УИХ-ыг Үндсэн хууль зөрчүүлэх бүх алхам руу түлхлээ. Тэд намрын чуулганы талд нь шахуу хэрүүл тэмцэл хийсээр байгаад таарлаа шүү дээ.

-Та бид хоёр өмнө нь ярилцахад, УИХ төсвөөсөө өөр нэг ч хууль батлаагүй байсан. Харин чуулган хаасны дараа 14 хууль, 37 тогтоол баталсан дүн гарлаа. Улс орон, ард иргэдэд тустай ямар хууль байгаа юм бэ?

-Мэдээж хууль, тогтоол гэдэг бол нийгмийн бүхий л харилцааг зохицуулж байдаг. Тиймээс эдгээр хууль, тогтоолууд үр дүнгээ өгөх байх гэж бодож байна. Мөн миний орж ажилласан Оюу толгойн хянан шалгах түр хорооноос санал, дүгнэлт бүхий тогтоол гарч батлагдсан. Ер нь тодорхой ач холбогдол бүхий хууль, тогтоолууд батлагдсан.

-Тэгвэл таны орж ажилласан Оюу толгойн түр хорооны сонсгол хэр үр дүнтэй болсон юм бэ. Төрийн болон албаны нууцад авсан гэх үндэслэлээр онц чухал баримтуудыг авч чадаагүй гэж байсан шүү дээ?

-Хянан шалгах түр хорооны зургаан сарын хугацаанд бид маш үр дүнтэйгээр 94 мянга орчим хуудас баримт дээр ажилласан. Түр хорооны тогтоол нийт таван заалттай. Нэгдүгээрт мэдээж хууль хэрэгжих ёстой. Хоёрдугаарт, Оюу толгойн ашигийн 53-аас доошгүй хувийг бид хүртэх ёстой.

-Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн-

-Маш олон баримтууд төрийн болон албаны нууцын тамгатай учраас авч чадаагүй асуудал хөндөгдсөн байдаг. Сонсголоор олон нийт өмнө нь мэдэж чадахгүй байсан ямар мэдээллүүд ил болсон бэ?

-Оюу толгойн санхүүгийн үйл ажиллагаанд төрийн аудитаас хийсэн тайлан хүртэл нууц. Түүнийг хүссэн хүн бүрд өгөөд байдаггүй учраас олон нийтэд ярьж болохгүйн зовлонтой.

Тиймээс Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн байна гэж харсан. Хянан шалгах түр хорооны хугацаанд Оюу толгойн удирдлагуудаас тайлбар мэдээлэл авах гээд зургаан удаа дуудахад нэг ч удаа ирээгүй шүү дээ. Харин сонсгол дээр ирсэн. Ер нь ямар ч мэдээлэл, баримт ил байх тусмаа хардлага, сэрдлэг бага.

-ЗГ-ыг "Ярьсандаа бай" л гэж байгаа юм-

-Чуулган хаахын өмнөхөн танай намын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлсэн. Та зурав уу. Тийм бол ямар үндэслэлээр зурсан бэ?

-Одоогийн болон өмнөх Засгийн газар ч тэр төрийн албыг цомхон байлгаж орон тоо нэмэхгүй гэж л ярьж байсан шүү дээ. Гэтэл бодит байдал дээр эсрэгээр явчихдаг. Бидний эсэргүүцэж байгаа гол шалтгаан бол “Ярьсандаа бай л даа” гэж байгаа юм. Мөн бид маш тодорхой “Дэд сайд нараа боль. Хэрвээ болихгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг ярина” гэсэн. Сүүлд сонссоноор манай бүлгийн 36 гишүүн гарын үсэг зурсан байсан. Намын даргын зүгээс 42 гишүүн бүгд зурахыг хүлээж байгаа гэж ойлгосон.

-Та нарын өөдөөс “АН-ынхан менежерүүдээ хамгаалж улстөржиж байна. Өөрсдөө засаг барьж байсан бол дэд сайд томилох л байсан” гэдэг хариуг барьсан. Ингэх л байсан байх даа?

