Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхбаяр: Одоогийн нөхцөлд 60-70 сая тонн нүүрс экспортолно гэдэг дээр л төлөвлөгөөгөө хийх ёстой. 90 сая тонн гэдэг бол бидний төлөвлөгөө биш

Ангилал
Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
30 минут 57 секунд

УИХ-ын намрын чуулган өчигдөр нээлтээ хийж, ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Тэгвэл 2026 оны төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан санал дүгнэлт болон макро эдийн засгийн зарим зорилтын талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

-УИХ-ын чуулган нээлтээ хийж, төсвийн хэлэлцүүлэг эхэллээ. Эдийн засгийн агуулгаар нь харахад, хэр бодит тооцоололд нийцсэн төсөв орж ирсэн гэж харж байна вэ?

-Төсвийн тогтвортой байдөл нөлөөллийн тухай хуульд өнгөрсөн 2023 онд өөрчлөлт орсноор Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь зөвхөн төсөв дээр дүгнэлт өгөх бус макро эдийн засгийн тооцооллыг мөн адил хийдэг болсон. Өнгөрсөн 2024, 2025 онуудад буюу хоёр удаа бид энэ төсөөллийг хийсэн. Өмнө энэ үүрэг нь зөвхөн Эдийн засаг, хөгжлийн яамд байсан. Засгийн газар өөрөө төсөөллөө хийгээд, түүнд Сангийн яам тооцооллоо хийж төсвөө боловсруулдаг байсан гэсэн үг. Гэтэл хуульд яагаад ийм өөрчлөлт орсон бэ гэхээр, Засгийн газар өөрөө төсөөллөө боловсруулахаар төсөвтөө нийцүүлсэн макро эдийн засгийн төсөөлөл хийгээд байсан юм. Төсвөө тэлэх шаардлага үүсэхээр GDP-гийнхээ өсөлтөө дахиад жаахан өөдрөг тавьчихъя гэдэг ч юм уу. Бодитой бус төсөөлөл хийгээд байсан шалтгаан нь энэ. Төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн шалгуурууд дахь үзүүлэлтүүдээ аятайхан харагдуулахын тулд засварладаг байсан гэсэн үг. Үүнээс зайлсхийхийн тулд макро эдийн засгийн үзүүлэлтийг хараат бус хөндлөнгийн байгууллагаар хийлгэхээр болсон байдаг. Тэр нь манай Төсвийн тогтвортой байдлын зөвлөл. Тэгэхээр өнгөрөгч хавар бид 2026 оны эдийн засгийн төсөөллөө өгчихсөн. Энэ хүрээнд Сангийн яам энэ оны төсөөллөө боловсруулж орж ирсэн. Энэ зун хийсэн нэг нааштай зүйл бол хэт өөдрөг төсөөллийг төсвийн тодотгол хийж бууруулсан явдал. Тухайн багасгасан сууринаас төсвийн зарлагыг нэмэгдүүлж оруулж ирсэн учраас энэ удаагийн 31 их наядын зарлага гэдэг нь харьцангуй боломжийн төсвийн дүн гэж үзэж байгаа.

-Төсвийн төслөөс хамгийн анхаарал татаж буй зүйл бол ирэх онд 90 сая тонн нүүрс экспортлох зорилт. Гадаад зах зээл дахь эрэлт нөгөө талдаа дотоодын тээвэр ложистикийн хүчин чадал, хил холболтын сүлжээ бэлэн болоогүй дүр зураг зэргээс харахад ирэх оны төгсгөлд энэ зорилтоо биелүүлж чадах уу гэдэг асуудал байна?

