Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Улс төр, төрийн өмчийн асуудлыг шийдье гэвэл тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
36 минут 36 секунд

“NTV” телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит дугаарт Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар оролцлоо. Тэрбээр МАН-ын дотоод асуудлаар зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар сонгогдсон билээ. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Та 2024 оны сонгуулиас хойш дэлгэрэнгүй яриагүй байх аа?

-Яриагүй.

-Одоо та юу хийгээд байна?

-Гэртээ.

-Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж хэрвээ ялагдвал багшилна гэж яриад байсан. Багшийн ажилдаа анхаарч байна уу?

-Багагүй судалгааны ажлууд хийгдэж байгаа. Яагаад гэвэл багшилна гэдэг чинь шууд гарч ярихаас илүү эдийн засгийн асуудлууд яригдана шүү дээ. Намайг улс төрд байх 26, 27 жилийн хугацаанд эдийн засаг нэлээн өөрчлөгдөж, математикжсан. Тийм учраас судалж харах зүйл их байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийгөө бэлдэж байгаа гэж ойлгож болно.

-Эвлэрлийн ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ажил дууссан уу, нөхцөл байдал ямар байна?

-УИХ дахь МАН-ын бүлэг үндсэндээ хоёр хуваагдаад хамтарч сууж хуралдахаа больсон байсан. Үүний цаана төрийн ажлууд гацах явдал болсон учраас Удирдах зөвлөлөөс Монгол Ардын намын үе үеийн дарга нар, Удирдах зөвлөлийн гишүүд болон МАН-ын бүлгийн хоёр талд байсан гишүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хамгийн эхний зорилго бол бүлэг нэгдэн хуралдаж, асуудлуудаа шийдэх ёстой. УИХ-ын дэд даргын асуудлаа шийдэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаад ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Яагаад Удирдах зөвлөлөөс энэ ажлын хэсэг байгуулсан бэ гэхээр тухайн ажлын хэсэгт дандаа дадлага туршлагатай хүмүүс багтсан. Хүн номоос мэдлэг олдог бол амьдралаас туршлага хуримтлуулдаг. Туршлагатай хүн гэдэг бол улс төрд олон зүйл харж, тэр дундуур явсан байдаг. Юу болох гээд байгааг ч мэддэг. Ажлын хэсэгт багтсан гишүүд энэ бүгдийг туулаад гарсан. Зарим нь хохирогч болсон байх жишээтэй. Тийм учраас бүлгээ яаралтай нэгтгэн хуралдуулж, УИХ-ын дэд даргын асуудлаа шийдье гэсэн зорилгыг тавьсан.

Харин эцэст нь МАН-ын бүлгийн 68 гишүүн бүгд хичээж ажилласны үр дүнд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хуралдаад бүлгийн даргаа албан ёсоор томилоод, УИХ-ын дэд даргад хүнээ санал болгосон. Тийм учраас Эвлэрлийн ажлын хэсэг үр дүнтэй сайн ажиллаж байгаа гэж дүгнэж байна.

-Ажлын хэсгийн ажил дуусаагүй байгаа юм уу. Одоо ямар асуудлууд дээр төвлөрөх юм бэ?

-УИХ-ын дэд дага томилогдоогүй байна. Яригдсан бөгөөд биелээгүй үлдсэн зүйлс бий.

-УИХ-ын даргын асуудлаа яагаад ярьсангүй вэ. Талууд ойлголцохгүй байна уу?

-Манай намын Их хурал арваннэгдүгээр сарын 15, 16-нд хуралдана. Тэнд намын шинэ дарга гарч ирнэ. Өөрөөр хэлбэл 2028 оны сонгууль дуустал тэр хүн бодлогоо гаргаж явах ёстой. Наана нь аль нэг ажлын хэсэг УИХ-ын даргын асуудлыг ярих нь зохимжгүй. Тэгэхээр намын Их хурлын дараа шинээр томилогдох намын дарга бодлогынхоо хүрээнд ярих байх. Наана нь бид намын даргын ажилд оролцоод яах вэ.

-Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарт "Хоёулаа одоо боль" гэж Бага хурлын өмнө нь ч, дараа нь ч хэлсэн-

-“Эвлэрлийн” гэж нэрлэгдээд буй ажлын хэсэг ямар зарчмыг баримталж ажиллаж байгаа юм бэ?

-Эвлэрлийн ажлын хэсэг бол хүмүүсийг хооронд “гар бариулах” зүйл биш шүү дээ. Манай ажлын хэсгийн давж болохгүй хэд хэдэн шугам бий. Нэгдүгээрт, хуулийн байгууллагад явагдаж буй ажлуудад хөндлөнгөөс оролцохгүй. Ажлын хэсгийнхэн хууль наймаалцаж ярих хүмүүс биш. Хоёрдугаарт, төсөв мөнгө зэрэг төрийн ажил ярихгүй. Төрийн ажил УИХ, ЗГ-т яригддаг байх ёстой.

