Ахмадууд тэтгэврийн зээл авахад батлан даагч буюу үр хүүхдүүдээ авчрах шаардлагыг зарим арилжааны банкууд тавьж буй нь ахмадуудыг багагүй бухимдуулж эхэлсэн. Энэ асуудлын дагуу УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ахмадуудтай уулзаж, нөхцөл байдалтай танилцжээ. Энэ талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Ахмадуудад тэтгэврийн зээлийн асуудал тулгарсаар байна. Батлан даагч шаардаж буйгаас болж ахмадууд болон банкуудын хооронд маргаан үүсээд буй. Газар дээр нь танилцсаны хувьд нөхцөл байдал ямар байна?
-Ахмадын холбоо болон хоёр ч арилжааны банкаар орлоо. Нэгдүгээрт, ойлголтын зөрүү их байна. Жишээлбэл, Хаан банкнаас олон ахмад тэтгэврийн зээл авдгийн хувьд зээлийн хүү буурч өр, орлогын харьцааг 70/30 болгосон байна. Батлан даагчийн шалгуур дээр эхнэр, нөхөр болон тэдгээрийн ах дүү, үр хүүхэд байх. Мөн сүүлийн нэг жилд зээл нь хугацаа хэтрээгүй байх, тогтмол орлоготой байх зэрэг шаардлагууд байгаа нь ахмадууд зээлээ авч чадахгүйд хүргэж байгаа юм. Тэтгэврийн зээлийн эргэн төлөлт нь баталгаатай учраас заавал батлан даагчийн өндөр шалгуур тавих шаардлагагүй.
-Банкууд ямар учраас батлан даагчийн шалгуур тавьж байгаа юм бол. Энэ талаар тодруулав уу?
-Тэтгэврийн зээлийг шинээр 12 болон 18 сараас дээш хугацаагаар авсан тохиолдолд батлан даагч шаардаж байна. Зарим нь “Зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийг нь хэн төлөх вэ” гэдэг асуудлыг ярьж байгаа. Гэхдээ нас барсан ч 90 гаруй хувьд нь үр хүүхдүүд нь зээлийг нь төлдөг сайхан соёл байдаг юм байна.
-Нөгөө талаас Монголбанк, ГБХНХЯ-ны төлөөлөлтэй уулзав уу?
-Ямартаа ч Монголбанк болон арилжааны банкуудад санал хүргүүлсний үр дүнд Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк 36 сараар олгох болсонд талархалтай хандаж байна. Харин батлан даагчийн шалгуур тавьсанд ахмадууд бухимдаад байгаа юм аа. Үүнд уян хатан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. ГБХНХЯ-наас ямар нэг зээлийн хязгааргүй болгосон талаар мэдэгдсэн.
Дэлгэрэнгүй ярилцлага үзэх:
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!