-Түүхий эдийн экспортын үзүүлэлтээс зөвхөн зэсийн баяжмал, нүүрс хоёрыг сонгоод харвал, сонин дүр зураг харагдана. Экспортын үзүүлэлт нь бие биенээ нөхсөн дүр зурагтай. 2023-2024 онуудыг харвал нүүрсний экспортын орлого хэт өслөө шүү дээ. 80, 90 сая тоннд хүрсэн. Урьд нь бид 20,30 сая тонн нүүрсний тухай л ярьдаг байлаа шүү дээ. Тэр график дээрээс харвал, нүүрсний орлого 8 тэрбум ам.долларт хүрч, "уулын орой" шиг зүйл үүсчихсэн. Тэгэхээр энэ орлого маань цаашид байхгүй болчихлоо. Ер нь нүүрсний экспортын орлогыг төсөөлнө гэдэг маш хэцүү. Биднээс үл хамаарч буй зүйл байхгүй юу. Нэг ёсондоо худалдан авагч орны эрэлт хэрэгцээнээс хамаарах зүйл. Худалдан авагч болох Хятад коксжсон нүүрсийг гангийн үйлдвэрлэлд хэрэглэнэ. Ган нь Япон, Солонгос, Тайвань, АНУ руу борлуулагдана. Тэгэхээр тэр зах зээлийн эрэлтээс хамаарч байгаа байхгүй юу. Асар холын зүйлийг бид энд бодох гэж оролддог. Хятадын ган борлох уу, хэр зэрэг ган үйлдвэрлэх үү, гангийн үйлдвэрлэл нэмэгдэх үү, цаашид экспорт нь нэмэгдэх үү гэх мэт маш олон хүчин зүйлсээс хамаарч буй зүйлийг бид эхлэлийнх нь цэг дээр таамаглах гэж оролдох нь нэг талаараа боломжгүй. Тийм ч учраас бидний бодлого үргэлж зөрж байсан.

Ирэх жилүүдэд ч адилхан. 90 сая тонн нүүрс экспортолно гэдэг бол бас л эрсдэлтэй. Яагаад гэвэл, хятад улсад бодлогын их өөрчлөлтүүд гарч байна. 14-р таван жилийн төлөвлөгөө нь энэ жил дуусаж, ирэх хавар дараагийн 15-р таван жилийн төлөвлөгөөгөө батална. Биднийг төсвөө баталсны дараа гэсэн үг шүү дээ. Тухайн төлөвлөгөөг харахад, бидний болгоомжлох ёстой бодлогууд байна. Гангийн хэт үйлдвэрлэл, нүүрсний хэрэглээгээ багасгая гэдэг бодлогууд явж байна. Тухайлбал, өнгөрөгч наймдугаар сард хятадын таван яам үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хоёрын хамтарсан "Гангийн үйлдвэрлэлийг хэрхэн сэргээх вэ" гэдэг бодлого гарсан. 4 бүлэг 12 зүйлтэй энэхүү төлөвлөгөө ч бидэнд дохио өгч байна. Үүнд, гангийн хэт үйлдвэрлэлийн экспорт муу, борлуулагдахгүй, үр ашиг тааруу байгааг сайжруулахын тулд түүний технологийг өөрчлөе гэдэг агуулга байна. Ингэхдээ тэр дунд коксжсон нүүрс ашигладаг хайлуулдаг зуухыг цахилгаан зуух болгож, нүүрсний хэрэглээг багасгая гэдэг бодлого байгаа юм. Ийм нөхцөлд бид өмнөх шигээ өөдрөг төсөөлөөд явна шүү дээ. Тэгэхээр бодлогоо зөв тодорхойлохгүй бол 90 сая тонн гэх зорилт биелэгдэхгүй. Нөгөө талдаа дэд бүтэц маань бэлэн биш хэвээр байна. Нөгөө холбох гээд байгаа төмөр зам маань 2028 онд дуусна. Тэгэхээр бид нүүрсний үнэ ба биет хэмжээг яаж ч төсөөлсөн онохгүй. Гадаад нөхцөл байдлаа харахгүй байна. Бид цаашид нийт экспортоо төсөөлөөд, тэр дунд нүүрс болон зэсийн баяжмалын экспортоо аль болох ойролцоо тогтвортой барих бодлого барих хэрэгтэй.

Монголбанкны мөнгөний бодлогын хэлэлцүүлэг дээр ч яригдсан. Цаашид бид төсвийн төлөвлөлт дээр нүүрсний биет хэмжээгээ хэлж болохгүй. Хэлэх ч шаардлага байхгүй. Нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэнэ гэдэг чинь үйлдвэрлэлийн зорилт биш. Хятад улс биднээс 90 сая тонн нүүрс худалдаж авна гэдэг төлөвлөгөөг бид батлах гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь боломжгүй зүйл.

Аль ч утгаараа бодож үзэхэд, бид одоогийн нөхцөлд 60-70 сая тонн нүүрс экспортолно гэдэг дээр л төлөвлөгөөгөө хийх ёстой. 80,90 сая тонн бол бидний төлөвлөгөө биш.