Бага хурлаар тэр үеийн УИХ-ын дарга болон Ерөнхий сайд хоёр өрсөлдөхийн өмнөх Удирдах зөвлөлийн хурал дээр “Та хоёр Бага хурал биш Их хурал дээрээ өрсөлдөөч ээ. Хэрвээ өрсөлдвөл та хоёрын хэн нь ч 2/3-ын санал авахгүй. Харин Бага хурал дээр өрсөлдөөд унавал Их хурал дээр өрсөлдөхгүй шүү. Хуц, ухна тавьчихсан биш” гэж хэлж байсан.

Дараа нь Бага хурал болсон. Энэ хоёрын өрсөлдөөн утгаа алдаж байна шүү дээ. Сүүлд болсон Удирдах зөвлөлийн хурал дээр ч “Та хоёр хоёулаа боль оо” гэж ч хэлсэн.

-Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр намын Их хурал дээр өрсөлдөхгүй гэсэн үг юм уу?

-“Боль” гээд Удирдах зөвлөл дээр хэлчихсэн. Юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёрыг “эвлэрүүлэх” зүйл огт байгаагүй шүү гэдгийг хэлж байна.

-Хүмүүс энэ асуудлыг хоёр хүний маргаан гэж хараад байна. Таны хувьд гол углуургыг нь юу гэж харж байна?

-Эрх ашгийн эрэмбийг алдаад, тэндээс үүссэн хувь хүмүүсийн зөрчилдөөн явлаа гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд төрийн ажил амжилттай сайн явах ёстой. Эдийн засаг өсөж, эдийн засгийн асуудлууд нь шийдэгдэх ёстой. Гэтэл энэ ажлууд нь дутагдаж эхлээд, өөр эрх ашигт хөтлөгдсөний улмаас зөрчлүүд үүссэн.

-Биржийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын төсвийн орлого, валютын нөөцийн хэмжээ эрс нэмэгдсэн-

-Нүүрс гэдэг зүйл Монголын эдийн засаг ч болчих юм, авлига хулгайн сэдэв, албан тушаалын төлөөх зодоон ч болчих шиг боллоо. Нүүрсний асуудлаар хамгийн их мэдээлэлтэй хүн бол таныг гэж харж байна. Танд одоо ямар нөхцөл байдал харагдаж байна?

-2022 оны есдүгээр сарын эхээр би Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдож байсан. Өмнө нь Сангийн сайдын ажлыг өгөхдөө валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар, Төрийн сангийн дансыг 1.4 их наяд төгрөгтэй хүлээлгэж өгч байсан.

Харин Эдийн засаг, хөгжлийн сайдаар ирэхэд, валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болоод буурсан байсан. Нүүрсний гаргалтын хэмжээг харахаар боломжийн. Ямар дүгнэлтэд хүрсэн бэ гэхээр, нүүрс гараад байгаа хэрнээ мөнгө нь орж ирдэггүй. Нарийвчилж үзэхэд, оффтэйк гэрээгээр нүүрс нь гараад байдаг. Энийгээ дагаад валютын нөөц буурч, төгрөгийн ханш сулардаг асуудал гарч ирсэн. Тийм учраас хилээр гарч буй оффтэйк гэрээний нүүрсийг багасгаад, цэвэр ам.доллароор нүүрсээ гаргах алхмыг хийсэн.

Хоёрдугаарт, та бүхэн анзаарсан бол хилээр гарч буй нүүрсний гэрээнүүдийг бүртгэлжүүлж эхэлсэн. Ингэснээр хилээр гарч буй нүүрсний хэмжээ 70-80 сая тоннд хүрч байгаа юм. Мөн Биржийн хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш улсын төсвийн орлого, валютын нөөцийн хэмжээ эрс нэмэгдэж эхэлсэн.

Үр дүнд нь богино хугацаанд 5 тэрбум ам.долларын валютын нөөц бүрдчихэж байна шүү дээ.

Мөн нүүрсний хулгайг илтгэсэн нэг зүйл бол нэг тонн нүүрсийг бага үнээр буюу 60-70 ам.доллар, сайн чанарынх нь 80 ам.доллароор зарахаар хийсэн 300 гаруй гэрээ байсан. Энэ бүгдийг тухайн үеийн Засгийн газар хүчингүй болгосон. Мөн биржээр нүүрсээ зардаг болсноор 80 ам.доллар байсан нүүрсний үнэ 184 ам.долларт хүрсэн. Өөрөөр хэлбэл захирал мэдээд зарахаар 84 ам.доллар, зах зээлийн зарчмаар нь зарахаар 184 ам.долларт хүрдэг. Тэгэхээр нүүрсний хулгайтай тэмцэх үндсэн арга нь нэг хүнийг нөгөө хүнээр солих биш, тогтолцоог нь л өөрчлөх ёстой гэдэг агуулгаар бирж рүү нэлээн хүчтэй шахаж явсан.

