
4-6 настай хүүхдүүдэд 3 цагийн дотор 35 үсгийг нь цээжлүүлээд, 8-хан хоногийн дотор уншуулж сургадаг энэ бүсгүйг Н.Бадамсүрэн гэдэг. Боловсролын салбарт 13 жил ажилласан бага ангийн багш мэргэжилтэй.
А үсгээ ч мэдэхгүй хүүхдээ Н.Бадамсүрэн багшид хүлээлгэж өгөөд 3 цагийн дараа ирэхэд 35 үсгээ бүгдийг цээжилчихсэн. Хаанаас нь ч асуусан түгдрэхгүй хэлж байгааг харсан эцэг эхчүүд шоконд орж, зарим нь бүр хүүхдээрээ бахархаад уйлдаг гэнэ.
Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Намайг Нямсүрэнгийн Бадамсүрэн гэдэг. Бага ангийн багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байна. Тоглонгоо суралцъя буюу 3 цагт 35 үсгээ суръя, 8 өдөрт уншиж суръя гэдэг хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлдэг.
-Танай сургалт их онцогтой санагдаж байна л даа. Эхний өдөрт 3 цаг хичээллээд 35 үсгээ сураад 8 өдрийн дотор уншиж сурна гэхээр итгэхэд бэрх санагдаж байна?
-Нэг өдрийн үсгийн сургалт дээр 35 үсгээ сураад, унших ангийн эхний хичээл дээр 16 гийгүүлэгчээ 7 эгшгээрээ амилуулаад 112 үеийг холбож тогтоодог. 2 дахь хичээлээсээ эхлээд 3 үсэгтэй буюу нэг үетэй үгнүүдийг уншаад эхэлдэг. Ингэж явсаар төгсөхдөө богино хэмжээний эх уншиж, ээж, аавдаа шалгуулаад төгсдөг. Зарим эцэг эхчүүд манай хүүхэд 35 үсгээ мэддэг. Шууд унших ангид явж болох уу гэж асуудаг. Манайх үсгийг ангид суусан хүүхдүүдээ унших ангидаа авдаг. Учир нь авиагаа зөв дуудаж сурсан байх нь хамгийн чухал. Ер нь бол уншина гэдэг авианы дуудлага л байдаг. Тэгэхээр заавал авиагаа зөв сурсан байх ёстой гэдэг шаардлага тавьдаг учраас үсгийн ангиасаа ордог гэсэн үг. Унших ангид орсон хүүхдүүд 8 өдрийн дотор унших бүх суурь аргачлалаа зөв системээр суралцдаг гэж ойлгож болно.

-Улсын сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдүүд 35 үсгээ намар үзэж эхлээд хавар дуусдаг шүү дээ. Гэтэл ийм богино хугацаанд уншаад сурч байгаа нууц нь юу вэ?
-Яг энэ асуулт маш их ирдэг. Нэгдүгээрт бид зөвхөн уншиж сурах гэдэг ганцхан зүйл дээр төвлөрч байгаа учраас хурдан байгаа юм. Нэгдүгээр ангийн хүүхдүүд үсэг нүдэлж уншихаас гадна бичих, бодох, зурах гэх мэт маш олон зүйлийг сурдаг. Олон төрлийн хичээл ордог гэсэн үг. Хоёрдугаарт хамгийн чухал зүйл нь орчин үеийн хүүхдийн онцлог бас их өөр болсон. Бид нар энэ хүүхдүүдийн тархийг зөв чиглүүлж чадах юм бол бүх зүйл боломжтой гэж харж байгаа. Зөв арга техникээр, зөв системээр, зөв арга зүйгээр, оновчтой сонирхолтой байдлаар хүүхдэд хамгийн ойрхноор хүргэж чадах юм бол боломжтой гэдгийг манай сургалтын төвийн 4 жилийн үр дүн харуулж байгаа юм. Манайх эцэг эхчүүдэд маань маш нээлттэй ил тод зарчмаар явдаг учраас эцэг эхчүүд маань маш сайн мэдэж байгаа байх. Нууц гэвэл тоглоомын аргаар зааж байгаа учраас хүүхдүүд маш дуртай бас хурдан сурдаг.
-Тоглоомын аргаар хүүхдүүдэд үсэг зааж, хурдан хугацаанд сургаж болох юм байна гэдэг санаа хэзээ яаж, төрсөн байдаг юм бэ?