Давсан хэмжээгээр нь төсвийн орлогоо зарцуулах боломжтой. Харин тасарвал бид тодотгол хийнэ. Нэг талдаа хэт өндөр орлого төлөвлөхөөр нөгөө талд зарлага дээрээ асуудал дагуулна шүү дээ. Жишээлбэл, бид нүүрсний орлогоор эм худалдаж авна гээд төлөвлөчихсөн байлаа гэж бодъё. Гэтэл 90 сая биш 70 сая болоход дутсан хэмжээгээр эм худалдаж авах зардал байхгүй болно гэсэн үг.

Хэт өөдрөг төлөвлөгөөгөөр төсвийг хийх нь маш эрсдэлтэй. Бидэнд ийм орлого байна гээд хэлчихээр салбар болгон чинь тэр мөнгөний төлөө "уралдаад" байна шүү дээ. Тиймээс аль болох биет хэмжээгээр төлөвлөлтийг битгий хий гээд байгаа юм.

-Гэтэл энэ хэт өөдрөг төсөөллөө Засгийн газар төсвийн төсөлдөө тусгаад бүр УИХ руу өргөн барьчихлаа шүү дээ?

-Өнгөрсөн жилийнхийг бодоход, нүүрсний үнэ буурч байгааг харсан учраас нүүрсний үнийг 70 ам.доллараар авлаа гэж тайлбарлаад байгаа. Нийт дүнгээрээ харьцангуй бага төлөвлөсөн гэж байна. Гэхдээ Засгийн газрын анзаарахгүй, анхаарахгүй байгаа нэг зүйл нь хятадын зах зээл дээр гарч байгаа бодлогын шийдвэрүүд. Жишээлбэл, гангийн үйлдвэрлэл дээр авч буй бодлого нь манайд ямар үр дагавартай вэ гэдгийг бид үнэлэх ёстой. Гангийн үйлдвэрлэлийг сэргээх төлөвлөгөө бол манайд өгч буй маш том дохио. Тэнд нэг зүйл хөдлөхөд цагийн механизм шиг маш олон зүйл хөдөлнө. Энэ бүгдэд хятад улсын нүүрсний зах зээл ямар байдлаар өөрчлөлтөд орох вэ гэдэгт үнэлгээ хийж байж, бид тоо тавих ёстой. Гэтэл түүнийг огт ойлгож, мэдээ ч үгүй байж өссөн график зурж байгаад бодит байдлаас тасарсан, гадаад орчин нөхцөлтэй нийцээгүй, механик тоон бодолт хийгээд байна. Ингэж болохгүй гэдгийг л хэлээд байгаа юм. Үүнийг угаас тааварлах боломжгүй учраас арай бодитой тоон дээрээ л тогтох ёстой. 60 юм уу 70 сая тонн гэдэг дээрээ л тогтох ёстой. Манай нөхцөлд өөдрөг төсөөлөл онохгүй.

-Үр дүнд чиглэсэн төлөвлөлт хэрэгтэй байна. Үр дүнгүй муу ажиллаж байгаа хэсэгт хүртэл орон тоо, цалин, ажлын байр, машин унаа гээд бүгдийг нь шийдэж өгч байна шүү дээ-

-Өнгөрсөн жил төсөв батлахдаа бид гурван жил дараалан алдагдалгүй төсөв батлах зарчим дээр нэгдсэн. Гэтэл Засгийн газар ирэх оны төсвийн төсөлдөө 1.3 их наядын алдагдалтай байхаар оруулаад ирлээ. Үүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Бид үүнийг байж болох зүйл гэж үзэж байгаа. Ялангуяа манай эдийн засгийн өнөөгийн хөгжлийн түвшинд ийм байх бололцоотой. Алдагдалгүй баталж байсан нь өнөөх л нүүрстэй холбоотой. 30,40 сая тонн нүүрс экспортолж байсан үетэй харьцуулахад нүүрсний экспорт хоёр дахин өсчихсөн. Өнгөрсөн онд 8 орчим тэрбум ам.долларт хүрсэн. Энэ хэмжээний орлогыг цаашид хэвээр байх юм байна гэж тооцоолсон учраас л алдагдалгүй төсөв баталсан. Гэтэл бодит байдал дээр тийм биш байна. Хоёр жилийн хугацаанд өссөн нүүрсний орлого буцаад хөрсөн дээрээ бууж байна.