Харин сонгуулийн дараа биржийг муулж “Биржээр худалдагдахгүй байна” гэсэн яриаг нэлээн гаргасан.

-Нэг хэсэг биржийн хэмжээ багассан л даа?

-Багассан. Тэр үед бирж яах ёстой вэ гэхээр өөрсдөө ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, ид борлуулж байх үеийнх шигээ асар их худалдаа зохион байгуулах шаардлагагүй. Жишээлбэл, долоо хоног бүр биржийн худалдаа зохион байгуулж байсан бол хоёр долоо хоногт нэг удаа эсвэл шаардлагатай тохиолдолд сард нэг удаа биржийн худалдааг зохион байгуулах боломжтой. Гэвч үүнийг хүсэхгүй байна. Албаар нээх олон худалдаа зохион байгуулсан ч хүмүүс авахгүй байна гэсэн асуудал гаргаж ирсэн. Үнэхээр эрэлт багасаад ирсэн бол худалдааны хэмжээг дагаад л бууруулах ёстой шүү дээ. Биржийн үр дүнд дөрвөн оффтэйк гэрээнээс бусад нь ил болсон.

-Биржээр борлуулахаар ил тод байдал нь сайн ч хувийн ААН-үүдийн борлуулах хэмжээ нь өсөөд төрийнх нь буурсан гэх асуудал үүссэн?

-Үгүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК тухайн асар их өртэй байсан. Гадаадад болон дотоодын туслан гүйцэтгэгч нартаа нийт 2.4 их наяд төгрөгийн өрөнд орчихсон байсан. Үүнийг ердөө нэг жилийн дотор л төлөөд, мөн ард иргэдэдээ хувьцааныхаа ногдол ашгийг олгосон шүү дээ. Хувийн ААН-үүд биржээр борлуулаад ашиг нь өссөн бол сайн л байна. Ер нь бирж бол бүх хүнд хэрэгтэй. Харин авлига, хээл хахууль, албан тушаалаа ашиглах гэсэн сонирхолтой хүмүүст л халгаатай.

Намайг Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдож байхад 1 ам.доллар 3560 төгрөгтэй тэнцэж байсан бол ажлаа өгөхөд 3370 төгрөг хүртэл буурч байсан. Тийм учраас бирж бол зөв өө.

Дээрээс нь хилээр бүртгэж байгаад нүүрсээ гаргадаг болсноор татвараа зөв авч эхэлсэн.

-Нүүрсний хулгайн асуудлыг тариад байгаа хамгийн гол эзэн холбогдогч нь хэн юм бэ?

-Хоёулаа хүнийг буруутгаад яах вэ.

-Нээлттэй байдал руу шилжихгүй бол мянган хүн солиод нүүрсний хулгайн асуудал шийдэгдэхгүй-

-Тэгвэл алдаа нь хаана гарсан юм бэ?

-Нэгдүгээрт, Монгол Улс газрын хөрсөн доорх баялгийг биржээр буюу өрсөлдөөн дунд арилжаалах ёстой. Энэ ажил хийгдээгүй. Одоо хэрэгжиж буй Биржийн тухай хуулийг чинь “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар ажиллаж байгаа Г.Ёндон Уул уурхайн сайд байхдаа УИХ-д өргөн барьсан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Г.Ёндонд үүрэг өгч байсныг би санаж байна. Үүний дагуу УИХ-д өргөн мэдүүлсэн ч УИХ хэлэлцэхгүй байж байгаад бараг нэг жил хагасын дараа баталсан.

Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалын асуудал бий. Аль болох нээлттэй байдал руу шилжихгүй бол мянган хүн солиод нүүрсний хулгайн асуудал шийдэгдэхгүй. Тэгэхээр тогтолцоог нь эрүүл болгох ёстой гээд хамгийн түрүүнд борлуулалтыг, дараа нь худалдан авалтыг нь ил тод болгохгүй бол цаана нь хардалт сэрдэлт явсаар л байна.

-Та 2017-2021 он хүртэл Сангийн сайдаар ажилласан. Тэгэхээр 2019 онд хийгдсэн оффтэйк гэрээнүүд яагаад нууцад авагдсан юм бэ?

-ҮАБЗ-өөс бүгдийг нь нууцад авсан гэсэн мэдээллийг надад өгсөн. Бид ҮАБЗ-ийн хуралд оролцдоггүй шүү дээ. Ер нь ҮАБЗ-өөр оруулж нууцад авдаг байсан нь үнэхээр гажиг байсан.

Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод эдгээрийг зогсоосон юм билээ. Тэгэхээр өмнө нь байсан Ерөнхийлөгч л энэ бүгдийг санаачилж байсан болов уу гэж бодож байгаа.

