Парламентад суудалтай намууд төсөв, төр засаг, сайд даргын суудлын "хэрүүл" хийж, Төрийн ордонд тун гүйлдэж байна. Харин нөгөө талд УДШ хэдэн намуудаа хэзээ үндсэн дүрэм, хөтөлбөрөө батлуулахаар хандах бол хэмээн хүлээж сууна. Учир нь Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өнгөрөгч онд өөрчлөлт оруулснаар намууд он дуусахаас өмнө буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ны дотор намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг УДШ-д хүргүүлэх үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл, намууд хуульд заасан хугацаандаа дүрэм, хөтөлбөрөө хүргүүлэхэд ЕРДӨӨ САР ГАРУЙН ХУГАЦАА ҮЛДЭЭД БАЙНА.
Гэтэл хууль батлагдсанаас хойш даруй 300 гаруй хоног өнгөрчихөөд байхад УДШ-д бүртгэлтэй 37 нам, эвслээс нэг нь ч үндсэн дүрэм, хөтөлбөрөө УДШ-д албан ёсоор бүртгүүлж чадаагүй байгаа нь анхаарал хандуулах ёстой асуудал болчхоод байна.
-ТАНИЛЦ: Дараах 14 нам намын дүрмийн өөрчлөлтөө УДШ-д бүртгүүлэхээр ханджээ-
Одоогоос яг нэг жилийн өмнө намууд "Хуулиа хойшлуулчих. Бидэнд хугацаа байна" хэмээн дуу нэгтэй хэлэлцэж, хуулийн хугацааг хойшлуулж байлаа.
Начир дээрээ одоогийн байдлаар 14 намаас намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэхээр нийт 27 удаа ханджээ. Гэвч тухайн намуудын дүрмийн нэмэлт өөрчлөлт, бүрдүүлэх материалууд нь хуульд тавигдсан шалгуур, шаардлагад нийцэхгүй байгаагаас буцаагдсаар өнөөдөртэй золгож байна.
Эдгээр намуудыг нэрлэвэл,

Тэгвэл эдгээр намуудын дүрмийн өөрчлөлт ямар шалтгааны улмаас буцсан бэ гэдгийг жишээ татан хүргэе.
-Монголын ногоон нам
Монголын Ногоон намын зүгээс үндсэн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр энэ оны нэгдүгээр сарын 20-нд ханджээ. Гэвч УДШ хоёрдугаар сарын 14-ны өдөр хэлэлцээд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Улмаар долоодугаар сарын 28-нд дахин хандсаныг УДШ есдүгээр сарын 12-ны өдөр хэлэлцээд мөн л татгалзаж шийдвэрлэсэн аж. Татгалзаж буй үндэслэлээ шүүх "Намын дотоод аудиторыг нээлттэй өрсөлдөөний журмаар нэр дэвшүүлж, төлөөллийн төв байгууллагаас хамтын удирдлагын зарчмаар томилох байтал гагцхүү намын даргын санал болгосноор томилохоор дүрэмд тусгасан. Түүнчлэн "Намын бага хурлаас Гишүүний татвар, сонгуульт гишүүний татварын хэмжээ, татвар төлөх хугацааг тогтоохоор заасан зэрэг нь хуульд нийцэхгүй байна" гэж үзжээ. Мөн түүнчлэн шүүхийн тогтоолын агуулгад төрийн санхүүжилтийг зарцуулах зохицуулалтыг хуулийн зорилгод нийцүүлээгүй, ерөнхий байдлаар зохицуулсан зэргийг дурдсан байна.
-Үнэн ба Зөв нам
Тус намаас өнгөрөгч 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр намын дүрэм болон намын даргын бүртгэлээ бүртгүүлэхээр хандсаныг шүүх 2025 оны нэгдүгээр сарын 20-нд хэлэлцэн, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэхдээ татгалзах үндэслэлдээ шүүх "Тус намын дүрэмд "намын гишүүнээс түдгэлзэх" үндэслэлийг тодорхой зааж тусгаагүй байна. Түүнчлэн хариуцлагын хорооны эрх хэмжээг бүрэн тусгаагүй, намын даргад хэрхэн яаж нэр дэвших журам тодорхойгүй, намын даргыг огцруулах, чөлөөлөх үндэслэлийг тодорхой заах шаардлагуудыг хангаагүй байна" гэж тусгажээ. Мөн намын дүрмээр зайлшгүй зохицуулах асуудлуудыг орхигдуулсан гэдгийг ч дурджээ.
Дээрх хоёр намын кейсээс харахад, намууд хуульд нийцвэл зохих үндсэн шалгуур, шаардлагууд дээрээ алдаа гаргаж байгаа нь харагдаж байна.
Тэгвэл одоогийн дүр зурагаас харахад, дараах хоёр дүгнэлтийг хийж болохоор байгаа юм.