Магадгүй 2026, 2027 онд буцаад 40, 50 сая тонн гэх дүн дээрээ хүрэхийг үгүйсгэхгүй. Энэ нь ирэх хавар батлах хятадын 15-р таван жилийн төлөвлөгөөнөөс л хамаарна.

Энэ төлөвлөгөө нь дотроо хятадын 31 мужийн 15 жилийн төлөвлөгөө болж задардаг. Түүний нэг нь, манай худалдан авагч болж буй ӨМӨЗО-ны таван жилийн төлөвлөгөө нэгдүгээр сард хурлаар хэлэлцэж батална. Тухайн төлөвлөгөөнд бидний төсөл дээрээ ашиглаад байгаа хэдэн тонн нүүрс хэрэглэх вэ, төмөр замаа холбох эсэх зэрэг асуудлууд багтдаг. Гэтэл тэр төлөвлөгөө дотор ямар зорилт байгааг бид мэдэхгүй мөртлөө угтаад ийм айхтар төсөөлөл хийх гээд байна шүү дээ.

Гадаад хүчин зүйлээ ялангуяа манай экспорт ганцхан зах зээл дээр очиж байгаа учраас түүнийгээ судалж байж, төсвийн төлөвлөлтийг хийх ёстой. Цаг хугацааны хувьд бид урьтаж төсвөө хийж байгаа учраас болгоомжтой хийх ёстой л гэсэн үг. Хэрэв мэдчихээд дараа нь төсвөө батлах гэж байгаа бол өөр хэрэг шүү дээ.

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд төсвийн зарлагын бүтцэд урсгал зардал давамгайлж, хөрөнгө оруулалтын үр ашиг сул байгааг дурдсан байсан?

-Салбар яам бүрт төсвийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо шүү дээ. Түүнээс их сонин зүйл ажиглагдаж байгаа юм. Бид төлөвлөхдөө Төсвийн тогтвортой байдлын хуульд зааснаар төсвийн хязгаарыг баталдаг болчихсон. Үүнээс хэтрүүлэхгүй шүү гэсэн дээд хязгаар. Гэтэл төсвийн төлөвлөлтөөрөө анхан шатны байгууллагуудаас санал авдаг хэвээр. Яамд тус бүр үүнийгээ танилцууллаа шүү дээ. Тэгэхээр төсвийн ерөнхийлөн захирагч буюу салбар яамд түүнийг нэгтгээд Сангийн яаманд өгч байгаа. Гэтэл Сангийн яам дээр нэг ёсны "хайч" үүсэж байна. Энэ талд нь хязгаар байгаад байдаг. Гэтэл нөгөө талд байгууллагуудын хүсэлт. Энэ хайчин дунд л төлөвлөлт хийгдэж байна. Тиймээс төлөвлөлтийн арга дээрээ тодорхой нэг чиглэл рүү орохгүй бол замбараагүй байдал руу орж байна.

Анхан шатнаас санал авдаг байдал нь ойлгомжгүй хэвээр байгаа учраас байгууллагууд ямар үр дүнд чиглэсэн бэ гэдэг нь тодорхойгүй саналууд л өгч байна. Хэрэв үр дүнд чиглэсэн байвал эсрэгээрээ "Чи үр дүн гаргаж чадаагүй учраас орон тоог нэмэхгүй" гэж хэлнэ шүү дээ. Гэтэл үр дүнгүй муу ажиллаж байгаа хэсэгт бид орон тоо, цалин, ажлын байр, машин унаа гээд бүгдийг нь шийдэж өгч байна.

Төсвийн байгууллагуудын зардлыг авч үзэхэд, сүүлийн 3-4 жилд маш их хэмжээгээр нэмэгдсэн. Тэр нэмэгдэж байгаа мөнгийг бид юуны төлөө зарцуулаад байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Үнэхээр нэмэх шаардлага байна уу. Асуудлын шалтгаанаа олохгүй байна. Жишээлбэл, хууль зүйн салбар дээр очиход бүх салбартаа машин тэрэг, орон байр хэрэгтэй, цагдаа хүрэлцэхгүй байна гэдэг. Гэтэл бодит байдал дээр суурь шалтгаан нь өнөөх гэмт хэрэг л байхгүй юу. Гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэгтээ түлхүү анхаарах ёстой байтал байгууллага болгон өөрийн үйл ажиллагааны зардлыг тэлэх сонирхолтой байдаг. Энэ төлөвлөлтийн арга дээрээ бид маш сайн анхаарахгүй бол ийм асуудлууд үүснэ.