-Нүүрсийг зах зээлийн үнээс 55 хувиар хямд борлуулна гэхээр миний толгойд лав орохгүй байна-

-Мөн сүүлд хийгдсэн хил холболтын төмөр замын гэрээний араас “Нүүрсний хулгай-2” гэж яригдаад эхэлсэн. Яагаад 55 хувиар хямдруулчихсан юм бэ?

-Харин 55 гэхээр гайхаад байх юм. Тухайн үед энэ гэрээ хэлцэлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь БЭТ буюу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат надад танилцуулж л байсан. “5-10 хувийн хямдрал үзүүлээч” гэсэн юм яригдаж байна. Харин 55 хувь гэж бичсэн зүйлийг би хараагүй шүү. Хараагүй юмаа тааж яримааргүй байна.

Хэрвээ гэрээнд нь тийм зүйл байгаа бол засаж залруулаад явахад болохгүй зүйл байхгүй. “Хүчингүй болго” гэж туйлшрах шаардлагагүй. Зах зээлийн үнээс 55 хувиар хямд борлуулна гэхээр миний толгойд лав орохгүй байна. Арай ч тийм зүйл байхгүй байх.

-Нүүрс, МАН, эрх баригч намын дотоод асуудал, төрийн өмч гээд хоорондоо холбогдчихлоо. МАН-ын дарга байсан хүмүүс нүүрсний мөнгөтэй холбоотой болчихлоо. Дотор нь байсны хувьд ийм зүйл ажиглагдаагүй юу?

-Харин ганц харамсалтай зүйл нь энэ байгаад байгаа юм. Түрүүн ярьсанчлан, тэндэх даргыг хэчнээн солихоос илүү тогтолцоог нь эрүүл байлгах хэрэгтэй. Биржээр зарагдсан нүүрсэн дунд сая ярьсан асуудлууд байна уу гэвэл байхгүй. Өөрөөр хэлбэл зах зээлийнх нь горимоор олон нийтийн дунд үнэ хаялцуулж байгаад, өндөр үнэ өгсөнд нь зарсан нүүрсэнд таны хэлсэн асуудлууд байхгүй.

Харин асуудал хаана үүсээд байна гэхээр гэрээнүүдэд бий. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа ил тод байвал, сонгон шалгаруулалт, худалдан авалтууд нь ил тод явагдаад байвал асуудалгүй.

Одоо 126 гишүүнтэй парламент, Засгийн газар юу хийх ёстой вэ гэхээр төрийн өмчит ААН-үүдийн хувьчлахыг нь хувьчилаад, нээлттэй болгох реформыг маш богино хугацаанд хийх ёстой.

Зарим хүмүүс төрд байхаар мундаг юм шиг ярьдаг. Тийм бэртэгчин зангаасаа манайхан салах хэрэгтэй. Хамгийн их эсэргүүцэж байгаа хүмүүс чинь гоё үгээр ярьдаг шүү дээ. Тэр хүмүүс чинь л асуудалтай шүү. Дээрээс нь маш их ашиг сонирхлын зөрчилтэй байдаг. Тогтолцоог нь л зөв байлгавал энэ олон асуудал шийдэгдэнэ шүү дээ.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн институцын зөрчилдөөн энэ улсыг өнөөдрийн байдалд хүргэчихлээ шүү дээ. Үе үеийн Ерөнхий сайд нар Ерөнхийлөгчтэйгөө ойлголцохоо болихоороо огцордог. Та үүнийг юу гэж дүгнэж байна?

-Өмнө нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь нэг намаас байхаар хүмүүс хооронд хов хутгаж “муудалцуулдаг” гэдэг асуудал байж ирсэн шүү дээ. Сүүлийн жишээ бол Л.Оюун-Эрдэнийг огцрох үед Ерөнхийлөгч орж ирээд үг хэлж байсан даа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр уулзаад ярьж байсан. Тэр үед би “Ерөнхийлөгч өө, таныг Үндсэн хуулийг өөрчилж хугацаагаа сунгаж ажиллана гэсэн мэр сэр дуулдаад байна аа. Та үнэхээр ийм бодоод байгаа юм уу” гэсэн чинь “Тийм юм байхгүй. Парламентын засаглалаар явах нь миний итгэл үнэмшил шүү, Хүрэлбаатар аа” гэж байсан. Дараа нь чуулганы хуралдаанд хэлсэн үг нь надад хэлсэн үг байсан.

-Парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог байх асуудал яригддаг. Бодитоор ингэдэг болчихвол яасан юм бэ?

-Би парламентын сонгодог тогтолцоо руу шилжих нь зөв гэж боддог. Гэхдээ парламентын тогтолцоо гэхээр 126 гишүүнтэй парламент маань будилаад байна л даа. Хөндлөнгөөс харахад, парламент өөрөө туршлагатай байх ёстой болов уу.

