
Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирал эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Шинэ улирал эхлэх дөхсөн энэ цаг мөчид волейболын спортын мастер Д.Эрдэнэбулганыг онцолж, цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Өдрийн мэнд ээ. Лиг эхлэхэд маш бага хугацаа үлдлээ. Бэлтгэлдээ гарчихсан байгаа юу?
-Өнгөрсөн наймдугаар сараас лигийн бэлтгэлдээ гарсан. Яг одоо бол бүх ард түмний спортын наадамдаа төвлөрч байна. Дуусгаад лигийн бэлтгэлээ үргэлжлүүлнэ.
-Энэ жил "Минтонетт Говь" клубээсээ тоглох уу, эсвэл?
-Тэгнэ. "Минтонетт Говь" клубээсээ тоглоно. Гэрээ маань сунгагдаад явж байгаа.
-Лиг эхлэх дөхөөд тамирчид гэрээгээ үзэглэж байгаа энэ цаг мөчид нэг зүйлийг тодруулж асуумаар байна. Тамирчдын тэр дундаа эмэгтэй тамирчдын үнэлэмж, цалин хангамж нэмэгдсэн зүйл байна уу?
-Бид нар өнгөрсөн жил Монголын волейболын тамирчдын холбоог байгуулсан. Тамирчдын эрх ашгийг хамгаалах, шилжилт хөдөлгөөн, гэрээг журмаар зохицуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тамирчдын үнэлэмж жилээс жилд бага багаар нэмэгдэж байгаа. Гэхдээ бусад улс орон шиг өөр бусад зүйлд санаа зовохгүйгээр зөвхөн бэлтгэлээ хийгээд тамирчны цалингаараа амьдрах хэмжээнд бол хүрээгүй.
Би хувьдаа мэргэжлийн түвшинд тоглож байгаа бүх тамирчин зөвхөн тэмцээн, бэлтгэлдээ анхаараад тамирчныхаа цалингаар амьдрах боломжтой болоосой гэж хүсдэг.
-Д.Эрдэнэбулганы хувьд үндсэн ажлаа, хүүхдүүдээ, волейболоо яаж амжуулж зохицуулдаг вэ?
-Яг үнэндээ 24 цаг ч багаддаг. Би Нийслэл дэх төрийн аудитын байгууллагад аудитор хийдэг. Ажлын 8 цагаар full time ажилладаг гэсэн үг. Яг үнэнийг хэлэхэд өглөө хүүхдүүдээ цэцэлэгт нь хүргэж өгчхөөд орой унтаж байхад нь гэртээ ордог. Өглөө 08.30-17.30 цаг хүртэл ажиллаж тараад шууд бэлтгэлдээ явдаг. Гэр бүлийн хүн маань, ээж, дүү нар минь ойлгож, тусалж, дэмждэг тулдаа энэ бүхнийг зохицуулж байна.
-Баярлалаа. Шинэ улиралд нь амжилт хүсье.