-Тэгвэл төлөвлөлт дээрээ ямар зарчим барих ёстой юм бэ?

-Цаашид бид төлөвлөлт дээрээ анхан шатнаас ирж байгаа саналыг яаж нэгтгэж авах ёстой вэ гэдгээ анхаарах ёстой. Төсвийн хязгаартаа багтаа гэдэг зарчмыг барих ёстой. Хамгийн гол нь үр дүнтэй нь холбох ёстой. Төсвийн тухай хуульд "Төсвийн ерөнхийлөн захирагч таван жил тутам нэг удаа харъяа байгууллагуудынхаа үйл ажиллагаа, үр дүн, үр ашгийн байдалд дүн шинжилгээ хийж Засгийн газар, Сангийн яамд танилцуулна" гэсэн заалт байгаа. Гэтэл энэ ажил огт хийгдээгүй. Үүнийг хийхгүй байгаа учраас тавьж өгч байгаа мөнгө чинь юунд зарцуулагдаад байгааг бид мэдэхгүй байгаа юм. Төсвийн гүйцэтгэлээр баахан асуулт хариулт болоод л өнгөрдөг. Менежмент нь байхгүй, төсвийн үр ашигтай удирдлага нь байхгүй байхад нөгөө талд механикаар байр, мөнгө, орон тоо гэдэг зүйл дээр л ажил хийх гэж оролдоод байна шүү дээ. Эдгээр нь цугтаа байж үр дүн гарах ёстой.

-Татварын хөнгөлөлт үзүүлэх гэж байгаа санаа нь зөв. Гэхдээ энэ ажлыг хоёр жилийн өмнө буюу нүүрсний орлого нэмэгдэж байх үед хийх ёстой байсан-

-Ирэх оны төсвөөс хүлээлт үүсгэж байгаа нэг зүйл нь татварын шинэчлэл. Энэ хүрээнд татварын ачааллыг бууруулах үе шаттай арга хэмжээг тусгасан талаар хууль санаачлагчид хэлж байгаа. Энэ чиглэлд хэр бодитой агуулга туссан гэж харж байгаа вэ?

-Өнгөрөгч 2-3 жилийн турш татвар төлөгчдийн зүгээс энэ чиглэл дэх санал хүсэлтийг ихээр гаргасан. Татварын ачаалал их байна, олсон орлогынхоо ихэнх хувийг татварт өгч, цалингаа ч бүрэн өгч чадахгүй байх хэмжээнд байна гэдгийг хэлж байсан.

Харамсалтай нь, миний хувийн бодлоор энэ ажлыг хоёр жилийн өмнө хийх ёстой байсан. Нүүрсний орлого нэмэгдэж байх үед гэсэн үг. Байгууллагуудынхаа төсвийн зардлыг тэлэх бус орж ирсэн орлогоо татварын хөнгөлөлтөд зарцуулах ёстой байсан.

Нэг ёсондоо, уул уурхайн салбараас орж ирж байгаа орлогоо уул уурхайн бус салбарын жижиг дунд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүдийнхээ татварыг хөнгөлж болох байсан. Тэр үед энэ ажил хийгдээгүй буюу татварын бодлогын тухай бодох сөхөө ч байгаагүй. Уг нь татвар төлөгчдөө бодсон бол тэр орлогыг төсвийн байгууллагуудын зардлыг нэмэхэд биш хөнгөлөлт үзүүлэхэд зарцуулсан бол цаг хугацааны хувьд зохих байсан. Гэтэл одоо тэр нэмэгдсэн орлого маань байхгүй болчихсон. Татварын хөнгөлөлт үзүүлж байгаа санаа нь зөв. Үзүүлэх ёстой. Гэтэл түүнийг нөхөх орлого нь хаана байна гэдэг л том асуудал. Энэ талаар манай Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд дурдсан. Хэрэв энэ хэвээр байвал татварын хөнгөлөлтөөс үзүүлэх ачаалал нэмэгдэх гээд байна. Гэхдээ энэ асуудлыг шийдэх ёстой. Татварын хөнгөлөлт маань хэр том цар хүрээг хамрах вэ гэдгээ оновчтой тодорхойлох ёстой. Түүнд ямар ААН, ямар ажил үйлчилгээг хамруулах вэ гэдгээ л зөв тодорхойлох ёстой. Хөнгөлөлт үзүүлэхээр оруулж байгаа санаа нь зөв.