-Хүүхдүүд тоглох дуртай. Ер нь эцэг эхчүүдийг ажиглахаар хүүхэдтэйгээ маш бага тоглодог юм шиг надад санагддаг. Би бага насны хүүхдийг сургахын тулд тоглоомоор дамжуулбал илүү хүрээд байгааг ажигласан хэрэг. Ер нь багшаар ажиллаж байхдаа л хичээл хийх үедээ хүүхдүүдтэйгээ аягүй их тоглодог байсан. За нэг тоглочихъё гээд байхаар хүүхдүүд илүү их идэвхтэй оролцоод, илүү жаргалтай сураад байгаа юм шиг санагддаг байсан. Энэ хөтөлбөр бол анх 9 жилийн өмнөөс л өөрийнхөө хүү дээр туршсан хөтөлбөр. Хүүгээ 4 настай байхад нь 7 өдрийн дотор уншуулж сургаж байсан юм. Тэгээд л тэрнээс хойшоо ер нь хүүхдүүд нэг ийм юманд дуртай юм байна шүү дээ гэдгийг мэдэж аваад улсын сургууль, хувийн сургууль гээд л ажилласан газар бүртээ туршиж үзсэн. Маш үр дүнтэй байсан учраас "Цэц эрдэм" сургалтын төвөө нээж, өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
-Нууц биш бол тоглоомын аргаар гэдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаад өгч болох уу?
-Тоглоомын арга гэхээр маш олон л арга л байна л даа. Хэрвээ хүмүүс өөрсдөө эрж хайгаад хүүхдээ тоглуулаад, шавь нараа тоглуулаад заая гэвэл бүр маш олон арга бий. Манайх бол тэр аргуудыг бүгдийг л хэрэглэдэг гэсэн үг. Хүүхдийн суралцах чадвар харааны ой тогтоолт, сонсголын ой тогтоолт 2 дээр явдаг гэсэн үг. Тэгэхээр энэ 2 аргыг л түлхүү их ашигладаг. Жишээлбэл, үлгэрээр дамжуулж үсэг цээжлүүлж болж байна. Тухайн үлгэрийг сонсох явцдаа би сурч байна гэхээсээ илүүтэй гоё үлгэр сонсож байна гэж боддог. Тэр үлгэр дотор нь л бид нарын заах 35 үсэг багтчихсан байдаг гэсэн үг. Үлгэр дууслаа. Бүгд тогтоочихсон байдаг. Манай 35 үсгийн ангийн хамгийн дээд рекорд нь 20 минут байна. 20 минутад бүх үсгээ тогтоодог хүүхдүүд олон бий. Би эцэг эхчүүддээ, "Нэг нууц задалъя аа. Манай зарим хүүхдүүд 3 цагт ч биш 20 минутад цээжилсэн шүү" гэж хэлдэг. Зарим хүүхдийг бол шууд нэрийг нь дуудна. Тэр тэр 20 минутад 35 үсгээ цээжилсэн гэхээр эцэг эхчүүд нь баярлаад зарим нь баярын нулимс унагаана. Зарим нь бүр итгэхгүй, шоконд ордог. Ер нь манай үсгийн сургалтаас гарч байгаа эцэг эхчүүдийн царайны хувирал их гоё, гоё байдаг. Зарим нь бүр шокт орно ийшээ тийшээ залгаад бахархалтайгаар онгирч ярьдаг. "Сурчихсан байна шүү дээ" гээд л. Ер нь бүх сургалтууд маань тэгж дуусдаг. Манай сургалтыг зорьж ирж байгаа хүн болгон сэтгэл өндөр гараасай л гэж би боддог.
-Эсрэгээр нь сөрөг хандлага гаргах эцэг эхчүүд байдаг уу?
-Бид бодит үр дүнг амлаж, сурсан мэдснээ өөрсдөд нь тайлагнаад төгсгөдөг учраас сөрөг сэтгэгдэл маш бага ирдэг. Саяхан гарсан нэг жишээг онцолж хэлье. Нэг ээж манайд, "Манай хүүхэд 2 дугаар анги. Нэг ч үсэг тогтоохгүй байна. Яах вэ" гээд манайд хандсан. Манай сургалтад суугаад төгсөхдөө, 20 гаруй авиа тогтоосон байсан. Би хувьдаа тэр хүүхдээр бахархсан. 2 жил сургуульд сурахдаа нэг ч авиа тогтоогоогүй орж ирсэн хүүхэд 3-хан цагийн дотор 20 гаруй авиатай болно гэдэг чамлахааргүй амжилт байсан. Гэтэл тухайн ээж, "Танайх 35-ууланг нь сургана гэж хэлсэн биз дээ" гэж хэлсэн. Хүүхэд болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Хурдан сурдаг хүүхэд байхад удаан сурдаг хүүхдүүд ч байдаг. Бид тухайн хүүхэд хаана хүрэх боломжтой байна тэр хүртэл нь ажилладаг. Тэр хүртэл нь зүтгүүлдэг. Миний бодлоор бол тэр хүүхэд дээр асар том үр дүн гарсан. Би бодохдоо тэр ээжийг хүүхдээрээ бахархах байх гэж бодсон. Гэтэл тэр ээж эсрэгээрээ чамласан. Энэ бол манай эцэг эхчүүдэд байдаг нийтлэг дутагдал. Энэ нь юу вэ гэхээр өөрийнхөө хүүхдийн бодит чадварыг зөв оношилж дүгнэдэггүй. Хүүхдийнхээ чадвараас давсан зүйлийг жаахан, жаахан хүүхдүүдээсээ хүсдэг. Тэр чадварт хүргэх гэж маш их шахдаг. Тэгэхээр хүүхэд маань өөрөө шантардаг. 