
Энэ бүсгүйг Б.Бадамцэцэг гэдэг. Тархины хүчил төрөгчийн гүн дутагдалтай гэж оношлогдсон охиноо эмчлүүлэхээр 3 жилийн өмнө БНСУ-ыг зорьж, өнөөдрийг хүртэл шүд зуун тэмцэж буй ээж юм. Түүний охин Б.Цэрэнлхам 4 настай. Гурван жилийн турш БНСУ-д эмчлүүлж, биеийн байдал нь сайжирч, тогтворжсон охин Монголдоо ирээд сар бололгүй Сэхээн амьдруулах тасагт хэвтэн, биеийн байдал нь хүнд байгаа учраас охины ээж Б.Бадамцэцэг манай сайтад хандсан юм. Бид түүнтэй үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Яг одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?
-Миний охин Б.Цэрэнлхам одоо 4 настай. 2022 оны долоодугаар сард БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн эмнэлэгт эмчлүүлэхээр очсон. Өдгөө гурав дахь жилдээ эмчлүүлж байгаа. Манай хүүхэд тархины хөшүүн гэсэн оноштой. Тархины хүчил төрөгчийн гүн дутагдалтай байсан хүүхдийг буруу оношилж, хоёрдогчоор тархийг нь үхүүлсэн. 3.4 жил БНСУ-д эмчлүүлээд хүүхдийн маань биеийн байдал сайжирсан. "Тэндээ эмчилгээ хийлгээд сайжирч байгаа хүүхдээ яагаад монголд авч ирээд сэхээнд оруулчихав аа" гээд гайхаж байгаа хүмүүс байгаа байх. 3-4 жил хүний нутагт эмчилгээний визээр амьдарч, өндөр үнэтэй эмчилгээ хийлгэн гэдэг амар биш. Тиймээс би эмчилгээний зардлынхаа 50 хувийг буцааж авах гарц гаргалгааг хайж маш олон жил ЭМЯ, ГХЯ гэх мэт олон газрын хаалга татсан. Монгол Улсад эмчлэгдэхгүй 27 өвчний эмчилгээний зардлын 50 хувийг төрөөс даадаг. "Энэ журмандаа манай охиныг хамруулж, эмчилгээний зардлын 50 хувийг нь буцаан олгож өгөөч ээ" гэх хүсэлтийг удаа дараа тавьсны эцэст "Танай хүүхдэд өгөхгүй биш өгнө. Гэхдээ хүүхэд хүчилтөрөгчийн аппаратнаас салсан бол өөрөө ирж оношлуулах ёстой" гэж хэлсэн. Тиймээс би зориг гаргаад охиноо авч ирсэн боловч сар гаруйн хугацаанд шийдэгдэхгүй явсаар охины минь биеийн байдал хүндэрч, сэхээн амьдруулахад орчихлоо.
"Төр засаг, сайд, ноёд солигдох гээд байна. Тэр дарга гадаадад томилолттой яваа" гэх мэт шалтгаанаар хойшилсноос болоод ийм нөхцөл байдал үүсч байна.
-Та яг энэ асуудлаараа салбарын яам, сайдад нь хандаж үзсэн үү. Танд ямар хариулт өгсөн вэ?
-Яг энэ асуудлаараа ЭМЯ-н дээр очоод бүх хүмүүстэй нь уулзаад одоо би яах вэ гээд асуусан. "Танайхыг оруулах гэж байна. Оруулахгүй биш" гэдэг. "Яаралтай оруулах хэрэгтэй байна. Бага насны хүүхэд хэлж ярьж чадахгүй. Би хүүхдийнхээ төлөө явах ёстой. Нөхцөл байдал хүнд байна. Яаралтай шийдэх хэрэгтэй байна" гэхээр "Бид нар ажлаа аваад хоёрхон сар болж байна. Одоо дахиад л засаг солигдлоо шүү дээ. Тэр маань унавал, энэ маань унавал" гээд сууж байгаа байхгүй юу. Би яг үнэндээ гайхаж байна. Тэр дээр, доор юм болж байхад эрүүл мэндийн салбар дагаад савладаг байж болохгүй. Би хүүхдээ өвдсөнөөс хойш энэ асуудлаар дуугарч, ЭМЯ-ны хаалгыг олон удаа татсан. Очих болгонд хүмүүс нь солигдчихсон. Дахиад эхнээс нь ярьж, бүх зүйлийг шинээр эхлэх ёстой болчихсон байдаг. Хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбогддог энэ салбарыг нам, улс төрөөс ангид байлгадаг баймаар байна.