-Аудитын байгууллага нь "Төсөв үр ашиггүй байна, үр дүнд чиглээгүй байна" гэж дүгнэлтээ гаргаад байхад л байгууллагуудын мөрөөдлийн жагсаалтыг нийлүүлээд Сангийн яаманд уламжлаад байна. Энэ нь бодлогын хувьд төсөв болж чадахгүй, тоон хуваарилалт л хийгээд байна-

-Бид бүсчилсэн хөгжлийн асуудлыг нэлээн томоор тавих болсон. Төсөв ч энэ чиглэлд хөгжлийн төлөвлөгөөтэйгээ уялдах ёстой. Гишүүдийн тойрогтоо хийхээр яриад буй ажлууд ч таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой талаар та өмнө ярьж байсан?

-Хөгжлийн төлөвлөгөө дээр нэлээн асуудлууд бий. 2020 оноос хойш таван жилийн хөгжлийн төлөвлөгөө рүү хуулиараа шилжсэн. Эхний таван жил дуусаж байна шүү дээ. Намрын чуулганаар дараагийн таван жилийн төлөвлөгөөг оруулах гээд Засгийн газраас бэлдчихсэн байна. Тэгэхээр энэ нь өөрөө маш зөв төлөвлөгдсөн байх ёстой. Хаана ямар үйлдвэр, хэдэн сургууль, цэцэрлэг гэх мэт. Үүнийг зөв төлөвлөхийн тулд зөвхөн бүсчилсэн хөгжил бус өөр нэг чухал бичиг баримт дутуу байгаа. Энэ нь хүн ам, нутаг суурьшлын ерөнхий төлөвлөгөө юм. Үүнийг бий болгохын тулд 2017 онд Засгийн газар, Барилга хот байгуулалтын сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж байсан. Миний сонссоноор өнгөрсөн жил бэлэн болчихсон гэсэн. Тэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр даяар бүхий л салбарын төлөвлөлтийг урт хугацаанд ямар байх ёстой вэ гэдгийг нарийн төлөвлөчихсөн. Энэ төлөвлөгөөг эхэлж баталж байж, бүсчилсэн хөгжил зөв явна. Түүнээс биш бүс өөрөө аялал жуулчлал, газар тариалан гэж тодорхойлоод явна гэж байх болохгүй. УИХ, Засгийн газрынхаа түвшинд бүсчилсэн хөгжил, хүн ам, нутаг суурьшлын ерөнхий төлөвлөгөө гэдгээ ойлгож, санал нэгдэх ёстой. Жишээлбэл, ирэх жил Хархорум, Хүннү хот байгуулах тухай ярьж байна. Гэтэл тухайн хүн ам, нутаг суурьшлын ерөнхий төлөвлөгөөнд эдгээр хотууд байгаа юм уу. Байсан ч цаг хугацааны хувьд аль нь урьтаж явах ёстой юм. Ийм байдлаар төлөвлөгөө дээрээ эхлээд зөв тусгаад, бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө, таван жилийн хөгжлийн төлөвлөгөө дээрээ цаг хугацаа, байршлын хувьд зөв тусгах ёстой. Ингэж байж оновчтой болно. Өнгөрсөн жилүүдэд бидний гаргасан алдаа бий шүү дээ. Мухар төмөр зам, баригдаад холбогддоггүй төмөр зам, Эрдэнэс тавантолгойн уурхай орчимд байгаа ложистикийн ойлгомжгүй байдал, салбар бүр тус бүртээ төлөвлөлт хийдэг байдал гэх мэт замбараагүй зүйлс байна. Энэ байдлыг засахын тулд суурь төлөвлөгөөгөө бид маш чамбай боловсруулах ёстой.

