Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жаргалан: Эрх баригчдад өөрчлөлт шинэчлэл хийх зүрх зориг байхгүй. Эрх чөлөөгөө хамгаалах үүрэг гагцхүү Ардчилсан намд бий

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 36 секунд

Ардчилсан намаас Конрад-Аденауэр сантай хамтран “Олон улсын ардчиллын өдөр”-ийг тохиолдуулан ардчиллын үнэт зүйлсийг бататгах, бэхжүүлэх, Монголын ардчиллын 35 жилийн олон амжилтаа цэгнэж, ирээдүйн зорилгоо хэлэлцэхээр өнөөдөр /2025.09.14/ Их Монгол Улсын голомт Хэнтий аймагт чуулж байна.

Тус арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан мэндчилгээ дэвшүүллээ. Тодруулбал,

"Их эзэн Чингис хааны өлгий нутгийн эзэд, зүүн бүсийн гурван аймгийн Ардчилсан намынхан, хатан зоригт ардчилагчид та нартаа Олон улсын ардчиллын өдрийн мэнд хүргэе!

Ардчиллын үнэт зүйлс бол хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс юм. Тийм ч учраас НҮБ-аас жил бүрийн 09.15-ныг Олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Ардчилал, эрх чөлөө, хүний эрх, чөлөөт худалдаа зэргийг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс болгон төлөвшүүлэхэд Их эзэн Чингис хаан, Их Монгол улсын оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их билээ. Монголчуудын хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан үзэл санааны өв уламжлалыг ардчиллынхан та бид хамгаалан түүчээлэх үүрэгтэй, ийм түүхэн хариуцлагатай юм. Энэ үйл хэргийг тэртээ 35 жилийн өмнө ардчилсан хувьсгал дахин тамгалж, ардчилсан Үндсэн хуулиараа баталгаажуулсан билээ. Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

Хатан зоригт ардчилагчид аа,

Их хатдын өлгий нутагтаа ирснийх Ардчиллын эмэгтэйчүүдээ магтан дуулмаар байна. Өнөөдөр УИХ-д Ардчилсан нам 42 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэр дунд ардчиллын 10 эмэгтэй сонгогдон ажиллаж байна. Бид иргэдийнхээ дуу хоолойг эрх баригчдад хүргэхийн тулд, ардчиллын үнэт зүйлсээ хамгаалахын тулд өдөр бүр хичээн ажиллаж байгаа, өдөр бүр тэмцэж байгаа.

Ардчиллын эмэгтэйчүүд анхан дунд шатандаа ч мөн адил ард түмэнтэйгээ хамгийн ойр дотно харилцаж, ардчиллын үнэт зүйлсээ түгээн дэлгэрүүлж, эх орныхоо төлөө хүчин зүтгэх үүрэг хариуцлага хүлээж байдаг.

Зүүн бүсэд манай нам давхар ялалт байгуулан Хэнтий аймаг, Сүхбаатар аймагт засаглаж байна. Мөн Дорнод аймгийн Чойбалсан хот ардчилсан засагтай. Энэ амжилтад манай намын эмэгтэй гишүүдийн хүч их байсан. Баяр хүргэе, та нартаа.

Зүүн бүсийн гурван аймгийн СИТХ-д 148 эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Үүнд Хэнтий аймгаас 64 төлөөлөгч, Сүхбаатар аймгаас 50 төлөөлөгч, Дорнод аймгаас 34 төлөөлөгч сонгогдсон. Өнөөдөр Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор Б.Өнөрцолмон дарга ажиллаж байна. Өмнө жил Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогчоор Г.Мөнхзаяа дарга ажиллаж байлаа. Дорнодын эмэгтэйчүүд маань шат шатандаа эх орныхоо хөгжлийн төлөө хүчин зүтгэж байгаа. Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, эмэгтэйчүүдийнхээ ур чадварыг дайчилж байгаа намын дарга нартаа баярлалаа. Та бүхний хичээл зүтгэлээс дараа дараагийн амжилт бүтээл шалтгаалах юм шүү.

Би УИХ-д сонгогдоод жил гаруй болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын эрх ашиг, тусгаар тогтнол, ирээдүйг хамгаалахад Ардчилсан нам ямар их үүрэг хариуцлага хүлээдэг вэ гэдгийг өдөр бүр мэдэрч байна. Бид энэ хариуцлагыг иргэдийнхээ өмнө, ирээдүй хойч үеийнхээ өмнө төдийгүй олон улсын өмнө хүлээж байна. Тиймээс бид ардчиллаа хамгаалан бэхжүүлэх, эх орноо хөгжүүлэх үүрэг хариуцлагаа нэр төртэйгөөр хүлээж, энэ ачаагаа зоригтойгоор үүрэх ёстойг өдөр бүр ухамсарлаж байна. Эрх баригчдад өөрчлөлт шинэчлэл хийх зүрх зориг, итгэл үнэмшил байхгүй ээ. Эрх чөлөөгөө хамгаалах үүрэг гагцхүү Ардчилсан намд бий.

Эрх чөлөөний эргэлтийн цагийн эзэд нь та бид билээ. Ардчилсан намын дарга Одонгийн Цогтгэрэлийн хэлсэнчлэн, давхар дараалсан ялалтын төлөө хамтдаа зүтгэе" гэлээ.

Д.Амарбаясгалан: Намын даргад өрсөлдөх шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна
Д.Амарбаясгалан: Намын даргад өрсөлдөх шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна
 
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.