Тэнд улс төрчид "зодолдоход" энд миний хүүхэд хохирдог байж болохгүй.
-Яг одоо шийдвэр гарахад ямар процесс дээрээ гацчихаад байгаа юм бэ. Хүүхэд монголынхоо эмнэлэгт үзүүлээд оношлуулчихсан гэж ойлголоо?
-Монголд ирснээсээ хойш яг сарын дараа буюу өнгөрсөн гурав дахь өдөр эмнэлэгтээ үзүүлсэн. Одоо хурлаар орох л үлдсэн. Гэтэл хурал нь бас хойшилчихсон. Шалтгаан нь хуралд орох ёстой комиссын нэг гишүүн нь гадаадад томилолттой яваа юм гэнэ. Нэг хүний гадаад томилолтоос болоод нэлээд хэдэн хүний эрх ашиг хөндөгдөж болохгүй. Энэ хуралд зөвхөн манай охин орох гээд байгаа юм биш. Эмчилгээнийхээ зардлын 50 хувийг ч болтугай олоод авчих юмсан гээд хүлээж суугаа олон хүн байгаа.
-Хүүхдийнх нь биеийн байдал одоо ямар байна?
-Хүүхдийн маань биеийн байдал хүнд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
-Хүүхэд нь Монголд ирэх шаардлагагүй БНСУ-даа байсан бол магадгүй ирээд удалгүй буцсан бол сэхээнд орох хүртлээ ингэж хүндрэхгүй байсан гэж ойлголоо. Зөв үү?
-Миний хүүхэд БНСУ-д 3 жил 4 сар байхдаа нэг удаа сэхээнд орж байгаагүй. Тогтмол эмчилгээ хийлгээд биеийн байдлаа хянуулаад явдаг учраас биеийн байдал нь тогтвортой байдаг. Энд ирээд сарын хугацаанд гэртээ байсан. Яамнаас хүүхдээ үзүүлээрэй гээд дуудахад ганцхан өдөр л гэрээс гарахдаа вирус аваад сэхээн амьдруулахад орчхоод байна. Үүнээс гадна манай охины уудаг эм нь монголд байдаггүй. Өөр эмээр орлуулж байгаа гээд олон шалтгаан нөлөөлсөн.

-Өөр танд тулгамдаж байгаа зүйл юу байна?
-Эмнэлгийн орчин, эмийн чанарын асуудал үнэхээр хүнд байна. Манай хүүхэд яг одоо ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Энүүхэндээ л гэж хэлэхэд, баян айлын адууны зүчээ ч тийм байхгүй. Идэр есийн хүйтэн эхлэх гэж байхад сийгсэн цонхтой. Хананууд нь цав гараад халцарчихсан. Нойл нь бөглөрөөд урсаад гараад ирж байна. Хэзээ мөдгүй нураад уначих гэж байгаа аятай л барилга байна. Уг нь яг хажууд нь шинэ байр барьчихсан байна. Гэхдээ ашиглалтад ороогүй. Одоо орох гэж байгаа л гэдэг. Одоо гэдэг нь хэзээ юм бэ гэхээр хариулт өгч чадах хүн байхгүй байна. Нэмээд эмийн чанарын асуудал байна. Өнөөдөр манай улс хүүхдийн цагаан эс үрэвслийн хэмжээг буулгаж чадахгүй хэмжээний антибиотиктой байна. Үнэндээ эм бол чанаргүй байна. Цагаан эс нь өндөр. Үрэвслээсээ болоод халуураад байгаа хүүхдийн халууныг 10 хоногт буулгаж чадахгүй байна. Гэтэл БНСУ-ын эмнэлэг 1-2 хоног хэвтээд л гардаг. Тэнд ид шид үйлчлээд байгаа юм биш. Эм тарианы л чанарын асуудал байна.