Таван жилийн төлөвлөгөө гэдэг зүйлээ арай өөр нүдээр харж хийх ёстой. Энэ бол социализмын үеийн салбар болгоны зорилтуудын нийлбэр биш. Тэр олон салбарын зорилтууд яаж зөв уялдах вэ гэдэг асуудал.

Шинэ хот барихад ч автозам, төмөр зам, усан хангамж нь хаанаас, ямар хүчин чадалтай байх вэ гэдгийг зөв төлөвлөхгүй бол хүчин чадлаасаа хэтийдсэн зүйл болж хувирна. Замын-Үүдэд хэн ч хэрэглэхгүй дулааны станц байж л байна шүү дээ. Ийм л том алдаа гаргаж байна. Маш чухал мөнгөөр зөв газар хөрөнгө оруулалт хийх ёстой байтал буруу газраа барьсан. Яг энэ алдаа манай боловсролын тогтолцоонд гарч байна шүү дээ. Асар олон сургууль бариад байдаг. 800 гаруй төрийн өмчийн сургуультай. Гэтэл Улаанбаатар хотод нь гурван ээлжээр хичээллэдэг, нэг сургууль нь 2 мянга гаруй сурагчтай. Гэтэл хөдөө орон нутагт нэг сургууль 500-600 сурагчтай, нэг ээлжтэй. Зөв төлөвлөөгүйгээс болоод ач холбогдол багатай газраа хөрөнгө оруулалтаа их хийгээд ач холбогдолтой хэсэгтээ асуудлаа шийдэж чадаагүй байна.

-Ирэх оны төсвийг харьцангуй боломжийн гэж дүгнэсэн гэлээ. Тэгвэл анхаарах асуудлуудыг нь юу гэж харж байгаа юм бэ?

-Макро үзүүлэлтийн хувьд боломжийн гэж дүгнэж болохоор. Гэхдээ эрсдлүүд бий. Нүүрсний экспорт бидний хүссэн хэмжээнд хүрч очихгүй байх эрсдэл байна. Гадаад зах зээл, геополитикийн нөхцөл байдал тодорхой бус байна. Өргөн барьсан төсвийн төсөлд тодорхой эрсдлүүдийг шигтгэсэн байсныг харсан. Энэ нь ахиц мөн. Гуравдугаарт, өмнө хэлсэнчлэн импорт талдаа буюу инфляц талдаа. Шатахууны үнэ гэдэг өөрөө бидний хүссэнээр байхгүй. Төсөв дээрээ бид хамгийн нааштай байхаар бодоод 8 хувь гээд тавьчихсан. Төсвийн зарлага тал дээр энэ чинь байхгүй шүү дээ. Бензин, шатахууны үнэ бараг л өсөлтгүй гээд тавьчхаад байна. Гэтэл бензин, шатахууны үнэ 8-10 хувьд хүрэхэд төсвийн бүх байгууллагын тээврийн зардал өснө. Ийм эрсдлүүдийг хаанаас, яаж зохицуулах вэ гэдгээ бид бодох ёстой. Ялангуяа геополитикийн нөхцөл байдал маш тодорхой байгаа энэ нөхцөлд нэн тэргүүнд шаардлагатай эмнэлгийн түргэн тусламжийн байгууллагуудын нэмэгдэл зардлыг яаж шийдэх вэ гэдгээ бид бодолцсон л байх ёстой. Түүнээс биш гэнэтхэн дахиад л төсөвтөө тодотгол хийнэ гээд сууж байвал харамсалтай хэрэг. Цаг хугацааны хувьд хожимдоно. Гол нь бензин шатахууны үнэ өсөх шийдвэр хэзээ ч гарч болно. Биднээс хамаарахгүй. Засгийн газар хоорондын хэлэлцээр, үнэ тогтворжуулсан гэрээ дуусгавар боллоо гэхэд бид нэг л өдөр энэ асуудалтай нүүр тулна. Мөн төсвийн байгууллагууд асуудлын хойноос хөөсөн төлөвлөлт хийгээд байна. Гэмт хэрэг өссөн учраас, халдварт өвчин нэмэгдсэн учраас, гурван ээлжээр хичээллэдэг болчихсон учраас гээд араас нь хөөгөөд байна. Гэтэл энэ нь суурь шалтгаан биш. Тэгэхээр хууль нь өөрөө үр дүнд чиглэсэн байх ёстой гэж хэлсээр байтал төлөвлөлт нь тийш чиглэхгүй байна.

