О.Батнайрамдал: Гурван өдөр үргэлжилсэн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор хэн нэгнийг буруутгах зорилго байгаагүй

Ангилал
Улс төр ОЮУ ТОЛГОЙ
Огноо
Унших
3 минут 19 секунд

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд гурван өдрийн турш Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулж, өчигдөр (2025.12.12) өндөрлөлөө.

Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал сонсголыг хааж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Монголын парламентын түүхэнд зургаа дахь удаагийнх, дундаж ирц хамгийн өндөр буюу 70 хувьтай байлаа. Оюу толгой төсөл нь Монгол Улсын эдийн засаг, зөвхөн өнөөгийн монголчуудад төдийгүй үр хойч, дараа дараагийн үед чухал төсөл хэвээр байх болно. Тиймээс бид энэ төслийн үр дагавар, цаашдаа ямар шийдэл гаргах талаар ийнхүү ярилцах цаг нь мөнөөс мөн гэж бодож байна. Гурван өдөр үргэлжилсэн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор хэн нэгнийг буруутгах зорилго байгаагүй. Гэрээ байгуулагдсанаас хойших 16 жилийн хугацаанд хоорондоо нүүр тулж уулзаж байгаагүй ч маргаантай, зөрүүтэй ойлголттой явж байсан хүмүүс өнөөдөр цуглаад хууль, журмын хүрээнд Монголын эдийн засгийн нийт хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө буюу 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын талаар ярьж байна.

Ирэх 2030 оноос Оюу толгой нь дэлхийн гуравдагч том зэс олборлогч болно. “2006 он буюу 20 гаруй жилийн өмнөөс уул уурхайн чиглэлээрх дэлхийн том компанийн нэг “Рио Тинто” групп Монгол Улсад энэ бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, бид үүнд талархалтай хандах учиртай. Цаашаа олон арван жил түншилж, хамтдаа урагшилна гэдэгт итгэлтэй байна. Нөгөөтээгүүр, 30 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээний 16 жил буюу талаас илүү нь өнгөрсөн байна. Иймд бид гэрээ, хэрэгжилт, холбогдох үйл явц, үр дагаварт үнэлэлт, дүгнэлт хийж, шийдвэр гаргах цаг болсонтой маргах аргагүй. Монголчууд 3.5 саяулаа үүнийг ойлголоо. Асуудлаа хамтдаа, олон талаас, углуургаар нь ярилцаж, зөв тодорхойлж чадвал шийдэл, гарц нь олддог. Гол нь ард түмнийхээ өмнө, ил тод ярих ёстой. Өнгөрсөн хугацааны нэг алдаа бол мэдээллээ дандаа нууж хаасаар, бүх талд өдөр шөнө шиг ялгаатай, мэдээллийн маш тэнцвэргүй байдал бий болгожээ. Бүх оролцогч үүнээс бол хохирсон байна. Цаашид бид энэ байдлыг засах ёстой, нэг нэгэндээ илүү итгэх хэрэгтэй” хэмээлээ.

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцжээ
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцжээ
 
ХҮН намын ээлжит Их хурлын даргаар П.Ганзоригийг сонгов
ХҮН намын ээлжит Их хурлын даргаар П.Ганзоригийг сонгов
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!