Анхнаасаа төгс төгөлдөр юм гэж байхгүй учраас цаашид энэ парламент сайжраад, туршлагажаад явах байх гэсэн бодолтой байна.

-Хулгайлагдаад байсан нүүрсийг биржээр зараад эхлэнгүүт орлого нэмэгдэж байна-

-Ер нь Засгийн газар төсөв хүндрэхээр л явчихаад байдаг. 2024 оны долоодугаар сард валютын нөөц 4.8 тэрбум ам.доллар байсан бол одоо 5.9 тэрбумд хүрчихлээ. Өнгөрсөн ЗГ-ын алдаа нь юу байв, одоогийн ЗГ юун дээр анхаарахгүй байна?

-Төсвийн асуудалд би хөндлөнгөөс оролцохгүй байгаа. 2025 оны төсвийг хоёр удаа тодотгосон. Эхлээд баталснаас сарын дараа тодотгосон. Дахиад хэрэгжүүлж байх явцдаа тодотгосон. Одоо гүйцэтгэлийг нь харахаар орлого нь бага байна. Эдийн засгийг зөв авч явна гэдэг нь их нарийн ухаан. Жолооддог гол бодлого нь төсвийн болон мөнгөний бодлого. Тэгэхээр төсвийн бодлого буруу байгаа нь алдаануудын гол шалтгаан болоод байна. Анхнаасаа төсвөө зөв боловсруулах хэрэгтэй. Төсөв тодотгож үзээгүй Сангийн сайд бол би. Төсвийг тодотгохгүй гэдэг зарчмын цаана нь төсвийн сахилга бат, үр ашиг байдаг.

Нэмээд төсөвтэй холбоотой зүйл хэлэхэд, 2019-2020 онд шилжих үед төсвийн орлого, зарлага нь тус бүр 11 их наяд орчим байсан. Одоо төсвийн орлого, зарлага 33 их наядтай байна. Ковидын үед цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлт гэх мэт ачаалал авсан учраас 2020 оны зардал хэвийн хэмжээнээс их байдаг. Өмнө нь цалин, тэтгэвэр, хөрөнгө оруулалтаа бүгдийг нь 11 их наядад багтаадаг байсан бол одоо 33 их наяд. Зөвхөн цалин, тэтгэвэр нь 11 их наяд болчихоод байна. 5 жилийн дотор төсөв ингэж өссөн байна.

Хулгайлагдаад байсан нүүрсийг биржээр буюу өндөр үнээр зараад эхлэнгүүт орлого нэмэгдэж байна гэсэн үг.

-Орлого нэмэгдэхийн хэрээр үр ашиггүй зардал нь нэмэгдсэн юм биш үү. Үүнийг дагаад авлигын хэрэг нь ч өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 10 гаруй жил төсөвтэй холбогдож байсны хувьд танд юу бодогдож байна?

-Намайг Сангийн сайдаар ажиллаж байхад төсвийн нийт зардал 11 их наяд байсан бол одоо 33 их наяд болж өссөн. Өмнө нь 11 их наяд дотроо бүх зүйлээ багтаагаад болж байсан шүү. Одоо 33 их наяд болсон үед хаанаас хасах уу, чи миний төсвийг хасчихлаа гэсэн маргаан яваад л байна лээ. 3 дахин өссөн төсөв дотроос гаргалгааг нь олоод явах хэргтэй гэж хэлмээр байна.

Хүмүүс намайг насаараа Сангийн сайд хийсэн юм шиг ярьдаг. Би Сангийн сайдаар 3 жил 8 сар ажилласан шүү. Эдийн засаг, хөгжлийн сайдаар 1 жил 8 сар орчим хийсэн байх. Гэхдээ хүмүүст Сангийн сайд хийж байсан үе нь илүү тод үлддэг юм шиг байна.

-Төрийн албан хаагчдын цалинг гал унтраах байдлаар шийдэх нь хүндрэлтэй-

-Тэгвэл Засгийн газар юуг хамгийн түрүүнд засвал эдийн засгийн бодлого зөв болох юм бэ?

-Ерөөсөө л ил тод байж, тогтолцоонуудаа засах хэрэгтэй. Ингэвэл болно. Сая багш, эмч нарын цалин яригдаж эхэллээ. Төрийн албан хаагчдынхаа цалингийн тогтолцоог эргэн харж цаашаа явахгүй бол гал унтраах байдлаар асуудлыг шийдээд байх нь хүндрэлтэй. Гэхдээ 11 их наяд байсан төсөв 33 их наяд болж байхад багш, эмч нарын цалин “орхигдсон” байсан юм биш биз дээ гэж бодогдсон. Юун дээр зардал нь ингэтлээ данхайв гэдгийг анхаарч засах нь зүйтэй. Тогтолцоогоо засаад байхад хүний асуудал бол 1000 дахь асуудал.