Аудитын байгууллага нь "төсөв үр ашиггүй байна, үр дүнд чиглээгүй байна" гэж дүгнэлтээ гаргаад байхад төлөвлөлт нь хэвээр. Зүгээр л байгууллагуудын мөрөөдлийн жагсаалтыг нийлүүлээд манай салбар ийм мөнгө хүсэж байна гээд Сангийн яаманд уламжлаад байдаг. Бодлогын хувьд энэ нь төсөв болохгүй байна. Тооны хувьд хуваарилалт хийгээд байна. Агуулгын хувьд үр дүнд чиглэсэн төсвийн төлөвлөлт хийгдэхгүй байна.

Тэгэхээр Сангийн яам анхан шатны байгууллагуудын саналыг ямар байдлаар хүлээж авдаг болох вэ гэдэгт төсвийн цагалбартаа тавьдаг шаардлагатаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэж өөрчлөлт хийхгүй бол дараа жил бүр их төсөв хэрэгтэй байна гээд л ороод ирнэ. Энэ нь макро түвшинд очихоор яагаад ч уялдахгүй байгаа юм. Төлөвлөлтийн маш том алдаа энд явж байна.

-Ярилцлагын төгсгөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргаж буй энэ дүгнэлт хэр чадамжтай байна вэ гэдгийг асуумаар санагдлаа. Та бүхний гаргасан санал дүгнэлт дээр Засгийн газар хэр "чих зөөлөн"-тэй хандаж байна вэ?

-Урьд нь зөвхөн төсөв дээр дүгнэлт өгдөг байсан бол макро эдийн засгийн төсөөлөл гаргадаг болсон. Хоёрдугаарт, орон тооны бус байсан. Гишүүд цуглаад дүгнэлт бичдэг байсан. Хуульд энэхүү хоёр өөрчлөлтийг оруулснаар УИХ-ын шийдвэр гаргалтад бидний оролцоо илүү нэмэгдэж байгаа. Зөвхөн Засгийн газрын макро эдийн төсвийг сонсохоос гадна Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн эдийн засгийн төсөөлөл, төлөвлөлтийг сонсдог болсон. Өөрөөр хэлбэл, гурван байгууллагын дүгнэлтийг сонсдог болсон. Эдийн засгийн өсөлтийг Монголбанк, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Эдийн засаг хөгжлийн яам юу гэж үзэж байна вэ гэдгээр. Гурвуулаа өөр өөрөөр ярьж болох ч тэнгэр газар шиг зөрөхгүйгээр хоорондоо уялдаж байх ёстой. Нөгөө талдаа өнгөрсөн жил гаргасан олон дүгнэлт энэ жил төсөв дээр биеллээ олсон байна. Төсвөө танаж, хэт их тэлэлтээс татгалзаж, нүүрсний орлого дээр хэт дулдуйдахгүй гэдэг ч юм уу. Энэ мэт нааштай ахицууд байна. Тэгэхээр цаашид үүнийг хэвээр хадгалах ёстой. Тэгээд ирэх жилүүдэд тулгамдаж болох эрсдлээс зайлсхийх алхмаа одооноос хийх ёстой. Нэгэнт нүүрсний орлого цаашид хязгаарлагдаж байгаа нөхцөлд эдийн засгаа төрөлжүүлэх бодлого барих ёстой. Бусад түүхий эд буюу ирээдүй болоод байгаа Эрдэнэтийн Оюут, Баянхонгорт байгаа баянхөндийн алт, газрын ховор элемент зэргийг одооноос ажил хэрэг болгох ёстой. Тэгж байж 2029, 2030 он гэхэд ганц түүхий эдээс хамааралтай бус тогтвортой орлоготой болно.

Ярилцсанд баярлалаа

Д.Эрдэнэбулган: Ажлын 8 цаг ажиллаад, үлдсэн цагт нь бэлтгэл, гэрийн эзэгтэй, ээжийн ажлуудаа амжуулах амар биш. Яг үнэндээ 24 цаг ч багаддаг
Д.Эрдэнэбулган: Ажлын 8 цаг ажиллаад, үлдсэн цагт нь бэлтгэл, гэрийн эзэгтэй, ээжийн ажлуудаа амжуулах амар биш. Яг үнэндээ 24 цаг ч багаддаг
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.