
Энэ оны нэгдүгээр сарын 11-нд Сүхбаатарын талбайд "Засгийн газар огцор" жагсаал болсон. Уг жагсаалыг Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис санхүүжүүлж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж, түүний мэдэгдлийн дараахан тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тушаал гаргаж, Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Харин шүүх өнгөрөгч 7 хоногт эл хэргийг хэлэлцээд Р.Чингисийг ажлаас болон төрийн албанаас чөлөөлсөн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн тушаалууд хууль бус гэж дүгнэн хүчингүй болгож, Дотоодын цэргийн штабын даргын албан тушаалд буцаан томилохыг сайдад нь даалгаж шийдвэрлээд байна.
Тэгвэл "Лхагвын Тойм" нэвтрүүлгийн 2024 оны 01 сарын 15-ны дугаарт О.Алтангэрэл оролцохдоо Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргаас чөлөөлсөн хариуцлагыг өөрийн биеэр хүлээнэ хэмээн ярьж байжээ. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн. Ингэхдээ хууль бус үйл ажиллагаа явуулсан, эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой зүйл мэдэгдэж байгаа. Ерөнхий сайдыг мэдээллээр хангадаг хэд хэдэн субьект бий. Үүнээс мэдээлэл авсан байна гэж ойлгосон. Тийм буруутгалд өртсөн хүн ажлаа хийгээд явах бололцоогүй.
Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг бол гүйцэтгэх засаглалын тэргүүн. Кабинетдээ хэнийг байлгах эсэхээ сонгоод үйл ажиллагаагаа явуулж байгаа хүн. Р.Чингис генералын гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтооно. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайд маш ноцтой мэдэгдэл хийсэн тул чөлөөлж шалгахаас өөр аргагүй. Шалгаж байгаа. Гэхдээ гэм буруутайг шүүх тогтооно. Шүүхээс энэ гэм буруугүй нь тогтоогдоод, энэ үйлдэлд холбогдолгүй гэж үзвэл чөлөөлсөн хариуцлагыг О.Алтангэрэл миний бие" гэж байжээ.