Болж өгвөл төрийн албан хаагчдыг мерит зарчмаар нь байлгаж, үнэхээр сайн ажиллаж байгааг нь тэнд нь байлгаад байвал ажил сайн явдаг. Ажлаа мэдэхгүй хүн очихоор удирдах, удирдагдах ёс ч алдагддаг. Ажлаа мэдэхгүй хүн тэнд ямар зорилгоор очсон нь ойлгомжтой шүү дээ.

-Цалинг гэнэт их хэмжээгээр, бүтээмж харахгүйгээр нэмэх нь эдийн засагт хүндрэл учруулах уу. Цалин нэмлээ гэхээр л бүх юмны үнэ өсчихдөг л дөө?

-Би бол эсрэгээрээ урт хугацааны юмаа харах ёстой гэж бодоод байгаа. Юу вэ гэхээр монголчуудын боловсрол бол үнэхээр номер нэг. Тийм учраас боловсролын тогтолцоонд мөнгө сайн зарцуулах хэрэгтэй. Эрүүл мэндэд ч тэр. Уг нь эрүүл мэндийн санхүүжилтийн схемийг даатгалын тогтолцоогоор хийх ёстой. Гэтэл даатгалаа халамж болгоод орхичихвол дампуурна шүү дээ. Тиймээс урт хугацаанд боловсрол, эрүүл мэндэд мөнгө зарцуулах нь зөв гэж үздэг.

Тийм учраас боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвийн тогтолцоог нь зөв болгох ёстой.

-Инфляц 9-10 хувь байгааг хэвийн юм шиг харж болохгүй-

-Бид 2018 онд 12 төрлийн хүнсний багц бүтээгдэхүүнийг 28 мянган төгрөгөөр авдаг байсан. Харин 2021 онд 46 мянга, одоо 66 мянган төгрөгөөр авдаг болсон байна. Энэ чинь л иргэдэд жинхэнэ дарамт болдог, мөнгөний үнэ цэнийг бууруулдаг зүйл болчихоод байна?

-Санал нэг байна. Инфляцын түвшинг харвал 10 дотор байгаа юм шиг хэрнээ хүнсний бүтээгдэхүүний инфляц хоёр оронтой тоо руу орчихсон байна. Ирэх жил одоогийнхоос ч өндөр гарна. Тэгэхээр бид инфляцтайгаа тэмцэх ёстой. Ингэхийн тулд төсвийн болон мөнгөний бодлого нь зөв, эрүүл байх ёстой.

Энэ боломжийг нь хангаж өгөхгүй бол үнэ өсөлт дээр алдаа гаргаад байвал ард түмний олж байгаа орлого нь буурчихна. Хэрвээ санаж байгаа бол би Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын валютын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэж, инфляцыг жилийн гурван хувь дотор барьдаг болгож чадвал эдийн засаг тогтвортой байна гэсэн бодлогыг танилцуулж байсан.

Бусад улсад инфляц нь хоёр хувиас дээш гарахад л сандралддаг. Гэтэл манайд 9-10 хувь байгааг хэвийн юм шиг үздэг. Улстөрчид нь ч, Монголбанкныхан нь ч үүнийг бууруулах ёстой. Намайг Сангийн сайд байхад инфляц 3-4 хувьтай байсан. Хүмүүс мартсан байх.

-Бид яаж хэвийн хэмжээний төсөв рүүгээ очих вэ. Уг нь Монголбанк нь анхааруулаад мөнгөний бодлого зэргээ баланслах ёстой биз дээ?

-Эдийн засгаа тэлж, хамгийн үр ашигтай салбаруудаа нэг номерт тавих хэрэгтэй. Одоо үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлийнхнийг дайсан юм шиг харж, хөгийн PR хийсээр байгаад бүгдийг нь үзэн ядах сэтгэлгээ суулгачихсан.

Тэгэхээр эдийн засгаа тэлчихвэл асуудал байхгүй. Гэтэл эдийн засгаа байдгаар нь хумьж, хувийн хэвшилээ дарамталдаг. Нөгөө хэд нь айгаад хонь болдог. Төрийн данхайлгаад, хувийн хэвшлээ дарамтлаад байгаа нь маш буруу хандлага. Тийм учраас тулгамдаж буй асуудлуудаа эдийн засгийн сууриа тэлэхдээ хөрөнгө оруулалт, хувийн хэвшлээ тэлж байж монголчууд маань боломжийн амьдардаг болно.

-Гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ 4.1 тэрбум ам.доллар байсан ч 6 дахин буурсан-

-Хөрөнгө оруулалтын тухай хууль 2024 оны эхээр нэлээн улс төр дагуулаад явсан. Сүүлийн нэг жилийн хөрөнгө оруулалтыг харахад, 2024 онд өмнөх жилийнхээс 8 дахин буурсан байна?

