УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудалтай холбогдуулан жагсаалтаар гишүүн болдог байдлыг эргэн харах, эмэгтэйчүүдийн квотыг бууруулах болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Ёс зүйн зөрчил гаргасан гишүүдийг эгүүлэн татах” хуулийн талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс байр суурийг нь тодруулж, цөөн хором ярилцлаа.
-Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн асуудалтай холбогдуулан намын жагсаалтыг эргэн харах, эмэгтэй гишүүдийн квотыг бууруулах саналууд нийгэмд гараад байна. Жагсаалтаар сонгогдсон, эмэгтэй гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ өөрөө Монгол Улсын засаглал, төрийн тогтолцоотой нягт холбоотой асуудал учраас маш няхуур хандах ёстой. Энэ хувь хүний асуудал юм уу, улс төрийн намын бодлого шийдвэрээр нэр дэвшүүлэлтээ хийж буй асуудал юм уу эсвэл жендэрийн квотын асуудал уу гэдгийг харахгүй бол нэг юм уу тодорхой хэдэн хүний нүүрийг нааж байгаад энэ бол болохгүй зүйл гэж шийдэж болохгүй. Учир шалтгаан нь юундаа байна гэдгийг тодорхойлж, шийдэл гаргах хэрэгтэй. Энэ бол 126 гишүүнтэй анхны парламент. Аль ч үеийн парламент 100 хувь мундаг сайн байгаагүй. Тиймээс нэг асуудал гарангуут “Энэ тогтолцоо нь, жендэрийн квот нь буруу байсан байна” гээд хийсэн шинэчлэлээ үгүйсгэх нь буруу. Ямар нэг шинэчлэл хийсэн тохиолдолд 2-3 удаагийн циклээр явж байж тогтворждог. Энэ бол анхны парламент учраас алдаа, оноотой зүйл байгаа. Тэр нь юунаас болж байгааг ул суурьтай гаргаж ирэх хэрэгтэй.
-Жагсаалтад оруулах шалгуур нь ямар байх ёстой юм бэ. Намдаа ч зүтгэж байгаагүй хүнийг намын даргын саналаар оруулж ирж буйг шүүмжлэх хэсэг байна?
-Энэ бол улс төрийн нам сонгуульд орохдоо ард иргэд юу хүсэж байгаагийн дагуу бодлогоо гаргаад ямар бодлогоор явах вэ гэдэг шийдэл шүү дээ. 2024 онд улс орон маань мэргэжлийн улс төрийн намын нэр хүнд авлига, албан тушаалын асуудлаас болоод буурсан байсан. Тийм учраас МАН-ын тухайд илүү нэр цэвэр, мэргэжлийн хүмүүсийг оруулж ирж байж иргэдийн итгэлийг авах нь гэсэн намын бодлого гарсан. Бусад намууд ч бодлогынхоо хүрээнд жагсаалтаа гаргасан байх аа.
-“Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг Ерөнхийлөгч санаачилсан. Энэ хуулийг Ерөнхийлөгч санаачлах нь зөв үү?
-Боловсруулсан хуулийг нь би хараагүй байна. Бид үүнийг маш нухацтай авч үзэх ёстой. “Нэн яаралтайгаар” гэсэн үг гарч байх шиг байна лээ. Үүнийг нэн яаралтайгаар хэлэлцэх ёсгүй асуудал гэж харж байна. Агуулгын хувьд хуулийг нь харах ёстой. УИХ-ын дархлааны асуудал бол үе үеийн парламентад яригдаж байсан. Парламент өөрөө дархлаатай байж Монгол Улс парламентын ардчилалтай юм уу, өөр ардчилалтай юу гэдэг нь шийдэгдэх байдал руу явж байж магадгүй. Парламентын дархлаа гэдэг үгний дор гэмт хэргийг нуун дарагдуулах зэрэг асуудал байж болохгүй.
-Нэгхэн хүний буюу М.Нарантуяа-Нара гишүүний асуудлаас болоод л энэ хууль ороод ирж байгаа юм шиг харагдаад байна шүү дээ?
-Зөвхөн энэ асуудлаас болсон гэж би бодохгүй байна. Ганц гишүүний асуудлаас болоод 2, 3 хоногийн дотор хууль санаачилна гэж байхгүй. Өмнө нь ч ийм зүйл байх ёстой юм уу, Үндсэн хууль дээр юу гэж байна гээд яригдаж байсан л асуудал.
-Бага хурлын үеэр Д.Амарбаясгалан нарын дөрвөн хүнийг намын гишүүнчлэлээс чөлөөлж буйгаа танай намын дарга мэдэгдлээ. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Намын дарга өөрийнхөө бодлогоор Хяналтын ерөнхий хороонд хүсэлтээ өгнө гэдгээ хэллээ. Хяналтын ерөнхий хороо шийдвэрээ гаргах байх. Дөрвөн хүний нэр дурдагдсаны хоёр нь УИХ-ын гишүүн байгаа. Ёс зүйн хороо бичиг баримт, нотлох баримтууд дээр үндэслэн шийдэх байх гэж харж байна. Харин УИХ-ын гишүүнийх нь асуудлыг УИХ-аар тогтсон дүрэм, журмынх нь хүрээнд маш нарийн харах ёстой гэсэн байр суурьтай байна.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!