-Үгүй шүү дээ. Манай нам 11 сар хамтарсан Засгийн газарт ажиллахдаа дэд сайд томилох талаар ганц ч үг дуугараагүй. Анх хамтарсан Засгийн газар байгуулагдахад гурван намаас хяналт, бүтээмжийн менежер томилогдоход АН-аас 24 хүн томилогдсон байх. Харин засгаас гарсны дараа бүгд чөлөөлөгдсөн.

-Одоо Засгийн газар огцрохгүй бол яах юм бэ?

-Олонхоороо хүч түрэх байлгүй дээ. Төрийн бүтцийг данхайлгаж, үргүй зардал нэмэхээ боль гэдэг энгийн шаардлага л тавьж байгаа. Монголын бүх хүнд амласан амлалтаа биелүүл л гэсэн. Хаврын чуулган эхлэхээр намын дарга огцруулах бичгээ өргөн барина гэж бодож байгаа.

-Сүүлийн 5 жилд 168 их наядыг зарцуулсан ч асуудлаа шийдсэн салбар нэг ч алга-

-Ардчилсан нам УИХ-д хэр хүчтэй сөрөг хүчин хийж байна. Их л хүчгүй харагдаад байгаа даа. Төсөв батлахад хүртэл улаан, ногоон лаазаар удирдууллаа гэсэн шүүмж ч явсан?

-Тийм гэж үү. Төсөв дээр бол би анхнаасаа л эсрэг байсан. “Ийм муу төсөв байж болохгүй ээ. Зүгээр л аргацаасан төсөв байна” гэж үзээд би төсөв дээр дандаа эсрэг санал өгсөн. 2026 оны төсвийг оруулаад тооцвол, сүүлийн 5 жилд 168 их наяд төгрөгийг монголчууд зарцуулчихаад байна. Ийм их мөнгө зарцуулж байгаа ч асуудлаа шийдэж чадсан нэг ч салбар алга. Тийм учраас төсөв дээрээ эсрэг байгаагаа хэлсэн. Гэвч төр сүүний, бяслагны үйлдвэрээр яах гэж байгаа юм.

Тэр лаазны тухайд, Х.Ганхуяг намынхандаа л чиглэл өгсөн байх. Манай намынхан өөдөөс нь хараад сууж байгаа. Харин МАН-ынхан хойгуур нь сууж байгаа шүү дээ.

-Сүүлд ЗГ-аас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн үр өгөөжийг юу гэж харж байна. Хэрэгжих боломжтой юу, бодит үр өгөөж нь ард иргэдэд хэрхэн очих бол?

-Яаралтай хэлэлцэхээр 12-р сарын 30-нд өргөн бариад 31-ний өглөө чуулганаар орж ирсэн. Манай бүлгийн зүгээс татварын хуулийг нэг, нэг өдрөөр хэлэлцэхгүй. Сайтар хэлэлцэх хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хоёрдугаарт, мэдээллээр хангах хэрэгтэй гээд завсарлага авсан.

Бизнес эрхэлж үйл ажиллагаа явуулж буй хүмүүст маш олон төрлийн татварын дарамт ирдэг. Маш бүдүүлгээр дансыг нь шууд хаачихдаг. Дансаа хаалгасан ААН яаж орлогоо авах юм бэ. Бэлнээр авах юм уу. Эдгээрийг цэгцлэх ёстой.

Хоёрдугаарт, шинээр гарааны бизнес эхлүүлж байгаа ААН-үүдээ бодохгүй бол нэг өдөр бизнес эхлүүлээд маргааш нь бүх төрлийн татвараар дарамтлаад эхэлдэг. Тийм учраас жижиг бизнес эрхлэгчдийн орон зай руу том бизнес эрхлэгчид дайрч ордог асуудлууд байгаа учраас татварын багц хуулийг нэн яаралтай биш энгийн горимоор сайтар хэлэлцье гэсэн.

Хоёрдугаарт, өнгөрсөн оны долоодугаар сарын 9-нд манай намын гишүүд өргөн барьсан нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг МАН-ынхан “Хамт хэлэлцье” гэж хойшлуулж байгаад “хулхидсан” шүү дээ.

