Зодооны хэрэгт холбогдсон ч Монгол Улсын хилээр гарч явсан "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан энэ сарын 27-нд ирнэ гэж хуулийнханд мэдэгдсэн байдаг.
Тэрбээр энэ сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд буруутгагдаад буй. Түүнтэй хамт бусдыг зодсон гэх “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл нарт шүүхээс хилийн хориг тогтоож цахим гав зүүлгээд байгаа юм.
Мөн тэднээс мансууруулах бодис илэрсэн болохыг ч шүүхийн тоймдоо тусгасан буй. Тэгвэл хилээр гарч явсан Б.Амарсайханы тухайд энэ олон хоногийн дараа Монголд ирэхэд мансууруулах бодис нь илрэх үү, хэргээс зугтлаа гэх мэдээлэл цахим орчинд хөвөрч байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хүний биед ямар бодисоос хамаарч дээд тал нь 30 хоног хүртэл хугацаанд хадгалагддаг. Тухайн этгээдийг ирэхэд нь шээснээс болон цус үсээр шинжилгээ авна" гэсэн юм.