-Парламентад суудалтай намуудаас ИЗНН, АН хоёр л дүрмийн бүртгүүлэх дээр ОРОЛДЛОГО хийгээд байна-
Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламентад дөрвөн нам, нэг эвсэл суудалтай байгаа. Тэгвэл эдгээр нам, эвслүүдээс ердөө хоёр нь л хуульд заасан хугацаанд дүрмийн өөрчлөлтөө УДШ-ээр бүртгүүлэхээр оролдлого хийжээ. Тодруулбал, Ардчилсан нам есдүгээр сарын 29-нд, ИЗНН гуравдугаар сарын 7-нд ханджээ. Гэвч эл хоёр намын дүрэм, хөтөлбөрийн бүртгэхээс татгалзаж шийдвэрлээд, илэрсэн алдаа дутагдлыг засуулахаар буцаагаад байгаа юм. Тодруулбал,
-Ардчилсан намын тухайд,
Намын дүрэмд зайлшгүй тусгах шаардлагатай зүйлсийг орхигдуулсан гэж үзжээ. Тухайлбал, намын хяналтын байгууллагаас түдгэлзүүлэх шийтгэлийг ямар хугацаатай ногдуулах талаар тусгаагүй мөн УТЗ-ийн гишүүд нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдөх, огцрох, өөрчлөгдөх тохиолдолд нөхөн сонгохтой холбоотой зохицуулалтыг тусгаагүй гэжээ. Түүнчлэн хуульд заасан асуудлыг дүрэмд өөрөөр тусгасан асуудал байгааг ч дурджээ.
-Иргэний зориг ногоон намын тухайд,
Төлөөллийн төв байгууллагыг “Үндэсний Зөвлөлийн Хороо” гэж нэрийг өөрчилж, улмаар тус хороо 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, намын дүрмийн өөрчлөлтийг баталсан нь намын дүрмийн заалтад нийцэхгүй байна гэжээ. Мөн Намын төлөөллийн төв, гүйцэтгэх төв байгууллагын бүрэлдэхүүний тоог 45 хүртэл байх гэж тодорхой бус заасан нь хуульд нийцэхгүй гэж үзжээ.
Тэгвэл ХҮН, МАН, Үндэсний эвсэлийнхэн хэзээ намын дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх нь эргэлзээтэй байна.
-Хуулийн хугацааг хойшлуулсан нь жижиг намуудыг "хайрласан" нинжин сэтгэл бус ЗГ, АН-ын даргыг "хамгаалах" зорилготой байсан нь БАТЛАГДАЖ БАЙНА-

Нөгөөтээгүүр хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байх цаг үе нь хамтарсан ЗГ цаашид үргэлжлэх эсэх асуудал хөндөгдөж эхэлсэн үе байв. Жижиг намуудыг үгүйрүүлж, сүйрүүлэхгүй байхын тулд гэх сүржин үгээр халхавчилсан боловч үнэн хэрэгтээ Засгийн газраа хамгаалж үлдэх нөгөө талдаа Ардчилсан намынхан даргынхаа хугацааг уртасгаж, засагт байгаа хүмүүс нь өөрсдийнхөө эрх мэдлийг дахиад хэдэн сар ч хамаагүй уртасгах гэсэн хүсэл байв.
Тухайн үед намын даргын төлөөх өрсөлдөөн шууд утгаараа өрнөх нигуур байсан нь үнэн. Товчхондоо, хурал хийх л юм бол Лу.Гантөмөрийн сандал суудал яригдаж, түүний тамгыг авах гэж Х.Баттулга болон О.Цогтгэрэл талынхан хүчтэй үзэхээр шийдчихсэн байсан цаг үе. Ингээд нам доторх талцал дахиад л үүсэж, энэ нь МАН-ынханд л ашиг болж очих байв.
Ийм л улс төрийн өрнөл дор батлагдсан хуулийн хэрэгжилт тун хангалтгүйн дээр намууд хүлээсэн үүрэгтээ ХОЙРГО хандаж байгааг дээрх дүр зураг нотлон харуулж байна.
-ХУГАЦААНДАА ҮНДСЭН ДҮРМЭЭ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ НАМУУДАД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА ХУУЛИАР БАЙХГҮЙ-
Тэгвэл хуульд заасан хугацаандаа бүртгүүлээгүй намуудад хариуцлага хүлээлгэх механизм бий юу гэдэг асуулт урган гарч байна. Сонирхолтой нь, эрх зүйн хүрээнд ийм хариуцлагын заалт байдаггүй аж. Хэдийгээр хуульд тодорхой хариуцлагын заалт тусгагдаагүй боловч тухайн нам УДШ-д дүрмээ бүртгүүлэхгүй бол хууль ёсны нам гэдэг нэр зүүх боломжгүй болж явах нөхцөл бүрдэх юм. Нөгөө талдаа хуулийн өөрчлөлтөөр намуудад тавигдах шаардлага шалгуурыг өндөрсгөсөнтэй холбоотойгоор үндсэн дүрмийн өөрчлөлт дээрээ намууд хугацаа нэлээн зарцуулж буй аж.
Нөгөөтээгүүр, хуулийг биелэлтийг хангуулах чиглэлд Улсын Дээд шүүхээс улс төрийн намууд, тэдгээрийн албан тушаалтнуудад мэдээ мэдээлэл хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа аж. Мөн нээлттэй байдлын хүрээнд Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх шаардлага, шалгуурын талаар нэгдсэн ойлголтыг дотоод ажлын хүрээнд бий болгох зорилгоор намуудаас ирүүлсэн өргөдөл, хавсаргасан материалыг хянах "Шалгах хуудас" үүсгээд буй юм. Улс төрийн намуудын үндсэн дүрмийг бүртгэсэн шүүхийн процесс, түүнээс гарсан тогтоол шийдвэрийг ЭНЭ ЦОНХ-ноос харах боломжтой.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!