-Хөрөнгө оруулалтын асуудал дээр одоог хүртэл миний байр суурь хэвээрээ. Худлаа гүтгэлэг зохиож, элдэв PR-ын акц зохион байгуулж буй хүмүүс байна л даа. Үндсэндээ манай гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ найм дахин буурсан байгаа шүү. 4.1 тэрбум ам.доллар байж байгаад зургаа дахин буурсан. Энэ бүхний цаана Монголын эрх ашиг л хохирч байгаа шүү.

Тийм учраас эдийн засгаа тэлж, хүчтэй өрсөлдөх чадварууд бий болгох шаардлагатай. Харин хэн чанга дуутай, уран цэцэн үг хэлж чаддаг нь өөрийнхөө зүйлийг авч явдаг байж болохгүй. Тэгэхээр эдийн засгаа тэлж, том зах зээл рүү гарч чаддаг болох, хувийн хэвшилдээ урам өгч чаддаг байх зайлшгүй шаардлагатай.

-Одоо жаахан улс төр ярья. 2024 оны сонгуульд яагаад уначхав аа. Баруун бүсэд 55 мянган хүний санал авч 15-т ортлоо унасан шүү дээ?

-Дүгнэлтээ би өөртөө үлдээж байгаа. Уначихаад шалчиганаад олон юм яриад байх нь онцгүй шүү дээ. Шалчигнадаг зан надад угаасаа байхгүй.

-Танай намаас тэнд нэр дэвшсэн хүмүүс чинь таныг түлхсэн юм биш үү?

-“Ч.Хүрэлбаатарыг битгий сонгоорой” гээд явсан манай намын хүмүүс бий. Гэхдээ одоо тийм зүйл ярьж шалчиганаад яах вэ дээ. Урагшаа харж амьдарцгаая.

-Олон жил парламентад байсны хувьд ҮХЦ-д үүссэн асуудлыг юу гэж харав. Үндсэн хуулиа давж болохгүй гэсэн зарчмыг давангаа алдлаа?

-Би өөрөө зөв ч бай, буруу ч бай шүүхийн шийдвэрийг хүндэтгэдэг. Цэцийн шийдвэрийг ч ялгаагүй хүндэтгэдэг. Өөрт нь таалагдахгүй бол шүүмжилдэг байж болохгүй. Ч.Хүрэлбаатарт таалагдах, таалагдахгүй нь 1000 дахь асуудал. Таалагдахгүй бол муулдаг, таалагдвал магтдаг бэртэгчин зангууд бага байгаасай гэж бодож байгаа.

-Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдох ямар ч яриа болоогүй-

-Таныг Монголбанкны Ерөнхийлөгчөөр очих гэж байна гэсэн мэдээлэл хэсэг гарсан. Тийм яриа болсон юм уу?

-Ямар ч яриа болоогүй. Хүмүүс гайхах байх. Хоёрдугаарт, нэг албан тушаал гарвал муулаад сурснаараа “Хүрэлбаатар очих гэж байна” гээд л нэг хэсэг нь орж ирж кайф авдаг юм шиг байна лээ. Тийм л үйл явдал болж байгаа болов уу.

Энэ бол цэвэр УИХ-ын даргын эрх мэдлийн асуудал. Өөрөөр хэлбэл УИХ-ын удирдлагуудын зүгээс надтай уулзаж, санал тавьсан зүйл огт байхгүй.

-Мөн сүүлд ажлын хэсэг ахлаад явсны дараа “ЗГ-т орох гэж байна. ЗГХЭГ-т яригдаж байна” гэсэн асуудал гарч байна лээ?

-Наадах чинь бас худлаа яриа. Би өөрөө Удирдах зөвлөл дээр ч, сая ажлын хэсэг дээр ч “Намын дарга болох хүн маань УИХ-ын гишүүн байх ёстой. Ерөнхий сайд хүн УИХ-ын гишүүн байх ёстой. Сайд нар нь бүгд УИХ-аас томилогддог байх ёстой” гэсэн хатуу зарчмыг өнгөрсөн хавраас хойш илэрхийлээд байгаа.

-Тэгвэл Г.Занданшатарыг зарчмаас зөрж байна гэж хэлж байна уу?

-Өмнө нь Удирдах зөвлөл дээр хоёуланг нь боль гэж хэлсэн гэдгээ өөрт чинь хэллээ. Олон нийтэд ч хүрсэн. Байр суурь хэвээрээ байгаа.

“Та хоёр хоёулаа биш шүү” гэж намынхаа Удирдах зөвлөл дээр хэлэхээс өөр яах болж байна аа.

-Оюутолгойн зээлийн асуудал яригдаж байна. Та 2009-2012 онд ЗГХЭГ-ын дарга байсны хувьд энэ асуудлыг эхнээс нь мэдэж байгаа. 2018 онд зээлийн хүү бууруулах хэлэлцээрийг өнгөрүүлчихсэн. Яагаад ийм зүйл болчхов оо?