-Нийслэл маш их мөнгөтэй учраас мөнгөөр "зодож" ажил хийж байна-

-Түрүүн “УИХ дээр танайх хүчтэй сөрөг хүчин байж чадаж байна уу” гэсэн асуултаа нийслэл дээр дахиад асууя. 2017 оноос хойш төсөв нь 10 дахин нэмэгдсэн Вант Улс үүссэн гэдэг шүүмжлэл явсаар байхад танай 5 төлөөлөгч хаана явна вэ?

-45-аас 5 төлөөлөгч гэхээр үг дуугарсан ч нөгөө хэд нь тоохгүй байх шиг байна. УИХ дээр ядаж 1/3 нь Ардчилсан нам бол цаана нь ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН гээд 48 хувь нь сөрөг хүчин, 52 хувь нь эрх баригч байгаа. Гэтэл нийслэл дээр 95 хувь нь эрх баригч гэхээр хүчний харьцаа тэнцүү биш.

2012 онд Э.Бат-Үүл дарга нийслэлийг удирдаж эхэлж байхад 327 тэрбумын төсөвтэй байсан ч өнөөдөр их наядаар яригдаж байна.

Нийслэл маш их мөнгөтэй. Ер нь ажлыг хоёр аргаар хийдэг. Нэгдүгээрт, менежментийн аргаар зардал багатай ажил хийдэг бол хоёрдугаарт, мөнгөөр зодож ажил хийдэг хэсэг байна. Нийслэл маш их мөнгөтэй учраас мөнгөөр зодож ажил хийж байгаа. 54 тэрбумаар явган замын хавтан сольж байна. Бродюр сольж байна. Тэрийгээ урдаас авч байгаа. Бас нүүрс зараад буцаагаад шахмал түлш худалдан авч байна. Анх зарцуулж эхэлснээс нь тооцвол утаанд 5 их наяд орчим төгрөг зарцуулсан байна. Бараг дахиад хот барих мөнгө. Уг нь Монгол Улс чинь нэгдмэл улс шүү дээ. Гэтэл нээрээ л нийслэл Вант Улс болчихсон.

Хоёрдугаарт, орон нутгийн сонгуульд манай иргэд маш идэвхгүй оролцдог. Ирц бага учраас МАН ялаад байгаа. Ирц өндөр байвал ялахгүй. Энэ бол үнэн. Ирц бага үед яагаад ялдаг вэ гэхээр өөрийн намынх нь дэмжигчид, хэсгийн ахлагч нараар “тойглуулдаг” хүмүүсээр санал өгүүлдэг.

УИХ-ын сонгууль 22.00 цаг хүртэл явагддаг бол орон нутгийнх 20.00 цаг хүртэл. Төр нь хүртэл иргэний сонгох эрхийг хоёр өөрөөр ялгаад байна. Тийм учраас би Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гээд АН-ын бүлэг дэх ажлын хэсэгт танилцуулсан.

-Ирэх хаврын чуулганаар та ямар хуулийн төслүүд санаачилж өргөн барих вэ?

-Нэгдүгээрт, сонгуулийн хууль байна. Хоёрдугаарт, төсвийн тухай хуульд “Улсын төсвөөр хэрэгжих аливаа төсөл, хөтөлбөр 3-аас дээш жил хэрэгжихгүй” гэсэн заалт бий. Үүгээр далимдуулаад сумын төвд тавигдаж буй ганцхан км замыг гурван жил хувааж хийдэг. Нэг жилд 300 метр зам барих юм уу. Ичиж үхмээр биз дээ. Энэ мэт хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа.

С.Эрдэнэбат: Тэтгэврийн зээлийн эргэн төлөлт баталгаатай учраас заавал батлан даагчийн өндөр шалгуур тавих шаардлагагүй
С.Эрдэнэбат: Тэтгэврийн зээлийн эргэн төлөлт баталгаатай учраас заавал батлан даагчийн өндөр шалгуур тавих шаардлагагүй
 
Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болов
Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болов
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!