7, 8-хан настай цоо эрүүл, маш хөөрхөн сэргэлэн хүүхэд нүднийх нь гал нь унтарчихсан орж ирдэг. Би энийг сурахгүй бол ээж загнах болов уу яах бол гэдэг айдастай. Ийм айдастай хүүхэд сурдаггүй. Хүүхэд жаргалтай үедээ л хамгийн сайн сурдаг. Хамгийн тайван буюу хамгийн их итгэж байгаа хүнээсээ л мэдлэгийг авдаг. Тийм учраас манай сургалт эхлэхдээ дандаа найзалж эхэлдэг. "Багш нь найзалъя, тоглоё" гээд хичээл маань эхэлдэг. Хэзээ ч "Алив наашаа хараарай би хичээл заах гэж байна шүү" гэж хэлдэггүй. "Хэдүүлээ тоглоё багш нь нэг үлгэр ярьж өгье. Үлгэрээ ярьчхаад хэдүүлээ дахиад тоглоё" гэж хэлдэг. Тоглоё тоглоё л гээд байхаар хүүхдүүд илүү идэвхтэй байдаг гэсэн үг. Тэгээд хичээлийн төгсгөлд хүүхдүүдээсээ "За хүүхдүүд ээ өнөөдөр бүгдээрээ юу хийсэн бэ" гэхээр тоглосон гэж гэдэг. Нэг ч хүүхэд хичээл хийсэн үсэг сурсан гэж хариулдаггүй.
-Та 4-6 насны маш олон хүүхэдтэй харьцаж байгаа. Багш хүнийхээ хувьд ээж хүнийхээ хувьд хамгийн их эмзэглэдэг зүйл тань юу вэ. Дэлгэцийн хэрэглээ гэх мэт зүйлс тухайн хүүхдийн сурах процесст нөлөөлдөг үү?
-Эх хэлний чадварыг дотор нь ангилбал 4 үндсэн чадвар байдаг. Сонсоод ойлгох, ярих, унших, бичих гэсэн чадварууд бий. Хэрвээ энэ 4 чадварыг эзэмшсэн байх бол та тухайн хэлийг бүрэн эзэмшжээ гэж үзнэ. Гэтэл зарим эцэг эхчүүд "Манай хүүхэд англи хэлтэй. Англиар ярьдаг. Англиар хэлд орсон багш аа" гэдэг. "Танай хүүхэд англиар ярьдаг юм байж англиар уншиж чадах уу, бичиж чадах уу" гэхээр "ЧАДАХГҮЙ" гэдэг. Энэ бол чадвар биш. Таны хүүхэд мундагтаа сураад байгаа юм биш. YOUTUBE-ээс сурсан өнгөц мэдлэг. Эсрэгээрээ нөлөө нь их байдашг. Бид хүүхдэдээ эх хэлнээс нь түрүүлж хоёрдогч хэлийг таниулах нь яг зөв үү гэдэг нь бодох л ёстой асуудал. Монгол хүн болгон бодох ёстой гэж би боддог. Тухайн хүүхэд маань youtube-тэй их найзлаад дэлгэцтэй их нөхөрлөөд англиар ойр зуур ярьж сурдаг юм байж. Үүнийг дагаад дэлгэцийн хамаарал, анхаарлын дутмагшил, дэлгэцийн хамаарлаас үүдсэн залхуурал гэх мэт маш олон сөрөг нөлөөг дагуулж байгааг анзаардаггүй. Ер нь манай сургалтын төвд ирж байгаа бага насны хүүхдүүдийг ажиглахаар 12 хүүхэд ирлээ гэж бодоход 30-40 хувь нь дэлгэцийн хамааралтай болчихсон хүүхдүүд байдаг. Тийм хүүхдүүд андашгүй. Дэлгэцний хамааралтай хүүхдүүд авиа таниулаад эхлэхээр "Би мэднэ. A, B, С байна" гэдэг. Гэтэл эцэг эхчүүд үүнийг нь хараад манай хүүхэд англи хэлтэй гээд баярлаж гүйгээд байдаг. Ухаан орсон цагаасаа эхлээд л A, B, С гээд тогтоочихсон хүүхдэд "Үгүй ээ энэ бол А, Б, В үсэг шүү" гэж заах хэрэгцээ шаардлага өнөө цагийн багш болгонд тулгарч байна. Миний хувьд эцэг эхчүүдээс сургалтын дараа гуйдаг ганцхан л юм байдаг. "За таны хүүхэд нэгдүгээр ангид орсон бол дэлгэцээс л хол байлгаарай" гэж захьдаг.

Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!