-Сангийн сайд Оюутолгойн асуудалтай холбоотой ямар нэг ажлыг ахлаагүй. Уул уурхайн яам эсвэл Эрдэнэс Монгол хавьцаа байсан болов уу.

2009 онд Оюутолгойн гэрээ батлагдаж байхад ЗГХЭГ-ын даргаар намайг ажиллаж байсан гэдэг. Энэ бол худлаа. Тэр үед ЗГХЭГ-ын дарга Б.Долгор гэж хүн байсан. Харин би Оюутолгойн гэрээ батлагдсанаас гурван сарын дараа ЗГХЭГ-ын даргаар томилогдож байсан.

Яах вэ, хүмүүс муулахаараа Ч.Хүрэлбаатар руу оруулж байгаад муулчихдаг. 2018 онд болсон явдлыг санахгүй байна. Харин тэрнээс өмнө Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад нь зээлийн хүүг нэг удаа бууруулж байсан.

-2008 оноос хойш 16 жил парламентад суугаад 4 жил завсарлаж байх шиг байна. Одоогийн 126 гишүүнтэй парламентын алдаа, оноог юу гэж дүгнэж байгаа вэ?

-Би нэлээн бодсон. Намайг гишүүн байх үед 126 гишүүнтэй болох ажил явагдсан. Дэмжиж санал өгсөн гишүүдийн нэг нь би. Мэдээж алдаа оноотой эхэлж байгаа байх.

Монголын төр тогтвортой байх ёстой. Төр тогтвортой байхын суурь нь парламент өөрөө дадлага туршлагатай байх ёстой. Парламентын гишүүдийн туршлага бол үнэхээр үнэтэй зүйл. Яагаад гэхээр олон юм үзсэн туршлагатай хүн чинь юу болох гээд, одоо явагдаж байгаа зүйл нь ямар гай тарих гээд байгааг харж чадаад байдаг.

Миний бие анх Д.Лүндээжанцан, С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд, М.Энхболд нарын хүмүүсийн маш их туршлага дотор явж ирлээ. Иймэрхүү хэмжээний хүмүүс нь байх л байж дээ гэсэн бодол надад байдаг шүү. Шинэ гишүүд орж ирэхэд парламентын туршлагыг яаж шилжүүлэх вэ гэдэг ажлыг богино хугацаанд хурдтай хийх ёстой байсан.

Гэв гэнэт Засгийн газрыг томилдог ажил дээр ирэнгүүт “самгардаж” туршлагагүйтсэн байхыг үгүйсгэхгүй. Туршлагатай парламент гэдэг зүйл дээр онцгой анхаарч ажиллах ёстой юм байна гэсэн бодол надад төрөөд байгаа.

-Таны хувьд бүсчилсэн тойргоор явахгүй бол болохгүй нь ээ гэж ярьж байсан боловч өөрөө бүсчилсэн тойрогт очоод унасан. Энэ юу болоод өнгөрчхөв өө?

-Болсон явдал нь юу вэ гэхээр намын дарга Л.Оюун-Эрдэнэ, намын генсек, С.Бямбацогт бид хэд сонгуулийн тогтолцоо ярьж байсан. С.Бямбацогт сайд “Бүр жижиглэе” гэсэн ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар огт зөвшөөрөхгүй байсан. 2011 онд гишүүн байсан Лу.Болд одоогийн бүсчилсэн тогтолцоог надад танилцуулж байсан. Үүнийг би танилцуулаад л дэмжигдээд явцгаасан шүү дээ. Тэр тогтолцоогоороо ороод “ялагдсан”.

-Сонгуулийн тогтолцоог өөрчилсөн нь төсөв олон хэсэг тараад байгааг болиулах байсан. Тогтолцоо өөрчлөгдсөний дараа энэ төсөв дээр өөрчлөлт гарсан уу?

-Гарахгүй байна өө.

-Тэгвэл энэ тогтолцоо нь буруу байсан юм биш биз дээ?

-Улс орны том эрх ашиг нэг номерт шийдэгдэхгүй л бол болохгүй. Алийн болгон арай гэж цуглуулсан жаахан мөнгөө бүгдийг нь тараагаад байх вэ дээ. Улс орны асуудлыг томоос нь аваад эрэмбэлж шийдэх ёстой.

Хувийн хэвшлийн чадах ажлыг хувийн хэвшлээр нь бүрэн хийлгээд, төр юун дээр анхаарах вэ гэдгээ тодорхой болгоод ажиллах ёстой л гэж бодож байна.

Гэхдээ би өөрийнхөө хийсэн зүйл дээр харамсдаг төрлийн хүн биш. Хийхийнхээ өмнө маш сайн бодож байгаад л хийдэг. Түүндээ итгэл үнэмшилтэй байдаг.

-Урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 7 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 7 хэм дулаан
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.